sonin.mn

Хоёр хуваагдсан АН-аас нэр дэвшигчдийн алийг нь СЕХ бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх  олгох вэ гэдэг асуулт олны анхаарлын төвд байна. Тэгвэл энэ цаг үед АН-ын тамга, тэмдэг хэний нэр  дээр байгаа талаар болон улс төрд өрнөж буй бусад нөхцөл байдлын талаар  С.Эрдэнийн АН-ын  Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.   Мэдээллийн эхэнд Б.Баасанхүү  АН-аас  СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранд хоёр  үндэслэл бүхий албан бичиг хүргүүлж байгааг дуулгав. Нэгдүгээрт, Улсын Дээд шүүхээс лавлагаа авахад тэнд бүртгэлтэй  улс төрийн 34 намын хоёрдугаарт АН байгаа бөгөөд даргаар С.Эрдэнэ хэвээр байгааг 8488916 дугаартай гэрчилгээн дээр хүчинтэй хэвээр гэдгийг бататгасан байна. Хоёрдугаарт, АН 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд тамганы дардасны дугаар өөрчилсөн байдаг. Ингэхдээ УБЕГ-т дардасныхаа дугаарыг өөрчлөөд тамга авчээ. Энэ асуудлаар нэр бүхий хүмүүс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд  энэ талаар одоогоор Захиргааны хэргийн шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа аж.

 

 

Өөрөөр хэлбэл, энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй учраас С.Эрдэнийн нэр дээрх тамга, дардас хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.

 

 

Тиймээс АН-аас явуулж  буй бүх үйл ажиллагаа, нэр дэвшигч тодруулсан процесс бүгд хуулийн дагуу өрнөсөн гэдгийг тэрбээр мэдэгдлээ.  “Өнөөх хонгилын гэх шүүгч нар зарим асуудлаар хууль бус үйл ажиллагаа явуулсан  талаар бид Сахилгын хороонд гомдол, саналаа хүргүүлсэн. Үүний дагуу зарим шүүгчид арга хэмжээ авсан байна лээ. Ямар нэгэн байдлаар АН-ыг хагалан бутаргах гэсэн ажиллагаанд бид автахгүй, нэгдсэн нэг байр суурьтайгаар сонгуульд оролцоно” хэмээн  О.Баасанхүү дарга мэдэгдлээ. Харин сүүлийн үед тус намтай холбоотойгоор өрнөж буй улс төрийн нөхцөл байдлын талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр  мэдээлэл өгөв. Тэрбээр “Сүүлийн үед  хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад хүмүүсийн амьдралыг шийдье,  хувийн өмчийг нь хураая, ерөөсөө хууль ямар хамаатай юм гэх үзэл санаатай хүмүүс олширсон байна. Социализмыг буцаан сэргээе гэх үзэл санааг их цухалзуулдаг боллоо. АН үүнтэй тууштай тэмцэнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж л АН байгаа юм, манай намын үнэт зүйл, зарчим нь энэ. Үүний төлөө л явж ирсэн. АН гуравдагч хөршийн бодлогыг дэмждэг, хөрөнгө оруулагчийг татахыг эрмэлздэг, шударгаар бизнэс эрхлэн хөдөлмөрлөж буй иргэдээ дэмжих бодлого барьдаг нам. Түүнээс популизмаар хөөсрөөд хүмүүсийн амьдралыг шийднэ гэж ярьдаггүй.

 

 

АН хуулийн дээгүүр дураараа алхахыг дэмждэггүй, өөгшүүлдэггүй нам. Хүч түрснээр хуулийн дээгүүр гишгэхгүй, гоё чанга ярьснаараа хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэхгүй. Үзэл санаа хамаагүй, одоогийн эрх ашиг чухал гэж  үнэт зүйлээр нэгддэггүй юм, ингэж нэг нам болдоггүй юм. Тийм учраас АН үнэт зүйл, зарчим дээрээ тууштай байх ёстой.

 

Нөгөө талаас Монголд үзэл санааны том хуваагдал өрнөж байна. Энэ бол Монголын ардчилал шинэ сорилттой тулгарч байгаагийн илрэл гэж харж байна. Энэ сорилт янз бүрийн хэлбэрээр илэрч байна. Социализмыг магтан  дуулдаг, хувь хүний эрх чөлөөг үгүйсгэдэг, эсвэл нэг даргыг аялдан дагадаг, асуудлыг шийдэх гэдэг байдал хүчтэй цухалзах боллоо. Тийм учраас АН энэ бүхэнтэй тууштай тэмцэнэ” гэлээ. 

 

Д.Дандархүү