sonin.mn
ШИНЭ нам мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: " 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө болон дараа төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийг луйвардахаар сонгуулийн санал тоолох “хар машин”-ыг урьдчилан програмчилж, хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй талаар баримт нотолгоотой мэдээлэл хийж байсан билээ. Канадын “Dominion Voting Systems” компаниас санал тоолох явцад хөндлөнгөөс нөлөөлсөн, сонгуулийн дүнг дэлгэцээр үзүүлэхдээ зориулалтын бус програм ашигласан тухай мэдээллийг баталгаажуулсан билээ.
Мөн иргэн Г.Ган-Очир эрх баригч намын нэр бүхий хүмүүс, сонгууль зохион байгуулсан мэдээлэл технологийн ажилтнууд сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг алгоритмыг өөрчилсөн, лицензгүй програмаар зохион байгуулсан, сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дунд судалгаа хийж үнэмшилтэй байхуйцаар урьдчилан саналыг бэлтгэдэг тухай ноцтой мэдээллийг хийсэн билээ.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглох, Эрүүгийн хуулийн 14.6.2. Сонгуулийн саналын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан, 14.7.1. Сонгуульд хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан, санал хураалтын дүнг өөрчилсөн зэрэг ноцтой гэмт хэргийг шинжтэй үйлдлийг эрх баригч намын шууд хамааралтайгаар томилогдсон цагдаа, тагнуул, хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд шалгалгүй хав дарж, эсрэгээр иргэн Г.Ган-Очирын талаар нийгэмд буруу ойлголт төрүүлэн, эрүүдэн шүүж, төрийн нэрээр хууль бус дарамт шахалт үзүүлж буйг ШИНЭ нам эсэргүүцэж байна.
 
Эрх баригч нам сонгуулийн луйвраар төрийн эрх авсан асуудлаа сарниулахын тулд улстөрийн намуудын шинэчлэл нэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилж намын жагсаалт нэрээр ард түмний төрд тавих хяналтыг хариуцах эзэнгүй болгож, дахин “хар машин”-аар сонгуулийн саналыг тоолох, төрийн албан хаагчдаар сонгууль зохион байгуулах нь тодорхой болсон тул Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх, мэдлийг хадгалах гэсэн МАНАН-гийн хуйвалдааныг эрс эсэргүүцэхийг бүх улстөрийн нам, хүчин, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна. 
 
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны УИХ-ын нөхөн сонгуулийг луйврын сонгууль боллоо гэж үзэж байна. Төрийн эрхийг хууль бус аргаар авах замаар бүрэлдсэн УИХ-ыг нэн даруй тарахыг шаардаж байна‼️" гэжээ.