сонин mn
Нийгмийн оюун санааны ертөнц бидэнд урам зориг, зүг чиг, итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэлийг өгөх учиртай үзэл санаа, мэдлэг мэдээлэл, ойлголт ухагдахуунаар нэн их дутаж, эсрэгээрхий хоосон, утга учиргүй хийрхлээр хахжээ.
 
Найман настнаасаа эхлээд наян настан хүртэлх бүх насны монгол хүнд бусдыг буруутгадаг сэтгэлгээ хандлага хэвшин тогтсон. Зөв буруу, сайн муугийн нэгдэл ертөнц хорвоод үргэлжид өөрийн зөв, мөнхөд бусдын буруу байх боломжгүй атал ийм үзэгдэл зөвхөн бидний оршихуйд л элбэг арвин орших юм.
 
Энэ хандлага ертөнцийн суурь зүй тогтолд харшлаад байна. Харшилж буй нөхцөлд зүй бусын буруу хандлага гэж үзнэ. Зүй бус зүйл араасаа зүй бусын үзэгдлийг дагуулах нь жам юм. Бидэнд хэвшин тогтсон ойлголтоор бол өвдөж зовох, асуудал бэрхшээл тулгарах, зовж зүдрэх, амьдралдааалдаж эндэх, азгүйтэж бүтэлгүйтэх, осол аваарт орох, улмаар хазгай гишгэх, халтирч унахад хүртэл өөрөөс бусад хүмүүс, өөр бусад зүйлс буруутай. Архины хамааралтай болбол архи, архины үйлдвэрүүд буруутай, ядуу зүдүү амьдралд төр засаг буруутай, монгол хүн гадаад оронд хулгай зэлгий хийхэд төр засаг, хазгай гишгиж халтирч унавал УИХ –н гишүүд буруутай гэдэгт итгэх. Учир зүйгээр задлавал, энэ буруутгал хүн өөрөө бурууг үйлддэггүй, гэм зэмгүй, сайхан хүн харин бусад хүмүүс бол түүнийг хорлож байдаг, хулгай хийлгүүлдэг, ядуу амьдруулдаг, архинд оруулдаг муу хүмүүс гэсэн санааг илэрхийлжээ.
 
Бусдыг буруутгасан тохиолдлуудын цаана бусдыг машид муухайгаар бодож, үндэслэлгүй гүтгэсэн гүжирдлэгэ, хурц үзэн ядсан сэтгэл, арчаагүй хөгийн зан энэ мэт тун олиггүй аяс, шинж, зан төрх нуугдаж байна. Зүй бусын энэ хандлагаар дамжин хүний өөрийнхөө дотор буй олиггүй, арчаагүй, хөгийн зан чанаруудыг гадагш цацаж, дотоод ертөнцөө бусдад харуулж, өөрийгөө илчилж байгаа болно. 
 
Бусдыг буруутгах тохиолдол хийгээд хэн нэгэнд бурууг нь хэлэх гэдэг, буруутгах гэдэг зүй ёсны үйлдэл юм. Гэхдээ бусдыг буруутгахад үндэслэл, шалтгаан нөхцөл, учир байдал, бодит шалтгаан хэрэгтэй. Харин буруугүй нөхцөлд буруутгах, нөхцөл болзолгүй, үндэслэлгүй буруутгах гэдэг хий хоосон буруутгаж буй үйлдэл бөгөөд буруутган хийрххүй үйлдэл. Нэг нь шалтгаан нөхцөлтэй бол нөгөөх нь үндэслэлгүй хоосон. Буруутгах хийгээд хий буруутган хийрххүйн хоорондох зааг ялгаа энэ. Бусдыг буруутгах замаар бид гэр бүл, хайртай хүмүүс, хамаатан садан, таних ба танихгүй хүмүүсийг хэмлэж хигж байна, иш үндэсгүй хоосноор гүтгэж гүжирдэж байна, өршөөл энэрэлгүйгээр шүүж байна, дур зоргоороо буруутгаж байна, хайр найргүй хандаж байна. Гаднаа буруутгаж буй харагдавч агуулга талаасаа бол гүтгэж гүжирдэж, химлэж, шүүж буй санаа, үйлдэл.Хий хоосон буруутгал нь хэтэрч дэндсэний шинж болно. 
 
Бусдыг буруутгасан хийрхлүүдээс хамгийн түгээмэл тохиолдуудыгшинж тэмдэг хийгээд учир шалтгаантай нь бичив. Ажиглаж анзаарч байхад биднээс бусдыг буруутгасан аяс, санаа, шинж үргэлжид цухалзана, яаж ийгээд буруутгахаар санаархана, буруутгахын төлөө бодит байдал, үнэнийг мушгин гуйвуулна, үндэсгүйгээр гүтгэж гүжирдэнэ, ямар нэгэн аргаар бусдыг буруутай хэмээн харуулах гэж оролддог явдал түгээмэл.Энэ шинж тэмдэг биднийг бусдыг буруутгах хүсэл сонирхолтой болж, яаж ийгээд шалтаг олоод буруутгах гээд байх болж,таних ба танихгүй эс хамааран буруутгахын төлөө улайрдаг болж гэдгийн тусгал юм. Улуурч улайрах гэдэг тухайн зүйлд эрүүл саруул ухаанаа алдталаа шунан дурласаны шинж учир гаж буруу таашаалыг илэрхийлдэг.Амьдрал дээрх хэлбэржил нь хэн нэгний ажил төрөл, бизнес, үйл ажиллагаа бүтэлгүйтсэн тохиолдолд бах тав нь ханаж, сэтгэл баясдаг, аз жаргалтай болдог, таашааж тайвширдаг байдал. Гаж буруу таашаал бөгөөд энэ мэдрэмж төрөх нь таашаал ханамж гажуудсаны шинж тэмдэг. Ийм тохиолдолд өмнөөс нь санаа зовж, сэтгэл өвдөж, царай барайж, дотор хөндүүрлэх мэдрэмж төрнө.Жам ёсны эрүүл саруул, зөв мэдрэмж нь энэ.
 
Зүй бус явдлын цаана мөн л зүй бус зүйл нуугдаж байгаа ба тэр нь хэт туйлширсан өөрийгөө өмгөөлөх сэтгэл болно. Энэ зөн мэдрэмжийн дотоод сэтгэл дэх хэт идэвхжил нь гадна талд, амьдралд бусдыг буруутгасан хийрхэл болон илэрчээ. Өөрийгөө өмгөөлж хамгаалах хийгээд бусдыг буруутгах зөн мэдрэмж хоорондоо дараах байдлаар харилцан хамаарч, уялддаг.
 
Дотоод сэтгэлд өөрийгөө өмгөөлөх зөн мэдрэмж үйл ажиллагаа нь хэт идэвхжсэн тохиолдолд амьдрал дээр бусдыг буруутгах тохиолдол олшрох гэсэн хамааралт зүй тогтолтой. Зарим хүн өөрийн тухай муу зүйл сонсож чадахгүй, буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрөөсөө зайцуулж өөр нэгэн рүү чихэж, буруутахгүйн төлөө булзаж мэлздэг ньөөрийгөө өмгөөлж хамгаалах сэтгэл шинж хэт идэвхжсэний шинж юм. Өөрийгөө буруутгаж зүрхлэхгүй хүн өөрийн бурууд бусдыг буруутгаад эхэлдэг. Бусдыг буруутгаж хийрххүйн эхний шалтгаанэнэ. Хэтэрч дэндвэл өөрийгөө өмгөөлөх хийгээд бусдыг буруутгах зөн гэдэг утгаа алдаж, арчаагүй, хөгийн, олиггүй шинж, аяс, байдалтай болж өөрчлөгддөг жамтай. Байгалиас хүмүн бидэнд өөрийгөө өмөөрч өмөөлөх хийгээд бусдыг буруутгах төрөлх зөн \ инстинкт \ заяагдсан. Өөрийгөө өмгөөлөх хийгээд бусдыг буруутгах төрөлх зөн маань өөрийгөө хамгаалах үүргээр өгөгдсөн, ухамсаргүй хэв шинжтэй, автомат үйл ажиллагаа бөгөөд байгалиас заяасан шинж, байдлаараа харанхуй, харалган, ухамсаргүй шинжтэй.
 
Өөрийгөө үг сүггүй өмөөрнө, нус нулимсаа цувуулж өрөвдөм царай гаргаж уйлж унжина, тэгснээ даруй өөрчлөгдөж чанга чангаар орилж хашгирна, өмөөрүүлж өмгөөлүүлэх гэж оролдоно, намайг гоочиллоо, адлалаа гадуурхлаа гэхчлэн гомдоллоно, бусдын өрөвч сэтгэлийг хөдөлгөж өрөвдүүлж хөөрхийлүүлэх гэж оролдоно энэ мэтээр жүжиг тавина. Сүржин сүртэйгээр өөрийгөө өмгөөлөх байдлаас нь буруугүй гэж үнэмшмээр. Өөрийгөө л өмгөөлөхийг олон янз байдлаар оролдох энэ сэтгэлгээ, хандлага өөрийн бурууг ухаарах, бусдын зөвийг тогтоох, бусдын буруу хийгээд зөвийг ялгахгүй, өөрийн зөв хийгээд бурууг хооронд нь агуулга, утга санаа, утга учир, аяс, шинжээр нь ялган таньж, буруу ба зөвийг тогтоох чадваргүй байдаг. Амьдрал дээрх жишээ нь энэ. Өөрийн хүүхэд бол буруу явдлыг нь ч өмөөрч, хүний хүүхэд бол зөв байсан ч буруутгах, хүүхдийнхээ бурууд айлын хүүхдийг буруутгадаг, мөн өөрийн намын гишүүн бол буруу явдлыг нь өмгөөлж хамгаалж утгагүй тэнэг тайлбар өгөх, өөр намынх бол зөвийг нь ч үгүйсгэдэг гутам зан, архи уусан, эхнэрээ зодсон хүүгээ өмөөрч, чамаас болоод хүү архи уув, өөрийн буруугаас болж зодуулав хэмээн бэрээ буруутгах.
 
Товчдоо бол өөрийнх бол өмөөрнө, айлынх бол буруутгах. Өөрийн ба бусдын бурууг ялгаж салгах оюун сэтгэлгээний чадваргүй байдал, ухамсаргүй хэв шинж энэ шүү дээ. Ийм хүмүүс манай улсад нийтлэг.  Зөв ба бурууг явдлаа ялгаж салгахгүй байна гэдэг бидний оюун санаа, сэтгэлгээ бага балчир насандаа гацаж саатсаны шинж юм.
 
Хоёр настай хүүхдүүд нас сэтгэхүйн онцлогоосоо болоод буруу ба зөвийг ялгадаггүй. Аягаа хагалсан хүүхдээс аяга хагалсэн эзнийг асуухад хажуудах хүүхдээ, бүр тэжээвэр амьтнаа, ширээг хүртэл заадаг. Энэ нь буруутгаж байгаа үйлдэл биш эсрэгээр өөрийн бурууг ойлгохгүй, ухаарахгүй байгаагийн шинж байдаг. Бие бялдар өсөж томордог жишгээр оюун санаа, ухамсар ч гэсэн өсөж бойжиж, нас биед хүрэх учиртай байдаг. Гэвч харамсалтай нь, дийлэнх иргэдийн хувьд оюун санаа нь өсөлтгүй болж, бага балчир үедээ үлджээ. Учир зүйн хувьд нөхцөл байдалтайгаа утгын хувьд авцалдахгүй зүйл ярьж, үйлдэхийг тэнэглэлд тооцдог. Дашрамд дуулгахад, оюун санааны хоосролын дагуулсан нэг үр дагавар нь тэнэгрэл бөгөөд монголчууд бид нас хүйс, албан тушаал, хөрөнгө мөнгө, хот хөдөөг үл ялган тэнэгрэл гэх оюун сэтгэлгээний эмгэгт нэрвэгдсэн. Нийтийг хамарсан энэ эмгэгээс ангид үлдсэн хүмүүс бас байгаа. Зөв ба буруугийн алин болохыг ялгаж салгах оюун сэтгэлгээний чадваргүй байдал бол тэнэгрэлийн нэг шинж.
 
Бусдыг буруутгах хийрхэл биднийг ухамсаргүй харалган зөнгөөрөө улс нийгмээ харж, хандаж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг болсон гэдгийн шинж тэмдэг, мэдээлэл юм. Нийгмийн харилцаа, улс төрийн орчин, төрийн алба, бизнесийн үйл ажиллагаа бүхий л зүйлд ухамсаргүй хандах юм бид.
 
Байгалийн зөн нийгмийн орчин нөхцөл, амьдралд зохицож нийцэхгүй буйгаас тэнэгрэлээс эхлээд үй олон зөрчил үүсч, улс оронд, нийгмийн харилцаанд, гэр бүлийн амьдралд, хосын харилцаанд бэрхшээл учирч байна.Өөрийгөө өмгөөлөх хийгээд бусдыг буруутгах төрөлх зөнг амьтны ертөнц, төрөл зүйл эс хамааран амьтад, шувууд ухамсаргүй харалган шинжээр нь хэрэглэдэг бол хүмүн бид ухамсарт хэв шинжтэй хэрэглэх учиртай юм. Байгалиас заяасан ухамсаргүй шинж, төрөлх өгөгдлөөр нь нийгмийн амьдралд хэрэглэх гэдэг хүмүн өөрөө оюун сэтгэлгээний хувьд амьтныхаа төрх төлөвт унасан гэдгийн шинж тэмдэг болно. Өөрийн хийгээд өрөөл бусдын буруу зөвийг ялгаж салгах, ухамсарлах, таних, тунгаах,ойлгоход хүмүнд ухамсар хэрэгтэй. Гэвч, бодит байдалд бидний оюун санааны ертөнц өсөж хөгжиж, ухамсар бүрэлдэн тогтоогүй байгаа. Ухамсар тогтоогүй энэ шалтгаанаар ухамсаргүй, байгаллаг, төрөлх зөнгөөрөө улс нийгмийн харилцаанд хандаж байна. Бусдыг буруутган хийрхдэг сэтгэлгээ, хандлагын цаана энэ учир оршиж байна.
 
(Үргэлжлэл бий)
 
Ч.Туяа