сонин mn
ВАШИНГТОН. /TASS/. Хэт давруу үзэлт “Талибан” хөдөлгөөн Афганистанд цэргийн байр сууриа 2001 оноос хойш байгаагүйгээр бэхжүүлээд байна гэж АНУ-ын Тагнуулын төв газрын Уильям Бернс мэдэгджээ.
АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гаргаж дууссанаас хойш хагас жилийн дараа тус улсын засгийн газар нуран унаж болзошгүй хэмээн Америкийн тагнуулын газар тооцоолж байгаа тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн байна.
“Бидэнд ажиглагдаж буй чиг хандлага санаа зовоож байна. “Талибан” хөдөлгөөн цэргийн томоохон амжилтанд хүрээд байна. Тэд 2001 оноос хойших цэргийн хамгийн бат бөх байр суурин дээр байж ч магадгүй юм” гэж Бернс хэлжээ.
 
“Гэсэн ч цаашид үйл явдал хэрхэн өрнөх боломжтой вэ гэх хувилбарууд олон. Афганистаны засгийн газар цэргийн томоохон хүчин чадалтай хэвээр байна. Өмнө нь хэлсэнчлэн, чиг хандлага бидний санааг зовоож байгаа ч энэ нь биднийг урьдчилан дүгнэлт гаргахад хүргэх юмуу гарцаагүй байдалд оруулна гэж бид бодохгүй байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
Түүхэндээ хамгийн урт хугацаанд үргэлжилсэн Афганистан дахь цэргийн кампанит ажлаа дуусгах шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 4 дүгээр сарын 14-нд мэдэгдсэн билээ. Энэ үед “Талибан” хөдөлгөөн хэд хэдэн чиглэлд халдан довтлох эрчээ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Афганистанд аюулгүй байдлын салбарын нөхцөл байдал дордсоор буй нь ажиглагдаж байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг