sonin.mn
Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өвлөж, XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулсан нэрт лимбэчин, Гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, М.Дорж нар энэ хөгжмийн хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл алдарт лимбэчидийн халааг өвлөж,  “Уран эгшиг” улсын наадамд хоёр жил дараалан түрүүлсэн Б.Тэнгэр хүүг “Зууны мэдээ” сонин “Хөгжим, хэмнэл” буландаа онцоллоо. Тэрбээр хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, аз жаргал, амар амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлдэг авьяаслаг нэгэн юм.
 
Морин хуур, үлээвэр хөгжимтэй хорших лимбэ
 
Б.Тэнгэр хүү анх Хөвсгөл аймгаас Орхон аймагт шилжиж ирээд н.Пүрэвсүрэн багшаар ноот заалгаж, амандаа лимбэ хүргэж байжээ. Тэр үеэс лимбэ хөгжмийг сурахын төлөө  уйгагүй хөдөлмөрлөсөн аж.
 
Тавдугаар ангиасаа хөгжмийн гайхамшгийг мэдэрсэн бяцхан хүүд лимбэнээс гарах аялгуу нь дэндүү уянгалаг, сэтгэл татам санагдсан тухайгаа ярьж байсан юм. Б.Тэнгэр лимбэнээс гадна морин хуур, үлээвэр хөгжим тоглодог аж.
 
Үүнээс лимбэ хөгжмийг голчилж тоглодог нь  техникийн хувьд хөгжимчнөөс ур чадвар, мэдрэмж, тэвчээр шаарддагтай холбоотой ажээ. Учир нь энэхүү хөгжмийн зэмсэг нь битүү амьсгааны урлаг учир лимбэ үлээх явцад амьсгалаа нарийн зохицуулах хэрэгтэй байдаг гэнэ. Ялангуяа монгол лимбэний дэлхийд ялгарах гол ондоошил нь энэхүү битүү амьсгаагаар тоглох арга билээ. Үүнийг сурахын төлөө хөдөлмөрлөж, хичээллэж яваа Б.Тэргэл улсын шилдэг лимбэчин болох мөрөөдөлтэй гэсэн. 
 
Лимбэ хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой
 
Б.Тэргэл уран бүтээлээсээ “Адуучны бодол” хэмээх аялгууг тоглох дуртай юм байна. Энэ тухайгаа  “Монгол хүний сэтгэлд төрсөн нутаг, аргамаг хүлэг хоёр үргэлж уяатай байдаг. Тиймээс нутгийнхаа сайхныг хөгжмөөрөө дүрсэлж  гаргахыг хичээдэг. Хүмүүс нүдээ аниад энэ бүтээлийг сонсоход нутаг нь дүрслэгддэг болов уу. Алс хол амьдарч байгаа болон нутгаа хайрладаг хүмүүсийн сонсох дуртай хөгжмийн нэг болоосой гэж хүсдэг” гэж байв. Түүний гол баримталдаг зарчим нь тоглож буй бүтээлээ хүний сэтгэл зүрхэнд хүргэж, үзэгчдэд лимбэ хөгжмийн гайхамшигт шидийг мэдрүүлэх гэсэн юм. Б.Тэргэл “Хөгжим хүнээс хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Мөн тоглож байгаа зохиол дээрээ сайн ажиллаж, алдаагүй тоглох нь чухал. Тиймээс багшийнхаа, аав ээжийнхээ итгэлийг алдахгүйн төлөө лимбэ хөгжмөөр олон сайхан бүтээл гаргаж, түгээн дэлгэрүүлэн сурталчлах мөрөөдөлтэй гэж байв.
 
 
Д.ДАРАМБАЗАР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин