сонин mn
Мэдэгдэл
 
2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболдын зүгээс "Таван толгой транс" компани, түүний удирдлагуудыг нэр цохон  “390 мянган тонн нүүрсийг улсын хилээр эх үүсвэр тодорхойгүй байдлаар гаргасан”, “нүүрс хулгайлагдсан нь нотлогдлоо” гэх зэрэг ноцтой гүтгэлэгийг өөрийн биеэр тараалаа. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, тараасан” үйлдэл болсон тул хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболд нь Эрдэнэс Тавантолгой компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хооронд кадастрын хил нийлсэн газруудад дөрөвдүгээр давхарга дээр технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад 268 мянган тонн нүүрс олборлогдсон байгааг тогтоон, хоёр жилийн өмнө үйлдсэн актыг “хулгайн гэмт хэрэг” нээж илрүүлсэн мэтээр олон нийтэд ойлгуулах гэж удаа дараа оролдох болсон бөгөөд энэ нь даамжирсаар бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэх хэрэг болон хувирсныг эрс няцааж байна. 
 
УИХ-ын гишүүн Л.Энхболдын зүгээс удаа дараа орон нутгийн өмчит Тавантолгой ХК, Тавантолгой транс компани, түүний удирдлагуудыг гүтгэн харлуулах гэхдээ давхар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хилийн хорио цээрийн алба зэрэг төрийн байгууллагуудын ажилтнуудыг гэмт хэрэгт хамаатуулан гүтгэж байна. Монгол улсын хилээр 390 мянган тонн нүүрс байтугай 39 кг нүүрсийг ч ямар нэг мэдүүлэг, эх сурвалжгүйгээр, хяналт шалгалтгүйгээр гаргах боломж, нөхцөл огт байхгүйг эрхэм гишүүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч зориуд гуйвуулсан мэдээлэл түгээж, бусдын нэр хүндэд халдаж байгааг зөвтгөх арга алга.
“Шүүхээс гэм буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэгт буруутгаж болохгүй” гэсэн хуулийн тулгуур зарчмыг эрхэм хууль тогтоогч Л.Энхболд хөсөрдүүлж, өөрийн таамаглал, нотлогдоогүй тоо баримтад тулгуурлан бусдыг онц ноцтой гэмт хэрэгт буруутган, “нүүрс хулгайлсан нь” батлагдсан нотлогдсон зүйл мэтээр мэдээлсэн нь түүний гэмт үйлдлийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгоход хүргэж байгаа юм. 
 
Тавантолгой транс ХХК
 Хуулийн хэлтэс