ШИНЭ ДЕЛИ, 2026 оны есдүгээр сарын 23 /thestatesman/. Энэтхэг, Монголын цэргийн цэргийн хамтарсан “Нүүдэлчин заан” 18 дахь удаагийн ээлжит сургуулилалт даваа гарагт Энэтхэгийн Уттаракханд мужийн Питорагарх хот дахь хамтарсан ажиллагаанд бэлтгэх төвийн гадаадын цэргийн сургалтын төвд эхэлжээ. Уг сургуулилалт есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Жил бүр хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулдаг тус сургуулилалт нь салааны түвшинд явагддаг байна.
Өнгөрсөн удаагийн дадлага сургалтыг 2025 оны тав, зургаадугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулжээ. Энэ удаагийн сургуулилалтад хоёр улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 45 цэргийн алба хаагч оролцож байна. Энэхүү сургуулилалтын зорилго нь НҮБ-ын мандатын хүрээнд хагас хотжсон болон уулархаг газар нутагт босогчдын эсрэг ажиллагаа явуулахад хоёр талын хамтарсан цэргийн ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
Хамтарсан дадлага сургалтын үеэр тактикийн түвшний ажиллагаа явуулж, шилдэг туршлагаа солилцох, шуурхай ажиллагааны тактик боловсруулах, хоёр улсын армийн шуурхай ажиллагааны үеийн ур чадварыг дээшлүүлэх сургуулилалтыг хийнэ.
Түүнчлэн бүслэн нэгжлэг хийх, барилга байгууламж руу дайран орох болон тусгай зориулалтын нисдэг тэрэг ашиглах ажиллагааны тактик боловсруулах, мөн цахим аюулгүй байдлын сургалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон тэдгээрийг эсэргүүцэх системийг ашиглах зэрэг сургуулилалтуудыг хийх ажээ. “Нүүдэлчин заан-2026” сургуулилалт нь Энэтхэг, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, хоёр орны ард түмний олон жилийн найрамдал, харилцан итгэлцлийг улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Лхагва - 09 сарын 23,
2026
Сэтгэгдэл1
Хятадтай байлдах нь уу, зөв хөө