sonin.mn
Нийгмийн оюун санааны ертөнц, сошиал орчин дахь бусдыг буруутгасан хийрхлүүд нь хэлбэр талаасаа буруутгал харагдавч агуулга талаасаа бусдыг нөхцөл шалтгаангүй, иш үндэсгүй хий хоосноос гүжирдсэн шинж, аяс, санаа бүхий утгагүй гүтгэлэг байдаг шүү.
 
Сошиал орчинд хэннэгнийг, аль нэг салбарыг буруутгасан бичлэг цацагдаж, бичвэр түгэх бүрд иргэд уурсаж, хохирогчийг өмөөрч, буруутай хүнийг үзэн ядаж, хараан зүхэж, дайрч давшилдаг байдал уг нь бол хохирогчийг өмгөөлж, буруутныг эсэргүүцэж буй хэрэг юм.
 
Энэхүү эсэргүүцэл бурууг эсэргүүцэж буй мэт харагдавч, бодит байдалд бурууг буюу гүтгэгчийг дэмжиж, зөвийг буюу ажил төрөл, албан үүрэгтээ хариуцлагатай хандсан хүмүүсээ эсэргүүцсэн урвуу үйлдэл байдаг юм билээ. Зүй нь бол эсрэг байх учиртай даа. Бусдыг үндэсгүй гүтгэсэн хүнийг өмөөрч хамгаалаад байх хүн байхгүй нь мэдээж. Гэвч бодит байдалд иргэд гүтгэгчид итгэж, түүнийг өмөөрч, хамгаалж байдгийн учир юусан билээ. Тэдгээр бичлэг, бичвэрүүд нь болсон явдлыг бодит үнэнээр нь мэдээлэхгүй, нөхцөл байдлыг санаатай ба санамсаргүй мушгин гуйвуулсан байдаг юм билээ. Энэ шаллтгаанаар тэдгээр бичлэгүүд гүтгэлэг гүжирдлэгэ гэж бус эсрэгээрээ буюу туйлын үнэнийг хэлсэн мэт, буруу бусармаг явдлыг илчилсэн мэт, тухайн салбарт бугшсан асуудлыг дэлгэсэн мэт харагдана. Иргэд маань бичлэг хийгчийг хохирогч гэж харах бөгөөд бусдаас хүнлэг сэтгэл, ажил үүрэг хийгээд ёс зүйн хариуцлага, үнэн байдал, шударга ёсыг шаардсан, үнэний төлөө яваа нэгэн, хэн нэгний хариуцлагагүй явдлын гайгаар хохирч хэлмэгдсэн хүн гэж харагдана. Энэ байдал, хэлбэр дүрд иргэд хууртдаг. Энэ хэлбэр, дүрийг үнэн ярьсанд итгэж,өмгөөлж хаацайлаад байна. Энэ үзэгдлийн жинхэнэ үнэн мөнийг хэлбэр нь, дүр нь нуун далдалж, харин агуулга нь илчилж байдаг. Энэ үзэгдэл хэлбэр дүрс, гадаад талаасаа хохирогч гэж харагдах бол агуулга тал нь гүтгэлэг гүжирдлэгэ юм.
 
Гадна тал, хэлбэр, дүр төрх хийгээд дотоод тал, агуулга хоорондоо тэс өөр байдалтай ийм үзэгдлүүд худал хуурмаг, хий хоосон, иш үндэсгүй гүтгэлэг гүжирдлэгэ байдаг шүү. Ийм үзэгдлүүд хэлбэр, дүр төрхийнхөө цаана бодит үнэн, жинхэнэ дүр төрхөө нуусан байдаг энэ шалтгаанаар эс танигддаг. Мөнхүү бас бодит үнэнийг танихад монголчууд бидний зөвхөн гадаад тал, харагдах байдал, хэлбэр, дүрс, өнгө зүсэнд анхаардаг өнгөц хандлага, оюун сэтгэлгээний харалган байдал саад болов. 
 
Гүтгэлэг атлаа гүтгэлэг гэж эс харагдах эсрэгээр бусад хүмүүс буруутай гэж харагдаад байдгийн учир юунд байна вэ? Бичлэг хийгч хүмүүст болсон явдлын тухай зөвхөн ганц талтай, өрөөсгөл мэдээлэл өгдөг бөгөөд хүмүүсийн буруугаас, тэдний хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж асуудал үүссэн, зовж зүдэрсэн, хохирсон,өрөвдөм, хөөрхийлөлт, хүнд хэцүү байдалд орсон байдаг тухай мэдээлнэ. Энэ өрөөсгөл байдлаас иргэд маань тэр хүн, тухайн салбар, албан газар буруутай гэсэн ойлголт авч эсрэгээр тухайн хүнийг өчүүхэн ч буруугүй, гэм зэмгүйнэгэн, хүмүүс ажил албандаа хариуцлагагүй хандсаны гайгаар хохирч хэлмэгдсэн хүн, буруугүй хохирогч гэдэгт итгэнэ. Өө сэвгүй, ноцтой ийм мэдээлэлд олон нийт итгэх нь аргагүй. Иш үндэсгүй гүтгэлгүүд бол “Хувь хүний үүрэг хариуцлага”-н дутмагшил юм билээ. Энэхүү үнэт зүйлийн дутмаг байдал энэхүү тун хачин, гаж үзэгдлийг нийгмийн амьдралд төрүүлээд байгаа болно. Бусдыг буруутгасан хийрхлүүдийн цаана энэ үнэт зүйл, ойлголт ухагдахуун, суурь зарчим, мэдээллийн дутмагшил оршиж байдаг байх нээ. Үнэнийг тодруулбал, иймэрхүү гүтгэлгийн цаана тухайн хүний өөрийнх нь хариуцлагагүй байдал нуугдаж байдаг. Өөрийн хариуцлагагүй явдал, өөрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ээж, аав ба эхнэр, нөхрийн, эсвэл ажил алба, нийгмийн гишүүнийхээ үүргийг гүйцэтгээгүй, өөрөөс хамаарах зүйлийг хийж гүйцэтгээгүй, өөрөө өөртөө эзэн байж чадаагүй гэх мэт хариуцлагагүй байдал нуугдаж байдаг гэсэн үг. Тухайн хүн өөрт хамаарах агуулга, хувь хүнийхээ үүрэг хариуцлага, өөрийн буруу явдлын тухайд огт мэдээлэл өгөхгүй, энэ тухай ганц боловч үг унагахгүй. Ийм байдлаас иргэдэд зөвхөн хэн нэгэн, аль нэг салбарын хариуцлагагүй байдал л харагдана. Энэ ганц талтай, өрөөсгөл нөхцөл бичлэг хийгчийг гэм буруугүй, хохирогч гэж харагдуулдаг бол эсрэгээр бусад хүмүүс, хэн нэгэн, аль нэг салбарын буруу явдлыг улам чиг томруулчихдаг. Нэг нь гэмгүйсэх тусам нөгөөгиийн гэм буруу тодорч товойж,санаатай хорлох гэсэн дайсан этгээдийн хэмжээнд хүртлээ томордог зүй тогтолтой. 
 
Өөрийгөө буруутгахаас зайлсхийж, бусдыг буруутгах явдлын цаана дараах шалтгаан оршиж байна. Хүмүүс бид оюун санаанд бүрэлдсэн үзэл, итгэл үнэмшил, мэдээлэл, ойлголт ухагдахуунаараа улс нийгмийнхээ үйл явдал, үйл явцыг харж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг учиртай. Тэгвэл “Хувь хүний үүрэг хариуцлага” энэхүү зарчим бүрэлдээгүй, зарчмын тухай ойлголтгүй хүмүүсийн оюун сэтгэлгээ нь өөрийн бурууг олж харах чадваргүй байдаг.
 
Учир нь тэдний оюун сэтгэлгээ нь “ Хувь хүний үүрэг хариуцлага “ –тай холбоотой агуулга, утга санааг танихгүй ба өөрийн амьдралаас ч тэр,үйл ажиллагаанаас ч тэр, үйлдлээс ч тэр өөрт хамаарах үүргүүдийг олж хардаггүй, онож таньдаггүй.Энэ тухай агуулгыг орхиж хардаг гэсэн шалтгаанаар тэд өөрийн бурууг олж хардаггүй юм байна, өөрийн ба бусдын бурууг хооронд нь ялгаж салгадаггүй юм байна, энэ бол миний өөрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдгийг огт ойлгодоггүй юм байна. Оюун сэтгэлгээний энэ байдал өөрийн амьдралын болохгүй бүтэхгүй бүхэнд бусад хүмүүсийг дур зоргоороо, хэм хэмжээгүй буруутгаж хийрхэхэд хүргээд байдаг юмсанж. Энэ үндэсгүй гүтгэлгүүд эзнийхээ оюун санаа, сэтгэлгээний бодит үнэн, төлөв байдал, төвшинг тусган харуулж байна. Оюун сэтгэлгээний энэ харахуй тэгэхээр зүй тогтол талаасаа бол тухайн хүний оюун сэтгэлгээ нь тухайн үзэгдэл, үйл явдлыг зөвхөн нэг талаас нь өрөөсгөл, өнгөц харж буй хэрэг юм. Хагасыг нь харж буй үйлдэл юм энэ. Учир нь тухайн хүний оюун сэтгэлгээ нь “Хувь хүний үүрэг хариуцлага” – тай холбоотой агуулгыг зүйлийг орхиж хараад, үлдээгээд байна, ойлгож танихгүй байна гэсэн үг.Тэгэхээр агуулгыг, өөрт хамаарах хэсгийг, өөрийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг, ийм олон үнэт зүйл, мэдээллийг орхино, хаяж гээнэ гэдэг оюун сэтгэлгээ хагас хугас харж буй хэрэг юм. Уялдаа холбоогоор нь хөөвөл, хагас хугас харахуй маань оюун сэтгэлгээ эвдэрч хэмхэрсэн, эрэмдэг зэрэмдэг буйн шинж тэмдэг.Хүний оюун сэтгэлгээ хагас хугас харах гэдэг нэгд, тухайн нөхцөл байдал хийгээд өөрийн өмнө хүлээх үүрэг хариуцлага энэ хоёрыг хооронд нь учир зүй, утга холбоогоор нь холбож тэнцвэртэй харж чадахгүй байгаагийн, хоёрт, өөрийн хийгээд бусдын үүрэг хариуцлагыг хооронд нь ялгаж зааглахгүй байгаагийн шинж тэмдэг юмсанж. Нийгмийн харилцаанд хий хоосон гүтгэлгүүд зонхилж буйн дотоод шалтгаан энэ. 
 
Учир зүй талаасаа бол өөрийн хариуцлагагүй явдалд бусдыг буруутган, гүжирдэж гүтгэх гэдэг аяндаа л хөгийн муухай зан, утгагүй үйлдэл болно. Өөрийн бурууг олж харахгүй, ухаарч ойлгох оюун сэтгэлгээний чадваргүй хүн бусдын бурууг олж харах, зөв таних чадваргүй гэдэг нь бодит үнэн. Дээрх шинж тэмдгүүдэд үндэслэн иш үндэсгүй, бусдыг буруутгасан утгагүй хоосон гүжир гүтгэлгүүдийг таньдаг больё, хий буруутгаж хийрхсэн хүмүүсийг өмөөрч хамгаалахаа больё. 
 
Одоо бусдыг буруутгах хийрхлийг хянах хязгаарлах үйл явц явагдах учиртай. Буруутган хийрхэхүй бол “Хувь хүний үүрэг хариуцлага” –ын дутмагшлаас үүдэлтэй үзэгдэл болохоор тэр дутмагшлыг нөхөх буюу нийгмийн хийгээд иргэдийнхээ оюун санааны ертөнцөд энэхүү үнэт зүйл, ойлголтыг суулгаж өгөх үйл ажиллагаа болно. Энэхүү ойлголт нь бүх хүнд өөрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байдаг, өөрөөс хамаарах зүйлийг өөрөө хариуцна, өөрийнхөө өмнө, өөрийн амьдрал ахуй, хөрөнгө чинээ, эд зүйлс, эрүүл мэнд, мал ахуй, эдийн засаг, бие махбод, амь нас, үр хүүхдийнхээ өмнө, цаашлаад улс орон, нийгмийн амьдрал, хүмүүсийн өмнө үүрэг хариуцлага хүлээдэг тухай, өөрөө өөртөө эзэн байх хийгээд эзэн болох тухай цогц ухагдахуун болно. Энэ ойлголтыг сэдэвтэйгээ холбож бичвэл, өөрийн үүргийг таньж мэдсэн тохиолдолд хүмүүс өөрийн хийгээд бусдын үүргийг хооронд нь ялгаж салгаж харах тул өөрөөс хамаарах зүйлд, өөрийн хариуцлагагүй явдалд бусдыг буруутгахгүй, иргэд ч мөн хохирогч гэж харж, өмөөрч хаацайлах бус өөрөөс нь хариуцлага нэхэх болно.
 
Чи өөрөө цаг хугацаагаа тулгасан, өөрийн хийх ёстой зүйлээ хийгээгүй, өөрийн амь нас, эрүүл мэндийн төлөө юу ч хийгээгүй юм байна, өөрөөс хамаарах зүйлсэд хариуцлагагүй хандсан гэж үзэж, өөрөөс нь хариуцлага нэхэж, өөртөө эзэн байхыг шаардах болно.
 
Энэ ойлголт хүнд өөрт нь үүрэг хариуцлага үүрүүлэх замаар, хариуцлагагүй явдлыг хязгаарлаад, ийм үзэгдлүүдийг хумиад эхэлнэ, дотоод талаас нь эмхлэн цэгцлэх болно. Аливаа үнэт зүйл, ойлголт ухагдахуун бүх нийтийн оюун санаанд бүрэлдэн тогтвол улс нийгмийг дотоод талаас нь эмхлэн цэгцлэх, буруу бусар явдлыг хянаж хязгаарлах хүчирхэг хүч болж хувирдаг зүй тогтолтой. Энэ шалтгаанаар ардчилсан улс орнуудад иргэдийнх нь оюун санаанд энэхүү үнэт зүйл, ойлголт ухагдахуун бүрэлдэн тогтсон байдаг ба үр дүнд нь улс нийгэм нь эмх цэгцтэй, буруу явдал хяналттай, хүний давруу зан, дур зорго, бэртэгчин хандлага, утгагүй хийрхлүүд хязгаарлагдаж байх. Энэхүү үнэт зүйл, ойлголт нийгмийн ба иргэдийн оюун санаанд хэвшин тогтох цагт бид ч мөн үүрэг хүлээдэг, хариуцлагатай хүмүүс болно. Тэр цаг ирнээ, бидэнд. Ер нь бол “Хувь хүний үүрэг хариуцлага” бол дэлхий даяар хэвшин тогтсон ойлголт, оршихуй амьдралын суурь зарчмуудын нэг нь. Хорвоо ертөнцөд ан амьтан, ургамал ногоо, ус шороо хүртэл өөрийн хийгээд бусдын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Үүрэггүй зүйл энэ ертөнцөд оршдоггүй, орших ч боломжгүй юм билээ. 
 
 
 
Ч.ТУЯА