сонин mn
“Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар цементийн үнийн өсөлтийн эсрэг аян эхлүүлснээ зарлаад байна. Цагтаа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн явсан энэ хүн Ардын намд элсэж аль чадлаараа өмнөх нөхдөө ноолсныхоо үр дүнд саяхан цементийн үйлдвэрийн дарга болсон юм. Ингэхдээ нэг уут хөтөлийн цементийг 15 мянган төгрөгөөр нийлүүлэх замаар үнийг нь буулгана гэв ээ. 50 кг ууттай цемент 15 мянга гэдэг бол тонн нь 300 мянган төгрөг гэсэн үг. Энэ мэдэгдлээс өмнө “Хөтөлийн цемент шохой” компанийн цемент тонн нь 260 мянган төгрөг байсан юм шүү дээ. Үүнийг хэрэглэгчид нь бол мэдэж л байгаа.
 
Тэгвэл өнөөдөр “Монцемент”-ийн тонн цемент 300 мянга, “МАК”-ын цемент тонн нь 330 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр үнийн өсөлттэй тэмцэж байна гэж төөрөгдүүлэх замаар өөрийнхөө үйлдвэрийн цементийг 20 шахам хувиар үнийг нь нэмчихсэн болж таарна. Мэдээлэл багатай нийт олонход таалагдахын зэрэгцээ үнээ нэмээд авлаа. Нэг сумаар хоёр туулай буудна.
 
Аливаа бүтээгдэхүүний үнэ үйлдвэрээс гараад хэрэглэгчийн гарт ирэхдээ яагаад өсдөг болохыг тайлбарлах уг нь илүүц юм. Тэнд тээврийн зардал гэж гарна. Буулгах ачигчийн хөлс орно. Ингээд цементийн үнэ багцаагаар зах дээр 400 мянган төгрөг болж байгаа хэрэг. Дундаас нь ченжүүд 10, 20 цаасны ашиг харахгүй байна гэж үгүй.
 
Тэгвэл “Хөтөл”-ийн дарга төрийн өмчит төмөр замыг ашиглан, ТӨҮГ-ын ажилчдын хөлс хүчийг үнэгүйдүүлэн байж хотод 300 мянгад авчирч байгаа юм байна. Тэр хөлс мөнгийг цементийн огтын шаардлагагүй асар олон хүн татвараараа бүрдүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Улсын үйлдвэр ашигтай бүү хэл алдагдалтай ажиллаж болдог. Тэрнийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс тэр тусмаа ийм нөхөдтэй нэг тавцан дээр цуг байдаг бусад үйлдвэрүүд нь нөхдөг юм даа. Бүр хоржоонтой нь гэвэл “Хөтөлийн цемент шохой”-н 300-д ирсэн цементийг хүмүүс ердөө дэргэд нь 380-аар шаглаж байна лээ.
 
Зурагтаар гарах нэг өөр, амьдрал дээр хэрэгжүүлэх тэс өөр юм шүү дээ, Л.Наранбаатар минь. Гол нь нийслэлийн хэрэгцээг бүрэн хангаж дийлэхгүй атлаа хүмүүст хүлээлт үүсгэх замаар “янаглан хорлох” ажиллагаа болчихлоо гэж мэргэжлийн улсууд харамсаад байгаа юм билээ. “Хөтөл”-өөр хийсэн шоу удахгүй дуусна. Угаасаа Дарханы зам, Зүүнбаянгийн төмөр зам цементээр ангаж байхад төрийн өмчит компанийг тийш нь чиглүүлэх цаг хугацааны асуудал. Тиймээс л наадам хүртэл попорчихсон байхад намар болоод мартчихна гэж бодож байвал хол эндүүрч явна гэдгийг нь сануулах хэрэгтэй байх.  
 
2015 онд бид цементээр Хятад улсаас бүрэн хараат байлаа. Муу нэртэй Хөгжлийн банкны ганц гялтайх юм нь бид цементээ дотооддоо үйлдвэрлэж чаддаг болсон нь юм. Ингэж чадаагүй бол өнгөрсөн хэдэн жилийн төмөр замын гацалтын үеэр энэ улс элгээрээ хэвтчих байв. Одоо харин төрийн өмчит газрын “хурган” дарга зах зээлийн “үл үзэгдэгч гар”-тай дайтах юм бодчихсон явж байна. Хэрэв дийлдэг бол тэр нь хэдхэн сар. Түүний дараа бид эргээд Хятадын хараанд очиж, “тамын тойрог”-т унах нь цаг хугацааны асуудал биш юм уу. Хэдхэн жилийн өмнө, сонгуулийн өмнө юмдаг Ерөнхий сайдын өрөөнд орсон хоёр олигарх улстөрч “Иргэн бүрдээ сая төгрөг өгчихье. Манай эдийн засаг жижигхэн юм чинь нүүрсний үнэ жаахан өсөхөд л сэпхийчихнэ” гэж яриад Сангийн сайдыг харвуулчих дөхсөн гэдэг. Заримдаа өгөх нь авахаасаа хөнөөлтэй байдаг. Дагаад эдийн засаг дампуурах, инфляцийн өсөлтөд идүүлж улс орноороо үгүйрэх бол улстөрчдийн нэг удаагийн ялалтаас хямдхан байдгийн тод жишээ нь, энэ. Мөн Ерөнхийлөгч эхлээд бараг хэнд ч хэлэлгүй явж байгаад “Тэрбум мод тарина” гээд НҮБ-ын индэр дээр амлачихаад ирсэн. Одоо амлалтыг нь дагаад тооцоо судалгаа хийж байгаа шиг “бяцхан улстөрчид” ч өөр өөрсдийн дур зоргоор нэр хүндээ нэмэгдүүлж болно гэж төсөөлдөг болсон бололтой. Үүнээс гарах үр дагаврыг нь татвар төлөгчид үүрдэг гэдгийг бодож үзсэн хүн байна уу. Бүр татвар бүрдүүлдэг бизнес эрхлэгчдэд “цохилт” өгөх тухай ярьдаг ТӨҮГ-ын даргатай байна гэдэг С.Жавхлангийн нэгэнтээ хэлсэнчлэн “Тавилан л юм даа”.