сонин mn
“Хүний эрх ба иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг залуучуудын дунд өрнүүллээ. МАН мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, хичээн эрмэлзэх зүйлийн эхэнд хүний эрхийг эрэмбэлэхээр болсныг Ерөнхий нарийн бичгийн  дарга Д.Амарбаясгалан энэ удаагийн уулзалтын үеэр тодотголоо. Тэрбээр МАН мөрийн хөтөлбөрөө өөрчлөх санаачилга гарган ажиллаж эхэлснийг дуулгахын зэрэгцээ өнөөдрийн байдлаар намын даргаар ажиллаж байсан болон бодлогын бичиг баримтан дээр удаа дараа ажиллаж байсан ахмадуудаас авахуулаад бүх түвшний гишүүдээс санал авч байгааг хэллээ. Ингэснээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг таван бүлэг, 25 заалт болгон өөрчлөх ажээ.  
 
Ингэснээр монгол хүн хуулийн дор, тэгш эрхтэйгээр амьдрах боломж бүрдэнэ. Ийм нийгмийг бүтээхийн төлөө эрх баригч МАН гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд 30 дахь Их хурлаас хүний эрхийн чиглэлээр бодлогын баримт бичиг батлан гаргахаар ажиллаж байгаа юм. Үүний тулд МАН сүүлийн есөн сарын хугацаанд хүний эрхийн чиглэлээр 40 гаруй хуульч судлаачтай хамтран олон талт судалгааг явуулсан юм. Ингэснээр өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулдаг буюу түгээмэл хэрэглэдэг  318 хуулийн 11900 заалтыг нэгбүрчлэн задалж үзэхэд  800 орчим заалт нь “Хүний эрхийн зөрчилтэй” гэсэн дүгнэлтэд хүрснийг судлаачид танилцуулаад байна. МАН олон талт судалгааны ажлыг эхлүүлэхдээ хүний эрхийн чиглэлд хаана, ямар асуудал  байгааг олж тогтоох  гэсэн зорилгодоо хүрсэн нь дээрх үр дүнгээс харагдаж байгаа юм.
 
 
Тиймээс эдгээр заалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, хүний эрхийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэдэгт эрх баригч нам бүх шатандаа санал нэгдээд байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ахмадууд болон эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч, намын зүгээс хийж, хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулан, санал хүсэлтийг нь хүлээн авсан билээ. Энэ удаад Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах бодлогыг МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд танилцуулах хэлэлцүүлэгт  НАМЗХ-ны залуучуудыг хүлээн авч уулзлаа. Хэлэлцүүлэгт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил нар оролцлоо.
 
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үндсэн илтгэлийг танилцуулсан бөгөөд “МАН бодлогын улс төрийн хүчин болж байгаагийн хувьд арга барил, өнгө төрхөөс авахуулаад олон зүйлийг өөрчлөхийг зорин ажиллаж байна. Тийм ч учраас энэ удаагийн Их хурлаар ардчилсан нийгмийн гол дайсан болсон авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдалтай хэрхэн яаж тэмцэх талаар ярих нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улс олон намын тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хойш МАН өөрийн үзэл баримтлал, үнэт зүйлтэй холбоотой асуудлаар хэдэнтээ хуралдаж, шийдвэр гаргаж байсан. Тухай бүрт гаргасан шийдвэрүүд үр дүнгээ өгсөн байдаг. Жишээлбэл, 1997 онд болсон намын Их хурлаар МАН Нагаржунайн төвч үзлийг сонгох уу, ардчилсан буюу зүүн төвийн социал үзлийг сонгох уу гэж ярилцаж байгаад тухайн үедээ ардчилсан социалист үзлийг сонгож байсан улс төрийн хүчин. Дараа нь 2010 оны үед нийгмийн ардчиллыг МАН-ын үндсэн үзэл баримтлал юм гэж  одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуучууд санаачлан зохион байгуулж байлаа. Тухайн үеийн хэрэгцээ, шаардлага нь ардчилал гэдэг зүйлээс МАН ухарч, тойрдог биш бидний үнэт зүйлдээ үүнийг багтаах ёстой гэдэг үүднээс хийсэн байдаг. Өнөөдөр эргээд харахад нийгмийн ардчилал гэдэг үзэл баримтлал маань өөрийнхөө үүргийг гүйцэтгэж, Ардын нам ардчиллын замаас хазайдаггүй гэдгийг ойлгуулсан алхам болсон юм. Залуучуудтай уулзаад явахад улс төрийн чиг хандлагаа чөлөөтэй хэлж, ярьдаг болсон байна. Либерал байна уу социал демократ үзэл баримтлалтай эсэхээ шууд хэлдэг болсон. МАН Монгол Улсын тусгаар тогтнол, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчиллын буюу социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэж явдаг.  Энэ гурван багана дээр тулгуурласан өөрсдийн мөрийн хөтөлбөрийг бид боловсруулж байна” хэмээн онцоллоо.
 
 
МАН хүний эрхийн хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс  дөрвөн төрлийн бодлого гаргах бөгөөд одоогоор зургаа дахь хэлэлцүүлгээ хийгээд байна. Цаашид энэ чиглэлд 40 орчим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм. Залуучуудын зүгээс МАН хүний эрхийн чиглэлд онцгой анхаарал хандуулж, эрх баригч намынхаа хувьд үүрэг, хариуцлагыг өөртөө хүлээн Монгол Улс өөрсдийн санаачилгаар хуульч, судлаач, эрдэмтдийг татан оролцуулан томоохон судалгааг хийсэн нь анх удаагийнх гэдгийг тодотгоод ихээхэн  талархалтай хандаж  байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх судалгаа олон байдаг боловч дандаа гаднын орны төсөл хөтөлбөр, санаачилга, санхүүжилтээр хэрэгжүүлдэг байсан аж. Тиймээс энэ удаад эрх баригч намын санаачилгаар олон талт судалгаа явуулсныг олзуурхаж байлаа. 
 
 
Тухайлбал, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Д.Отгонсүрэн “Хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг төр засгийн зүгээс гаргахын тулд эрх баригч нам томоохон бодлогын санаачилга гаргаж байгаад талархаж байна. Цаашид төрийн бодлогын төвд хүний эрхийн асуудал эхэнд эрэмбэлэгдэнэ гэж ойлголоо” гэсэн бол санал бодлоо хуваалцсан залуучуудын зүгээс нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал байгааг хэлж байлаа. Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг анхаарлын гадуур үлдээж болохгүйг сануулж байв. Түүнчлэн Монголын нийгэмд залуу хүмүүс байр, машины төлөө амьдардаг байдлыг өөрчлөхийн  тулд орон сууцжуулах асуудалд эрх баригч нам тэгш боломжийг олгох учиртайг ч онцолж байв.  
 
 
Харин Д.Пүрэв-Очир “Манай нам энэ сэдвийг хөндөж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна. Хүний эрхийн талаар ярьж байгаа тохиолдолд үүргийг ч мөн ижил түвшинд ярих нь зөв байх. Залуучууд өөрийнхөө эрх, үүргийг өндөр түвшинд ойлгож ухамсарладаг байсан цагт нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн бодлого шийдвэр зөв гарах боломж бүрдэнэ гэж харж байна” гэлээ.
 
Харин Э.Бат-Эрдэнэ “Хүний эрх гэдэг асуудал бол нийгмийн суурь болсон сэдэв. Энэ том сэдвийг зоригтойгоор барьж авч, хүчтэй дуугарч, гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаад баярлалаа. Энэ асуудлыг төрийн бодлого болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна”  гэлээ. 
 
Залуус чанартай боломжийг тэгш байдлаар эзэмшснээр эргээд ажлын байранд гарахад шударга байдлаар дүгнүүлж, ижил зарчмаар өрсөлдөх боломж нээгдэнэ. Тиймээс нэн тэргүүнд боловсролын салбар дахь сурч боловсрох тэгш эрхийн зарчмыг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн шаардлагад нийцсэн орон сууцаар хангагдах эрхийн хүрээнд залуусд мөн л тэгш боломж хэрэгтэй байгааг онцоллоо. Тэдний хүсдэг зүйл нь тэгш эрх, тэгш боломж. Хөрөнгө, мөнгөний өмнө хүчин мөхөсддөг нийгмийг үгүйсгэж, давхарга ялгааны ялгаралыг бууруулахыг хүсэж байна. Монгол Ардын намын хувьд ч хүний эрхтэй холбоотой, ялангуяа залуустай шууд холбогдох боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбар дахь хүний эрхийн асуудлыг шийдвэрлэснээр нийгэмд бугшсан авлига, хүнд суртал, дарамт зэрэг нь аяндаа үгүй болно гэж үзэж байгаа юм.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгийн наад зах нь төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ саад учруулахгүй байхаар барилга байгууламжаа өөрчлөх зэргээр тэдний эрхийг хамгаалах асуудал мөн хөндөгдөж байна. Цаашлаад шүүх засаглал ялгавартай шийдвэр гаргаж, хүний эрхийг зөрчиж буйг ч дурдлаа. Хамгийн гол нь эрх баригчид энэ бүх асуудлуудаас зугтаахгүйгээр, өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлж байгааг онцолж байна.
Залуучууд хүний эрхийг хамгаалах, хангах эрх зүйн шинэтгэлд хамтран ажиллахад бэлэн байна. Иргэдэд хүний эрхийн талаарх ойлголтыг бэхжүүлэхэд гар бие оролцож, хувь нэмрээ оруулах нь чухал гэдгийг тэд хэлж байна. Социал демократ үзэл баримтлалтай намын хувьд нийгмийн тэгш бус байдлыг үгүй болгох нь гол зорилго байдаг учраас хүний эрхийн зарчим алдагдаж буй зөрчлийг шийдэх нь онцлог байгаа юм.