sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр охиныхоо хамт 07:40 цагт Нийслэлийн 48-р сургууль дээрх хэсгийн хороонд очиж саналаа өгчээ. Саналаа өгснийхөө дараа тэрээр сэтгүүлчид хандан: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, Монгол Улсад төрт ёс үүссэний 2230 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой гээд түүхэн, сайхан онцлогтой жил болж байгаа. Олон сайхан тэгш ой давхацсан энэ жил Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал болж байна гэж бодож байна.
 
Хоёр өдөр сайхан хур орлоо. Өнөөдөр сайхан нар мандлаа. Нар, хур тэгширсэн сайхан өдөр болж байна.
 
Ард иргэд маань сэтгэл өндөр, сонгуулиа өгөх сэтгэл зүй сайтай, сайхан байна. Монгол хүн бол Монголын баялаг. Бидэнд олон баялаг байгаа. Байгалийн баялаг байна. Мөн Монголын ард түмэн маань өөрөө баялаг. Монголын ард түмний оюун санаа бол асар том баялаг. Монголын ард түмний үүх түүх, соёл, бичиг үсэг гээд олон баялгынхаа эзэн болсон Монголчууд байх ёстой гэж би үзэж байгаа. Надтай хамт нэр дэвшсэн хоёр эрхэм, АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь өндөр амжилт хүсье. Д.Энхбат маань эмнэлэгт байгаа. Эрүүл мэндэд нь сайн сайхныг хүсье. Гэр бүлийн хүнд нь сайн сайхныг хүсье. Хурдан эдгэрээд, эмнэлгээсээ гараарай. Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг. Энэ цар тахлыг Монголчууд бид хамтдаа даван туулж, гарах ёстой. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Гэр бүлд нь аз жаргал хүсье. С.Эрдэнэ даргад мөн сонгуулийн ажилд нь өндөр амжилт хүсье. Ард түмэн маань ч гэсэн дээлээ өмсөөд, гоёж ирээд саналаа өгдөг шүү дээ. Монголын ард түмний маань ёс сайхан, үнэт зүйл байгаа юм. Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой." гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Чойжал