sonin.mn
Монгол Улсад коронавирусын халдвар, түүнээс улбаатай үхлийн тоо огцом нэмэгдээд байна. Үүний шалтгааныг тодруулахаар Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газрын хамтарсан тандалтын баг ажиллаж, дүгнэлт гаргажээ. Тэдний дүгнэлтээр энэхүү огцом тархалт нь төрийн шагнал гардуулсантай холбоотой аж.
 
Тодруулбал сүүлийн 20 гаруй хоногт нийт 16 мянган шагнал гардуулсан ба үүний 11 мянга нь "Алдарт эхийн одон" байсан гэнэ. "Алдарт эхийн одон" авсан хүмүүсийн 8700 нь  цайллага хийж, үүнээс улбаалан коронавирусын халдвар таржээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлыг орон нутагт тархах үндэслэл болсон гэнэ.
 
Манай Улсын хүн амын 30 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан ба үлдсэн 70 хувь нь эмзэг, тэр дундаа хүүхдүүд байгаа. Мөн коронавирусын халдварын тархалт нь 47 мянган жирэмсэн эхчүүдэд маш хүнд тусч буй юм. Халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь шинж тэмдэггүй, 75 хувь нь эмчилж хамгаалах шаардлагатай, 0.55 хувьд хүндрэл үүсч болзошгүй гэнэ. Харин маш олон давхар судалгаа, мэдээллээс дүгнэхэд вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй болох нь тогтоогдсон байна.
 
С.Сарнай