сонин mn

МоАХ, АТОЗ зэрэг төрийн бус байгууллагууд хамтран монголд үйл ажиллагаа явуулж буй бүх улстөрийн намуудыг татан буулгахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа. Энэхүү шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.  Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.4.1-т “Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ”, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19.3 –д “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцлийг хуулиар тогтооно”  гэж заасан атал УИХ Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн батлахгүй байгаа нь туйлын харамсалтай юм.
Өнгөрсөн хугацаанд Монголын улс төрийн орчин асар их бохирдсоноор нийгмийн өнөөгийн тогтолцоо чадавхаа шавхан нэгэнт дампуурсан билээ.
Гол буруутан нь үзэл баримтлал, бүтэц, үйл ажиллагаа үл ялгарах улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагыг атгасан олигархи улс төрчид бөгөөд тогтолцооны шинэчлэл хийх үндсэн орон зайг улс төрийн намуудтай холбож эрс алхам хийх нь тулгамдсан амин чухал хэрэгцээ мөн.
 
Иймийн учир:
 
НЭГДҮГЭЭРТ: Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт  өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн  эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтын үйлчилж эхлэх хугацааг 2021 оны 7 сарын 1 болгож наашлуулах буюу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган мөрдөхөд шилжих журмын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийг засварлах.
 
 
 
Улс төрийн намууд шинээр эмхлэгдэн зохион байгуулагдах хугацааг 7 жилээр урагшуулснаар үндэсний эрх ашиг хангагдана.
 
 
 
ХОЁРДУГААРТ: “Улс төрийн намын тухай Монгол Улсын хууль”-ийг бүхэлд нь шинэчлэн намыг Дээд шүүх биш Төрийн сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий  Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэх, намуудыг хатуу  гишүүнчлэлгүй болгох, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламж эзэмшихийг хориглох
ГУРАВДУГААРТ: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, сонгогч гадаадад явахаас бусад тохиолдолд түр хаягаар санал өгөхийг хатуу хориглох, хэсгийн хорооны тооллогын дүнг нам, эвслийн ажиглагчид дахин тоолж баталгаажуулах  зэрэг өөрчлөлт тус тус оруулах нь цогц шинэчлэл болно гэж БИД албан ёсоор мэдэгдэж байна.
 
Монголын Ардчилсан Холбоо бүх улс төрийн намуудыг тарааж дахин эмхлэгдэн байгуулагдах хүртэл  бүх хэлбэрээр тэмцэх болно.
 
МОАХ-Ы УДИРДАХ ЗӨВЛӨЛ