sonin.mn
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд хүргээд байна. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ХОМ-ийг танилцуулж байна. 
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн жилийн орлого 169.6 сая төгрөг байна. Өмнөх онд 182 сая төгрөгийн орлоготой  гэж мэдүүлж байсан бөгөөд энэ жил буурч орж иржээ.  Тэрбээр нэг орон сууц, нэг байшинтай хэмээн 2018 оноос хойш мэдээлсэн нь өөрчлөгдөөгүй байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгөө 162.4 сая төгрөгөөр үнэлжээ. Тээврийн хэрэгслийн тухайд мөн 2018 оноос хойш өөрчлөлт ороогүй. “Harley Davidson” мотоцикль, “Lexus-570”, “Mercedes Benz ML320” суудлын автомашинаа 284 сая төгрөгөөр үнэлдэг.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоодын банк санхүүгийн байгууллагад нэг тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 
 
УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд 2021 онд 60 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ.  2020 онд 506 саяыг олж байсныг харвал УИХ-ын даргын орлого нэлээд буурсан үзүүлэлттэй байна.  Мөн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь өмнөх оноос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нийтийн орон сууц нэг, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй.  Тэднийгээ нэг тэрбум 175 сая төгрөгөөр үнэлсэн байна.  80 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Nissan Murano” маркийн нэг суудлын автомашинтай.  Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн хэмжээ 115.9 сая байна. Харин гадаадын банк санхүүгийн байгууллагад 2.8 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 234.9 сая төгрөг байна.  Тэрбээр нэг нийтийн орон сууцтай. Үүнийгээ өнгөрсөн жил 244 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2021 онд 291.3 сая төгрөг болж өсчээ. Тээврийн хэрэгслийн тухайд туулах чадвар өндөр “Toyota Highlander” хэмээх ганц машинтай гэж 2017 оноос хойш ХОМ-тээ мэдээлж байсан. Харин  үнэлгээ нь 2021 онд 30 сая болжээ. 2020 онд 97.6 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 онд 93.8 болж буурсан байна. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хадгаламж 2018 онд 112.9 сая, 2019 онд 100.6 сая, 2020 онд 97.6 сая, 2021 онд 93.8 сая зэргээр тасралтгүй буурч ирсэн байна.  Тэр гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгаламжгүй.
 
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин