sonin.mn

 

Эрүүл, зөв хооллох загвар 1960- аад оны сүүлээр барууны орнуудад анх дэлгэрчээ. Тухайн үед “healthy & wellness”/эрүүл, зөв бүтээгдэхүүнийг ийн тодотгодог/ ангиллын хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглээнд нэвтэрч өөртөө анхаардаг, соёлч боловсон хүн бүрийн сонголт болж чадсан байна.
 
 
Дээрх ангилалд хамааралтай “healthy & wellness”гэсэн тэмдэгтэй бүтээгдэхүүнүүд давс, сахар, тосны агууламж багатай гэсэн утга илэрхийлдэг. Тус брэндийн хүнсний ногоо болон жимс нь химийн ямар ч төрлийн бодисгүйгээр тарьж ургуулсан, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай байв. 
 
 
“Өдөрт нэг алим идсэнээр эмч үү хүрэх замыг мартана” 
 
Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь тэнцвэртэй зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршлаас татгалзах чадвар, ертөнцийг эерэг, эрч хүч дүүрэн сэтгэлээр харах цогц дэглэм юм.
 
 
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүхэн заавал эмч болон хүнс тэжээл судлаачид хандан зөвлөгөө авч, зөв хооллолтын талаар төрөл бүрийн ном цуглуулан толгойгоо “гашилган”, олон салаа замын алийг сонгохоо мэдэхгүй төөрөлдөх шаардлагагүй.
 
 
Харин түүний оронд орчин үеийн шилдэг мэргэжилтнүүдийн гаргасан хэдхэн дүрмийн дагуух эрүүл, зөв хүнсээр хооллож, мөн ойр дотны хүмүүсээ ийн хэвшүүлэх нь зүйтэй.
 
 
“Өдөр бүр алим ид” гэсэн англи зүйр үг нь “Өдөрт багаар бодоход нэг алим идсэнээр эмч рүү хүрэх замыг мартана” гэсэнтэй агаар нэг. Зөв хооллолтын хамгийн энгийн, үндсэн зарчим бол идэж буй хүнсний бүтээгдэхүүнээ аль болох амин дэмээр баяжуулах.
 
 
Улирлын чанартай гардаг хүнсний ногоо, жимсийг тухай бүрт нь шинээр хэрэглэж хэвшээрэй. Ингэснээр хаврын улиралд бараг хүн бүрт илэрдэг аминдэмийн дутагдал, архаг ядаргаанаас ангижирч чадна.
 
 
Мөн амьтны гаралтай тосны хэрэглээгээ багасгаж, ургамлын тосыг түлхүү хэрэглэвэл зохистой. Давс,сахарын хэрэглээг ч аажмаар багасгах нь зүйтэй. Чихрийн төрлийн амттанг зөгийн бал, хатаасан жимсээр, харин давсыг хоол амтлагчуудаар орлуулахыг хичээгээрэй.
 
 
Эрүүл, зөв хооллолтын хамгийн гол дүрмүүд 
 
1. Амьтны гаралтай тосны хэрэглээг багасгаж, халах 
 
2. Омега 
 
3 /улаан загас, ургамлын тос, самар зэрэгт ихээр агуулагддаг/ мэтийн тосны хүчлээр баялаг хүнсийг түлхүү хэрэглэх 3. Уураг агуулсан бүтээгдэхүүн /амуу тариа, ногоо, жимс, хатаасан жимс/ хэрэглэж байх 
 
4. Ямар ч хоол хүнсийг зөвхөн шинээр бэлтгэсэн үед нь л зооглох 
 
5. Цөцгийн тосонд ямар нэг зүйл шарж, хэрэглэхгүй байх, маргариныг хэрэглээнээс бүрмөсөн хасах 
 
6. Хэт их давстай хоолноос татгалзах 
 
7. Дан сүүний оронд сүүн хүчлийн тараг, йогурт, аарц зэргийг хэрэглэх 
 
8. Мах болон загас, шувууг шинээр нь төрөл бүрийн ногоотой хольж хэрэглэж хэвших 
 
9. Шинэ ногоо юмуу жимсний салатыг өдөр бүр хоолны цэсэндээ оруулах шаардлагатай аж.
 
Эдгээр дүрмийг баримталж хэвшихийн сацуу хуурч шарсан хоол, шорвог зүйлс, сахар, лаазалж, савласан бэлэн бүтээгдэхүүнээс алхам алхмаар татгалзаж хэвших нь зүйтэй ажээ.
 
 
Мэдээжийн хэрэг, “хорт” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдээс бүрмөсөн татгалзахад сэтгэл зүйн болон цаг хугацааны бэлтгэл шаардагдах нь тодорхой. Гэхдээ сэтгэл санаа унасан үед зүсэм бялуу, багахан шоколад идэж “настр” нэмдэг бол санаа зовох зүйлгүй.
 
 
Стресс нь бяцхан амттанаас харьцангуй аюултай тул зайлсхийж болох бүх аргаа ашиглан стрессдэхгүй байх нь чухал. Стрессгүй амьдрал эрүүл амьдралыг үүсгэгч чухал дүрэм гэдгийг мартаж болохгүй.
 
 
Мөн бидний нэрлэж заншсан кааш буюу хүүхдийн будаа, төрөл бүрийн агшаамлыг өдөр бүр хэрэглэхийг хичээгээрэй. Амуу тарианд уураг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, эрдэс бодис, мэдрэлийн системийг дэмжигч В төрлийн аминдэмүүдээр хангадаг. Байнгын стресстэй байдаг нөхцөлд каша нь хамгийн сайн тайвшруулагч хүнс болдог.
 
 
Эх сурвалж: "Багш" сонин