sonin.mn

Улсын драмын эрдмийн театрын сайхан бүсгүйчүудийн нэг, залуу жүжигчин Н.Баярмаатай ярилцлаа. Түүний гол дүрийг нь бүтээсэн “Сүүлчийн шөнө" хэмээх шинэхэн дэлгэцийн уран бүтээл маргааш нээлтээ хийх гэж байгаа юм.

-Жүжигчин Баярмаа тэр болгон олны өмнө ил гарч, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч бага бичигдэх юм. Ер нь уншигчид таны талаар мэдээлэл багатай байдаг байх. Тэгэхээр ярилцлагаа таны төрсөн, өссөн нутаг, гэр бүлийн тухай асуултаар эхэлье?

-Би гурван хүүхэдтэй айлын дундах хүүхэд. Дээрээ нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй. Аавынхаа нутгаар яривал Говь-Алтай аймгаас гаралтай. Бяцхан тосгонд өссөн тосгоны охин доо /инээв/.

-Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Аав математикийн, ээж минь монгол хэл, уран зохиолын багш хүмүүс байдаг.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бол. Жүжигчин мэргэжлийг сонгосноос харахад багаасаа л урлагийн авьяастай охин байв уу?

-Дунд сургуулийн сурагч байхдаа их л даруухан охин байсан даа. Жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Сурлага сайтай даруухан байсан болохоор өөр  мэргэжилтэй л болно гэж боддог байсан. Түүндээ ч бэлтгэж байлаа.

-Тэгэхээр санаандгүй тохиолдлоор энэ мэргэжлээ сонгосон байх нь?

-Тийм ээ, санаандгүй тохиол, хувь заяагаар энэ мэргэжил, урлагтай холбогдсон доо. Гэхдээ өөрийн энэ сонголтдоо үнэхээр сэтгэл хангалуун, зуун хувь хангалуун явдаг. Санаандгүй байсан ч гэлээ зөв сонголтоо хийсэн.

Миний хувьд их чухал, бас их нандин сонголт байлаа. Өөр мэргэжлээр их сургуульд орох гээд бэлтгэж байсан боловч тэр сургуулийнхаа элсэлтийн шалгалтаас хоцорчихсон.

Тэгээд л дотоод сэтгэлдээ хөтлөгдөөд, ээжтэйгээ ярилцаад Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөөд үзэхээр шийдсэн. Их бэлтгэл муутай өгсөн л дөө. Гэхдээ ямар ч байсан тэнцсэн. Хүн орох ёстой газраа ордог, байх ёстой газраа байдаг л юм байна.

-Тэс ондоо мэргэжилтэй болохоор бэлтгэж байсан охиноо урлагийн сургуульд орно гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?

-Энэ мэргэжлээ сонгоход ээж минь их нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Миний ээжийн талынхан их авьяастай хүмүүс байдаг. Ээж минь ч шүлэг бичдэг, их гоё уран уншдаг, тод хэлтэй хүн байдаг.

Ээжээсээ өвлөсөн, ээжийгээ дуурайсан зарим нэг чанарууд нөлөөлсөн байх. Дээр нь хүүхэд байхдаа жүжигчдийг хараад л хамгийн гоё хүмүүс гэж боддог байлаа.

-Бас нууцхан мөрөөдөл байсан байх нь?

-Ерөнхийдөө дотоод сэтгэлийн гүнд урлагийн хүн болох, энэ мэргэжлээр бахархах сэтгэл байж л байсан. Хүүхдийн далд мөрөөдөл байдаг шүү дээ. Миний хувьд тэр талд мөрөөдөл нь жүжигчний мэргэжил эзэмших явдал байлаа.

Гэхдээ тэрийгээ хэзээ ч ил гаргаж байгаагүй. Хүүхэд байхдаа жүжигчин мэргэжлийн нарийн ажил, ажиллагааг үнэхээр ойлгодоггүй байж. Гадна харагдах байдлаар нь л дүгнэж дурласан нь тэр шүү дээ.

-Тэгэхээр сурлагатай, даруухан охиныг урлагийн сургууль их задалж өгсөн байх?

-Задалсан шүү. Харин зөв л задрах хэрэгтэй. Соёл урлагийн их сургуульд дөнгөж элссэнийхээ дараа би бараг шоконд орж байлаа шүү дээ. Өөрөөр төсөөлж байсан болоод ч тэр үү. Эхэндээ их хэцүү санагддаг байлаа. Яг гуравдугаар курсээсээ л мэргэжилдээ улам ихээр татагдсан.

Төгсөх үедээ манай анги Чингис хааны бага насны тухай монгол жүжиг тавьж байлаа. Энэ жүжгийн Өэлүн эхийн дүр надад оногдож байлаа. Мөн “Скапений дамшиглал" гээд инээдмийн жүжиг тавьсан.

Үүний мөн л гол дүрийн гүнжийн дүр оногдсон. Харьцуулахад их өөр өөр дүрүүд таарч байсанд нь баярладаг юм, Ингээд л Соёл урлагийн их сургуулийг 2008 онд Сугар багшийнхаа удирдлаган дор төгссөн дөө.

-Жүжигчин мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа ажилласан хамгийн эхний дүр нь ямар дүр байв. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд?

-Мэргэжлийн жүжигчин болоод ажилласан эхний гол дүр “Алсын удирдлага” киноны дүр байсан. Би ер нь тийм ч олон дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй ээ.

-Тэгвэл тайзны уран бүтээлийн хувьд?

-Баатар найруулагчийн найруулсан "Дон Гихот” жүжгийн буурчийн газрын галзуу эмэгтэйн дүр байлаа. Улсын драмын эрдмийн теарт орсныхоо дараа авсан анхны дүр.

-Улсын драмын эрдмийн театрын босгыг алхсаныхаа дараахан алдарт “Нора” жүжгийн гол дүрийг бүтээсэн?

-Маш нэр хүндтэй дүр. Ардын жүжигчин Н.Сувд гуайн тоглож байсан “Нора" жүжгийн Норад тоглоно гэдэг миний хувьд том аз завшаан. Миний насан туршдаа ярих, дурсах дүрүүдийн нэг болсон доо. Энэ нь сайн, муу тоглосон тухай биш шүү.

Би цааш цаашдаа, тоглох болгондоо нэмж ажиллана, өөрийнхөө нөөц бололцоог шавхана, суралцана. Энэ дүр маань өөрөө сар бэлтгээд гарчихдаг ч дүр биш. Ямар ч байсан тэрэнд тоглосон хувь зохиолоороо би үргэлж бахархах байх.

-“Алсын удирдлага” кино олон улсын кино наадмаас шагнал хүртсэн, гайхалтай бүтээл болсон. Энэ уран бүтээлд хэрхэн сонгогдож ажилласан тухайгаа яриач?

-Би ер нь их азтай, хувьтай. “Алсын удирдлага" уран бүтээлд тоглосон нь ч их азтай тохиол. Их олон сонгон шалгаруулалтыг давж байж энэ дүрдээ тэнцсэн. Их олон удаа дуудагдаж, маш олон жүжигчдээс сонгогдож тоглосон.

Энэ нь жүжигчин хүний хувьд өөрт их сайхан санагддаг юм. Энэ уран бүтээлийг хийсэн хумүүс мэргэжлийн өндөр түвшний мундаг хүмүүс байсан. Хамгийн анхныхаа бүтээл дээр тийм хүмүүстэй хамтран ажилласан нь хувь уран бүтээлийн хувьд их туршлага болсон.

Киног ингэж хийдэг юм байна, дүр дээр ингэж ажилладаг юм байна, би яваандаа энэ зүйлийг суралцах ёстой юм байна гэх мэтчилэн их олон зүйлийг суралцсан. Киноны зураг авалт эхлэхээс өмнө яг тайзны жүжиг шиг 14 хоногийн уншлага хийсэн, дүр дээрээ ажилласан.

Энэ үед л зураг авалтаас өмнөх ажиллагаа маш чухал гэдгийг ойлгож байлаа. Тийм ч болохоор зураг авалтын явцад ямар нэгэн хүндрэл гараагүй байх. Дээр нь найруулагч С.Бямба ахын хувьд жүжигчинтэй ажиллах ажиллагаа гайхалтай байсан. Энэ хүнээр хөтлүүлж, ухаарч тоглосон доо.

-Жүжигчний мэргэжлээр ажиллаж эхэлснээсээ хойш их эрс тэс дүрүүдэд сонгогдож тоглож байна. Энэ удаад найруулагч П.Наранбаатарын “Сүүлчийн шөнө” уран сайхны кинонд нууц амрагийн дүрийг бүтээсэн байна шүү дээ.

Тэгэхээр шинэ уран бүтээл болгон дээрээ өөр өөр дүр аваад байгаа нь хувь жүжигчин Баярмаагийн сонголт байгаад байна уу, эсвэл найруулагчид өөрөөс чинь өер өөр зүйлийг олж хараад байна гэсэн үг үү?


-Яаж задарч, ямар дүрүүдэд хэрхэн ажиллах нь тухайн жүжигчнээс гарах хүч хөдөлмөрийн л асуудал. Би ингэж л бодож, үүнийхээ төлөө явдаг. Жүжигчин хүн найруулагчид аль болох өөртөө байгаа бүх талаа л харуулахыг хичээнэ шүү дээ.

Нэг хэв маягт автана гэдэг жүжигчин хүний сүйрэл. Тэрнээс л зугтаахыг хүсдэг. Миний дотор их олон шинж чанар байдаг юм шиг санагддаг. Заримдаа өөрийгөө жаахан хүүхэд шигээр хардаг. Зарим хүмүүс эсрэгээр нь их эмэгтэйлэг гэж хардаг. Гэтэл ондоо нэг нь их цоглог бүсгүй ч гэж хардаг.

Тэгэхээр тэр бүх л шинж чанарууд надад байгаа л байхгүй юу. Намайг найруулагч хүн яаж харж байна, түүгээрээ л сонголтоо хийдэг байх. Гэхдээ ихэвчлэн хурц характертай дүр оногдох гээд байдаг юм /инээв/.

Аль болох өөртөө байгаа бүхий л чанарыг нээхийг хүсдэг. Өөрийгөө надаас юу л гарч болохоор байна тэр болгоныг шавхаж, хаашаа ч хувирахад бэлэн байлгадаг. Биеийн болоод дотоод сэтгэлийн задгай, чөлөөтэй сэтгэлгээтэй байх ёстой гэж санагддаг.

-Энэхүү уран бүтээлд өөрөөсөө нэлээд ахимаг насны эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Зураг авалтын явцад хүндрэл гарав уу?

-Анх зохиолоо уншаад еөрөөсеө ахимаг насны эмэгтэйн дүрд тоглоно гэхэд жаахан эмээсэн. Би 38 нас хүрчихээгүй ч 18 настай охин биш шүү дээ. Тэгэхээр надад тодорхой ойлголт байна шүү дээ. Түүн дээрээ л суурилаад тоглосон.

Хүн амьдралаас маш их зүйлийг сонссон, туршлага хуримтлуулсан байдаг. Тэгээд ч зохиол дээр тоглолтыг нарийн биччихсэн байгаа шүү дээ. Харин би тэрийг нь мэдрэх ёстой.

Яахав надад тоглоход ол санагдсан хэсгүүд байсан. Дүр гаргана эдгээсээ илүү өөртөө эвтэйхэн, өөртөө өв санагдсан тэр мэдрэмжээ л барьж авч тоглолоо. Яг одоо миний нас дээшээ, доошоо аль аль руу нь хувирах боломжтой үе юм шиг байна. Тийм болохоор насны асуудлыг анхаараагүй.

-Жүжигчин Баярмаа өөрөө амьдрал дээр ээж болж амжсан уу?

-Ээж болсон.

-Эх хүний хувьд хүүхдийн эцгийг булааж байгаа дүрд тоглоход эмзэглэл төрөх юм уу?

-Тэр эмзэглэл тоглолтод л хэрэг болж байгаа юм. Тухайн өгөгдсөн нөхцөлд, тэр згшинд яаж зөв хүлээн авч мэдрэх вэ гэдэг л их чухал.

Энэ нь ч жүжигчний хамгийн хариуцлагатай ажиллагаа. Тэр егөгдсөн нөхцөлд л амьдрах явдал л жүжигчин хүний гол ажил. Энэ зүйлийг л сурахын төлөө насан туршдаа ажиллана шүү дээ /инээв/.

-Нууц амрагийн дүр бүтээсэн жүжигчин бүсгүй өөрөө нууц амраг гэх ойлголтыг хэрхэн ойлгодог бол?

-Магадгүй арван жилийн дараа би энэ асуултад өөрөөр хариулж ч мэднэ. Яг одоогийн нөхцөлд бол дөнгөж амьдралаа эхэлж байгаа болохоор энэ асуудал төсөөлөгдөхгүй байна.

-“SBN” телевизэд орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байсныг нь мэдэх юм байна?

-Санамсаргүй тохиолдлоор “SBN” телевизийн орчуулгын киноны жүжигчин Батзаяатай тааралдсан. Тэр хүн надад кинонд дуу оруулах сонирхол байвал шалгуулаарай гэсэн саналыг тавьсан юм. Энэ саналын дагуу шалгуулж, хоёр жил гаруй ажилласан.

-Улсын драмын эрдмийн театртай амьдралаа холбоод бас ч үгүй хугацаа өнгөрлөө?

-Театрын босго даваад хоёр жил орчим хугацаа өнгөрсөн байна. Энэ их өргөөтэй холбогдсон нь бас л миний хувьд их хувь тавилан, бас аз. Би аз гэж зүйл байдаг гэж боддог. Бас итгэдэг. Хүн үнэхээр сэтгэлээсээ хүсээд, түүнийгээ дотроо мөрөөдвөл түүнийг аз түшдэг, биелдэг.

Ямар ч л байсан “Жүжигчин мэргэжил эзэмшсэний хэрэг юу билээ, өгөөд үзье” гэж бодоод л шалгалт өгсөн. Дараа нь “Би тэр үед л шалгалт өгдөг байж дээ” гэж харамсахгүйн тулд шүү дээ. Тэгээд тэнцсэн.

Би их зөв цаг хугацаандаа өгсөн юм шиг байгаа юм /инээв/. Ингээд л намайг маш том, шинэ ертөнц угтаж авсан даа. Хэрвээ хүн жүжигчний мэргэжлээрээ тасралтгүй ажиллая л гэж бодож байгаа бол театрт л байх ёстой. Үргэлж задарч өөрийгөө шинээр нээж байдаг.

-Театрын шинэ жүжигчид ахмад уран бүтээлчдэдээ хадаг барьж шавь ордог гэдэг юм билээ?

-Шинээр орсон хүмүүс ахмад жүжигчдэд хадаг барьж, шавь ордог уламжлалтай. Би Г.Урнаа эгчтэй багш, шавийн барилдлагатай болсон. Ганцхан багш гэлтгүй манай жүжигчид бүгд л тусалж, зөвлөдөг.

-Театрын ажлынхаа хажуугаар дэлгэцийн уран бүтээлд ажиллахад цаг зав нь амжих юм уу. Бас театрын зүгээс үүнд хяналт тавьдаг уу?

-Театрын захиргаа кинонд ажиллахыг зөвшөөрдөг. Гэхдээ театрынхаа ажлыг алдагдуулж болохгүй гэсэн шаардлага тавьдаг юм. Тиймээс үндсэн ажлынхаа цаг завыг харж байгаад л кинонд ажиллах үгүйгээ шийддэг юм.

-Ингэж тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж ажиллах нь жүжигчний чадварыг улам нэмэгдүүлж ч болох юм. Гэхдээ киноныхон ярихдаа театрынхан дэлгэцийн бүтээлд хэтрүүлэгтэй тоглодог гэлцдэг юм билээ?

-Тиймээс л аль болох хослуулж явах нь зөв юм шиг. Туршлагатай жүжигчид бол хаана нь яаж татаж, тавьж тоглох вэ гэдгээ мэднэ. Гэхдээ л ерөнхийдөө театрын ямар нэг зүйл, тоглолт ажиглагддаг байх аа. Хувь жүжигчний ур чадвараас л шалтгаалах байх л даа.

-Залуу жүжигчний хувьд тэр л дүрийг бүтээх юмсан гэж хүсч, дотроосоо шатаж явдаг дүр байдаг л байлгүй?

-Түүхэн уран бүтээлд одоохондоо ажиллаж үзээгүй байна. Жүжигчин хүн бүрийн дотор л энэ төрлийн бүтээлд тоглох юмсан гэсэн хүсэл оргилж байдаг байх. Би олон олон өөр өөр төрлийн дүр дээр ажиллаж үзэхийг хүсч байна.

Мэдээж тэр дунд нь томоохон дүрүүд байвал бүр л сайхан. Өөрийгөө задалсан дүрүүдэд тоглож, сайн жүжигчин болох л зорилго тавьчихаад байна даа.

А.Халиун

Эх сурвалж: