сонин mn
ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн салбар хуралдаанууд энэ тавдугаар сард болж байна. Швейцарын Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас өчигдөр /2021.05.10/ Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдааныг Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт нэгдсэн дижитал платформ дээр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг оролцов. 
Дэлхийн 60 гаруй орны парламентын гишүүн болон парламентын ажлын албаны төлөөлөгчид оролцсон тус хуралдааныг ОУПХ-ны ерөнхийлөгч Дуарте Пачеко нээв.  Тэрбээр хэлсэн үгэндээ улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байхад парламентын эмэгтэй гишүүдийн үүрэг, хариуцлага маш чухал болохыг тэмдэглэсэн. 
 
Ээлжит 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж,  маргаашийг илүү сайн сайхан цогцлоох нь: Парламентуудын үүрэг” гэсэн үндсэн сэдвээр чуулж буй учир жендэрийн тэгш байдлыг дэмжих талаар ОУПХ-ноос явуулсан сүүлийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг оролцогчдод өгөв. Оролцогчид “Ковид 19”-ийн жендэрийн асуудлаар сүүлийн үед ОУПХ-ноос зохион байгуулсан мэтгэлцээнүүдийн талаар товч мэдээлэл авсныхаа дараа “COVID-19”-ийн дараах жендэрийн мэдрэмжтэй сэргээн босголтын төлөө гэсэн сэдвээр интерактив хэлэлцүүлэг өрнүүлсэн. 
 
Түүнчлэн, “Ковид 19”-ийн цар тахлын жендэрийн нөлөөлөл ба жендэрийн мэдрэмжтэй сэргээн босголтод чиглэсэн парламентын үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгох нь, 142, 143 дугаар Ассамблейд хэлэлцэх тогтоолын төслүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах нь гэсэн сэдвүүдээр идэвхтэй мэтгэлцээн өрнүүлж, цар тахлын хүндрэлтэй үед эн тэргүүнд хийх болон хийж буй үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо. 
 
 
 
Энэ үеэр Монголын парламентын төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Монгол Улсын парламент, төр засгаас ковидын дархлаажуулалтыг амжилттай хийж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын 94 хувийг вакцины I тунд, 63 хувийг II тунд, орон нутгийн иргэдийн 60 гаруй хувийг I тунд хамруулсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр иргэддээ мэдэгдсэн. Ирэх долдугаар сарын 1 гэхэд зорилтот хүн амыг бүрэн хамруулах зорилт тавин, идэвхтэй арга хэмжээ авч байна гэлээ.
 
Мөн цар тахлын сөрөг нөлөөлөл, хөл хорионы арга хэмжээ ажлын байр хумигдах, орлого буурах бодит хүндрэлийг дагуулж буй учир Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг зорилтот бүлэг болгон хамруулж буй талаар мэдээллийг өглөө. Түүнчлэн, цар тахал, хөл хорионы арга хэмжээний улмаас эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн янз бүрийн хэлбэрийг нэмэгдүүлэхгүйн тулд, хүний эрх зөрчигдөхгүй байхад Монгол Улсын парламентаас онцгойлон анхаарч, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан, хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарч хөнгөлөлттэй үнээр эм авах, өндөр өртөгтэй мэс заслын болон ковидын халдварын эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн ажиллаж буй талаар мэдээлэл өгөв. Цаашид цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлэх, өөрсдийн туршлагаас хуваалцахад бэлэн байгаа талаар мөн тэмдэглэв.  Дашрамд дурьдахад, Монгол Улс эмэгтэй парламентчдын тоогоор Ази тивдээ тэргүүлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.