сонин mn
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч  шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. 
Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.
 
Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна. 
 
Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж. 
Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэгддэг Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг удаа дараа оролдож байсан бол одоо ийнхүү Дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж эхэллээ. Мөн Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь АН-ын дарга гэгдэх М.Тулгат, О.Цогтгэрэлийг хэнийг нь бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх гэж байгаа Дээд шүүхийн асуудалтай зэрэгцсэн нь тохиолдлынх биш байж ч мэдэх юм.
 
Ч.Явуу