сонин mn
Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай оффшорыг тойрсон асуудлаар ярилцлаа.
 
-Монголын  нэр бүхий улстөрчид оффшор бүст мөнгөө хадгалуулдаг  гэсэн мэдээлэл ил болоод олон  жил өнгөрлөө. Энэ асуудлын мөрөөр 2017 оны нэгдүгээр сард АТОЗ гэдэг ТББ байгуулагдаж байсан. Оффшорын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Энэ асуудлыг монголчууд 2013 оноос мэр сэр ярьж эхэлсэн. Оффшор, түүний нөхцөл байдал, түүнтэй холбоотой бүх тайлбарыг анх 2017 оны нэгдүгээр сарын 18-нд АТОЗ гэж төрийн бус байгууллага байгуулагдахдаа гарган тавьж,  Монголын нийгэмд бүрэн ойлголт өгсөн.  Одоо бид оффшорын асуудлыг хаанаас нь ярих ёстой вэ гэвэл хуулиас нь эхэлж ярих ёстой. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг манай улс 2003  онд баталсан. Түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаагаас  өнөөдөр ийм байдалтай болчихоод байна.
 
-Яагаад хэрэгжүү­лэхгүй байна гэж та үзэж байна?
 
-Хуулиа хэрэгжүү­лэхгүй байгаа нь төрийн эрх мэдэлтнүүд. Хэрэв тэд хуулиа хэрэгжүүлээд эхэлчихвэл оффшорын асуудал  нэг талдаа гарчихаар  байгаа юм. Өнөөдөр монголчуудыг үл ойлголцолд автуулах,  буруу ойлголт өгөх, талцуулах ажлыг оффшортой холбоо бүхий улс төр,  бизнесийн  бүлэглэлийн хүмүүсийн зүгээс л  явуулж байгаа. Тиймээс  Монголын төр авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг иргэддээ ойлгуулж,  яаж шийдэх  вэ гэдэгт гадаадын улс орнууд, АНУ, ОХУ, БНХАУ-тай хамтраад ажиллах юм бол оффшорын асуудлыг бүрэн шийдэх боломжтой.
 
-Тухайлбал?
 
-Монголын төрөөс  авлигачид, оффшорчдын  эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг дэлхийн бусад улс орны төрийн явуулж байгаа бодлоготой харьцуулахад олигархи, оффшорчидтой тэмцэхгүй байгаатай адил. Үүнийг хоёр хөршийн явуулж байгаа “Үнэгний ав”, “Чонын ав” арга хэмжээтэй харьцуулахад хангалттай харж болно. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Оросын олигархиудтай тэмцэж эхлэхэд дарангуйлагч нөхөр гэж харж байлаа. Цаг хугацаа  өнгөрөх тусам түүний зөв байсан нь улам бүр тодорхой болж байна. Хэнд хатуу гар үзүүлэх, хэнд зөөлөн гараа харуулах нь ялгаатай байна. Гэтэл Монголын төр олигархи, оффшорчидтой тэмцэж байгаа иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудад хатуу гараа үзүүлж байгаа нь нууц биш. Уг нь  шүгэл үлээсэн тэдэнтэй хамтарч ажиллабал үр дүнд хүрэхэд маш ойрхон байна.
 
-АТОЗ  төрийн бус байгууллага үүргээ гүйцэтгэсэн гэж та хэлсэн. АТОЗ-ынхөн өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийсэн бэ?
 
-Оффшорын асууд­лыг монголчуудад ойлгуулахын тулд АТОЗ ТББ-ынхан хоёр аргаар тэмцсэн. Нэгдүгээрт, бид уламжлал болсон тайван жагсаал, цуглаан, өлсгөлөн зарлах хэлбэрээр тэмцэж, ард түмэндээ тодорхой мэдээлэл өгч ойлгуулсан. Хоёрдугаарт, бид хууль эрх зүйн талаас тэмцэл өрнүүлсэн. Ингэхдээ төрийн байгууллагууд, тэр дотроо хууль хяналтын байгууллагууд, АТГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, цагдаа, тагнуулын байгууллагад албан бичиг хүргүүлж байсан. Та нар оффшорчидтойгоо тэмцээч, асуудал нь ил тод байхад төр өөрөө тэмцэхгүй бол яаж шийдэх юм бэ гэдэг шаардлагыг тавьсан. Эхэндээ энэ газрууд ямар ч хариулт өгөөгүй. Сүүлдээ ойлгож эхэлсэн. Монгол Улс үнэхээр хүнд байдалд орчихсон юм байна гэдгийг ойлгосон.  Оффшор гэгч зүйл Монголд  эдийн засгийн хувьд сүйрэл авчирсан. Үүнийг хүмүүс зөөлхөн яриад байдаг болохоос энэ бол сүйрэл. Улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, ийм  ноцтой байдал үүсчихээд байгаа юм. Тиймээс АТОЗ төрийн бус байгууллагынхан дараагийн шатанд нь олон улсын байгууллагууд руу хандсан. Дэлхийн банк, ОУВС, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд мөн НҮБ-д нөлөө бүхий гадаадын улс орнуудын Элчин сайдын яамд руу хандсан. 10 гаруй улсын  Элчин сайдын яаманд хандсан. Өөрөөр хэлбэл, Монголын дотоод нөхцөлд ч, гадаад нөхцөлд ч  оффшор байна. Дотоод нөхцөл нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт  бүс байна. Гадаад нөхцөл нь Виржиана арал, Панамын бүс байна. Энэ бүхэнд манай  улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн  данс нээчихсэн байгаа шүү дээ. Ялангуяа, төрийн  өндөр албан тушаал хашиж  байсан, хамааралтай хүмүүс бүгд тэнд данс нээчихсэн. Үүнийг бид гаргаж тавьж байсан. 49 хүн байна гэдгийг зарласан. 12 хүний нэрийг зарлаад УИХ-аар хэлэлцүүлээч гэж шаардсан. Энэ бүх тэмцлийн дүнд оффшороос 4.2 сая ам.доллар Давааням гэдэг иргэнээс орж ирсэн гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан. Цааш үргэлжлээд 20 сая, 50 сая ам.доллар гэж яригдаад байсан.Саяхан хэвлэл мэдээллээр 90 гаруй сая ам.доллар орж ирсэн гэж гарсан. Үүнийг Ерөнхийлөгч,  АТГ  мөн  зарласан. Ер нь шуудхан хэлэхэд АТГ оффшорчидтой тэмцэхгүй байгаа. Тэмцэж байгаа бол маш сул байна. Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй авлигатай яаж тэмцдэгийг дэлхийд харуулсан. Тэгэхээр оффшортой тэмцэх гол арга нь хууль юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенциор АНУ юм уу, аль нэг улс оронтой хамтраад ажиллавал шийдэх боломж  манайд бий.  Монголын төр ажиллах ёстой.
 
-Хэрэв цар тахал гараагүй, иргэ­дийн амьжиргаа сөхөр­чихөөгүй байсан бол энэ асуудал сөхөгдөх байсан  бол уу, үгүй  болов уу?
 
-АТОЗ-ын тэмцлийн дүнд ямартай ч оффшороос  мөнгө орж ирж, түүнийгээ Ерөнхийлөгч нь ард түмэнд өгөх нь зүйтэй гэж яриад  байж байна шүү дээ. Тиймээс тэмцэгчиддээ  халуун баяр хүргэх ёстой. Энэ тэмцэлд хувь хүн иргэд ч олноор оролцсон. Олон хүний хамтын тэмцлийн үр дүн. Нийт ард түмний эсэргүүцэл тэмцэл урагштай явахад ташуур нь болсон. Үзэл бодлын хувьд  хүн шүтээд байдаггүй. Ерөнхийлөгч гэдэг юм уу, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэтээр хүн шүтэхээсээ илүү явуулж байгаа бодлого нь  хэр зангарагтай вэ. Өнөөдөр иргэндээ хүрэх бодлого хэрэгтэй юм уу, Монгол Улсад ашигтай бодлого хэрэгтэй юу гэдэг асуудал бий. Хэрэв оффшорын асуудал яригдаагүй бол Х.Баттулга Ерөнхийлөгч Монголын өрийг дарахад зарцуулах байсан байх гэж бодож байна. Ер нь бид тэгж  л харах ёстой юм. Улс орны хэмжээнд ямар бэрхшээл байна, түүнийг давж гарах тийм зангарагтай шийдвэр рүү орохгүй бол хүнд таалагдсан юм руу, иргэнд таалагдах гэж явбал бид цаашаа явахгүй. ҮАБЗ-ийг удирдаж байгаа гурван хүнийг харахад нэг л их иргэнд хайртай, ийм бодлого явуулах гээд байгаа  юм шиг харагдаад байгаа. Яг тухайн үедээ, иргэд рүүгээ хандсан оффшорын асуудал бол боломжтой бодлого. Гэхдээ л улс орон ямар байна, яах гэж байна, эдийн засгийн хувьд ямар байна, тэрийг яаж шийдэх гэж байна гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 27.7 тэрбум ам.долларт хүрчихээд байж байгаа шүү дээ. 1990 оноос 2015 онд Монголд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон байдаг. Түүний 10.8 тэрбум нь оффшороос орсон байгаа юм. Дэлхийн 110  улс орны 13 мянган аж ахуйн нэгжийн 900 мянга  нь оффшор бүстэй хамааралтай байгаа. Түүнд монголчууд орчихсон. Улс орнууд дэлхийн эдийн засгийн хямралыг 40, 50 жилийн зайтай харж байсан бол одоо 10, 20 жилийн дотор хямрал нүүрлэх болсон. Энэ юунаас болов гэдгийг судлаад үзвэл оффшортой холбоотой байна. Тиймээс энэ маш эмзэг асуудал. Оффшорын асуудлыг шийдэхэд Монголын төр хүчтэй оролцох ёстой,  гэтэл яагаад сул байгаад байна вэ.
 
-Ерөнхийлөгч АНУ-д айлчлахдаа оффшорын асуудлаар хамтарч ажиллана гэж ярилцаад ирж байсан. Одоо бас ярьж байна?
 
 -Би түрүүнд хэлсэн, сая ч дурдлаа. Оффшортой тэмцэхийн тулд төр хүчтэй оролцох ёстой. Түүнээс хэн нэг эрх мэдэлтэн авлига, оффшорчдын асуудлыг шийднэ гэж ярьж гарч ирдэг боловч өнөөг хүртэл бодитой үр дүнтэй шийдвэр гаргаж чадаагүй байгаа шүү дээ. Зөвхөн цаг хугацаа хожсон шийдвэр гаргаж байгаа нь нууц биш.  Би Ерөнхийлөгчийн хувьд  хүсэл байгаа гэж бодож  байна. Гэвч  бодитой  томоохон үр  дүнд  хүрч  чадахгүй байна. Ер нь бол эрч хүчтэй, зоригтой хандахгүй байгаа байхгүй юу. Шаардлага гарвал асуудалд оролцоод тэгээд орхиод байж болохгүй. АТОЗ анх байгуулагдаад Ерөнхийлөгтэй уулзаж байсан. Есөн удаа хандаж, 500 гаруй хуудас албан бичиг өгч байсан. Хэрэв оффшорыг судлаад тэмцэж байгаа хүмүүсийг дэмжээд ажилласан бол өнөөдөр  улам ч ахицтай байх байсан. Өнөөдөр бол тууштай эрс өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарчихаад  байна шүү дээ. Эрх мэдэлд очиж байгаа хүмүүс, улс орны нэгдүгээр хүн болж эсвэл гуравдугаар хүн болж очиж байгаа хүн зоригтой баймаар байна. ҮАБЗ-ийн гурван хүн жаахан зоригтой байгаасай.  Монголын төр авлигал, оффшорчдын эсрэг явуулж байсан өмнөх бодлогоо өөрчилж, үнэнийг тогтоох, хариуцлага тооцох ард иргэдийнхээ талд зогсох хэрэгтэй болжээ.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин