sonin.mn
"Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Хуралдааны товыг жич зарлана" гэсэн албан мэдээллийг ҮХЦ-ийн хэвлэлийн алба гаргасан билээ.
Тэгвэл уг хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг ҮХЦ-ийн гадаа сэтгүүлчдэд тайлбар хийв.
Энэ үеэрээ Б.Гүнбилэг: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Үндсэн Хуулийн  Цэц дээр явж байгаа маргаанд оролцьё, тайлбар өгье гэсэн. Өмнө нь ҮХЦэцээс тайлбар өгөөч ээ гэж хүсэж байсан. Ингээд тайлбар өгье гэсэн боловч нөгөө асуудал маань ямар хариу өгч байгаа нь тодорхойгүй байна. Ямар хариу өгсөн юм бэ? Бичгээр өгсөн юм байна уу? гэсэн чинь сая нэг ийм бичиг өглөө. Энэ бичгийг нь би ерөөсөө ойлгодоггүй ээ. 04 сарын 15 гээд өчигдрийн огноотой бичиг. Цэцийн хуралдаанд оролцьё оо, оролцогчоор гээд хүсэлт өгсөн чинь нөгөө хүсэлтийг маань уламжилж байна аа гээд Тамгын Газрынх нь дарга Д.Баянбилэг гээд хүн хариу өгсөн байна. Хариу өгөхдөө өмнө нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандаж, таны 2021 оны ТГ/165 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт болон хавсралт баримтыг ҮХЦэцийн гишүүн Ш.Цогтоо хянаад 2021 оны 03 сарын 15-ны өдөр албан бичгээр буцаасан байна гэсэн. 03 сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бичиг өгөөгүй. 04 сарын 12-ны өдөр өгсөн бичигт хариу авах гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Ш.Цогтоо гишүүн нь ажлаасаа чөлөөлөгдсөн.
 
 
 
Шинэ гишүүн энэ хэргийг шинээр хэлэлцэж байгаа. Тэгээд ингэж байгаа юм. Монгол Улсын ҮХЦэцэд маргаан шийдвэрлүүлэх дэгийн 12,2-т заасан ҮХЦэцийн бага суудлын үйл ажиллагаа нь маргалдагч талгүйгээр шууд ҮХЦэцийн зөвлөлдөх тасалгаанд явагддаг болно гэсэн ийм л хариу өгсөн. Цэц бол зарлахдаа дунд суудлын хуралдаан гэж зарласан шүү дээ.
 
 
 
Гэтэл бага суудлийн хуралдаан л зөвлөлдөх тасалгаанд явагддаг. Маргалдагч талгүйгээр оролцдог гээд өөр юмны хариу өгчихөөд байх юм. Тэгээд үүнийгээ тайлбарлаач ээ, ямар учиртай юм бэ? Дунд суудлын хуралдаанд оролцьё гэдэг хүсэлт өгсөн шүү дээ гэсэн чинь тэнд байгаа ажлын албаны хүн би мэдэхгүй ээ, дарга нар ийм юм өгөөрэй л гэсэн гэх юм. Тэгээд би оролцох юм уу? Яах юм? Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас ийм бичиг ирсэн. Би итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцох эрхтэй шүү дээ гэсэн чинь уучлаарай, би ямар хариу ирснийг мэдэхгүй байна. Яагаад ингэснийг мэдэхгүй байна гэсэн л хариу хэллээ. Тэгээд би орох юм уу? Үгүй юм уу ? гэсэн чинь таныг оруулахгүй гэсэн. Ийм л хариу авлаа.Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс оруулахгүй, тайлбарыг нь сонсохгүй хурлаа хийчихнэ. Маргагч талууд нь бас өмгөөлөгчтэйгээ оролцох эрхтэй шүү дээ. Тэгсэн чинь маргагч талыг нь бас оруулахгүй гэсэн ийм байдалтай байна. Маргагч талыг яагаад оруулахгүй байгаа юм бэ? гээд нөгөө мэдээлэл өгсөн хүмүүсийн өмгөөлөгч нар нь гайхаад зогсож байна. Ийм л байдалтай байна. Би өөрөө ч ойлгохгүй байна." гэв.