сонин mn
Өнгөрсөн Баасан гарагт “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээ гэгч болж, үй олон хүнийг нэг дор цуглууллаа. Уг арга хэмжээг  Б.Болор-Эрдэнэ даргатай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зохион байгуулсан юм. Энэ нь Монгол Улсад хууль, дүрэм журам огт хэрэгжихээ больж, цар тахлын давхар стандарт хэдийн тогтсоныг, том дарга, өндөр албан тушаалтны нөмөр нөөлгөнд багтсан хэн ч дураараа аашилж болдогийг харууллаа.
Учир нь  “Digital Nation 2021” гэгч арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой Комисс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хатагтай Б.Болор-Эрдэнэд огт зөвшөөрөөгүй аж.
 
Гэтэл Б.Болор-Эрдэнэ Нийслэлийн Онцгой Комиссын шийдвэрийг үл тоон, дур мэдэн уг арга хэмжээг зохион байгуулж, цар тахлын халдвар бараг л хяналтаас гарч, эмнэлэгт ор ч олдохоо больсон энэ цаг үед хэдэн мянган хүнийг нэг дор цуглуулсан байна.
 
Энэ нь Эрүүгийн хуулийн 15-6 дугаар зүйлийн 1 буюу "Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэсэн зүйлчлэл бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Гэтэл холбогдох хууль, хяналтын байгууллага нь одоог хүртэл Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга, хатагтай Б.Болор-Эрдэнэд ямар ч хариуцлага тооцож эхлээгүй, сэжигтнээр ч татаагүй байгаа аж.
 
Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээний дараа мэдээлэл хийх үеэрээ Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга, хатагтай Б.Болор-Эрдэнийн илт хууль бус үйлдлийг өмгөөлж, "Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас аж ахуй нэгжүүдээ дэмжиж оролцсон.
Төрийн байгуулага болон хамтарч ажилласан аж ахуй нэгжүүд алдаа гарсныг үгүйсгэхгүй ч гэсэн гадаах арга хэмжээг хийгээд явж байгаа Засгийн газрын бодлого цаашдаа ч гэсэн үргэлжилнэ. Эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байх тал дээр бид анхаараад явна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгоод явж байгаа. Цар тахалтай дасан зохицож, сөрж энгийн амьдралын хэв маяг руугаа шүүмжлэлтэй ч гэсэн бага багаар алхах хэрэгтэй" гэсэн үгсийг хэлсэн нь иргэдийн гайхшралыг төрүүллээ.
 
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүнсний дэлгүүрүүд 22.00 цагт хааж, олон хүн цуглуулахгүй гэсэн нэрийдлээр төрийн байгууллагын тендерийн комиссын үнэлгээний хороо хүртэл хуралдахгүй байгаа биш гэж үү? Л.Оюун-Эрдэнэ ээ. 
 
Ер нь Монголд хууль, дүрэм журам иргэдэд л зөвхөн үйлчилж, эрх мэдэлтэн, тэдний хань хамсаатнуудад огт хэрэгжихээ больж, өөрөөр хэлбэл цар тахлын давхар стандарт хэдийн тогтсон нь нэгэнт ил болчихлоо.
Энэ байдлаараа бол мэргэжлийн бус, төрийн албаны ямар ч туршлаггүй, тэр бүү хэл МАН-д хэзээ элссэн нь ч тодорхой бус, ер нь яг ямар учраас, ямар шалгуур, үндэслэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болсон нь тодорхой бус Обуна гэх охин хүртэл дураараа зөрчин, нулимж болдог УОК-ийн дүрэм, журмыг Монголчууд мөрдөх хэрэг байгаа юм уу даа?
 
Б.Болор