sonin.mn
ВАШИНГТОН. /The Diplomat/. “Жижиг улс орнуудын хувьд оршин тогтнох нь өөрөө тодорхой баталгаа биш, харин үргэлж асуулт, бооцоо, эрсдэл байдаг” гэдгийг Чех гаралтай зохиолч Милан Кундера сануулсан байдаг. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад ийм эмзэг байдлыг Украины дайнаас илүү Монголд сануулсан зүйл алга. Орос, Хятадын дунд оршдог, ердөө 3.5 сая хүн амтай Монгол Улс нь Украинаас олон хатуу сургамжийг авч байна. Жижиг орнуудын ийм сургамж нь ойрын жилүүдэд дэлхийн үйл хэргийг тодорхойлно.
 
 
Монгол Улсын газар зүйн хэт хязгаарлагдмал байдал нь Улаанбаатарыг гадаад бодлогын хувьд ихэвчлэн хоёр хөршийнхөө байр суурийг харгалзан үзэхэд хүргэдэг гэж хэлж болно. Гэхдээ энэ хандлага нь Монголын гадаад бодлогыг боловсруулах ажлыг гарцаагүй хойш татдаг. Нийгмийн сүлжээ хөгжсөн энэ эрин үед цаг хугацаа алдах нь цаг үеэсээ хоцорно гэсэн үг юм. Монголын төр харилцаанд идэвхтэй байж, цаг үеэсээ түрүүлж алхах ёстой. Эс тэгвээс олон нийтийн санаа бодол Монгол Улсын гадаад бодлогод үнэн зөв тусгагдахгүй байх эрсдэлтэй.
 
Украины дайны тухайд гэвэл, Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх Монгол Улсын байр суурийг довтолгоо эхэлснээс долоо хоног орчмын дараа буюу гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтэд мэдэгдээгүй. Тухайн үед ч уг мэдээллийг англи хэлээр хөрвүүлэн гаргаагүй. Харин дэлхий дахины мэдээ мэдээллийг цаг тухайд нь авдаг, нийгмийн ухамсартай Монголын залуус ийм хожимдуулсан байдлыг хүлээж аваагүй. Монголын олон нийтийн сүлжээгээр Засгийн газар Украиныг дэмжих тухайд хойрго хандаж байгаа талаарх шүүмжлэлээр дүүрсэн.
 
Нөгөөтэйгүүр, Монгол Улс Украин руу хүмүүнлэгийн тусламж илгээж, Оросын цэргүүдийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэн /эсрэг санал өгөхийн оронд/. Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь ямар ч тохиолдолд хангалтгүй ч ОХУ Монголын эрчим хүчний хангамжийг бараг бүрэн хянаж, дайнаа дэмжүүлэхийн тулд Монголд хайр найргүй шахалт үзүүлж байгааг харгалзан үзвэл чухал ач холбогдолтой юм.
 
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монголын нэр хүндтэй дуу хоолой бараг байхгүй байгаа нь Монголын гадаад бодлогын тогтолцоон дахь харилцааны доголдлыг улам дордуулж байна. 2005 онд тухайн үеийн Ерөнхий сайдын “The Washington Post” сонинд нийтлүүлсэн нийтлэлийг эс тооцвол “The New York Times”, “Financial Times” зэрэг олон нийтийн томоохон хэвлэлүүдэд нэг ч монгол хүн нийтлэлээ гаргасан тохиолдол байхгүй байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй ноцтой цоорхой болж болно. Украинчууд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чадварлаг ашиглаж, хүнд хэцүү байдлынхаа талаар дэлхий нийтэд мэдээлж байна. Монголчуудын хувьд олон улсын үзэгчдэд өөрийн байр суурийг үр дүнтэй хүргэхийн ач холбогдлыг одооноос ойлгож эхэлж байна.
 
 
Цэрэг армийн хувьд хүчирхэг гүрнүүд болох Орос, Хятадтай харьцуулахад Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд татвар төлөгчдийн их мөнгийг цэрэг армидаа зарцуулах шаардлагагүй гэж үзсээр ирсэн. Харин Украины дайн Монголчуудад “ирээдүйг хэн ч таамаглах аргагүй, Монгол Улс ямар ч нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй” гэсэн сургамжийг өгч байна.
 
Долоодугаар сарын 10 буюу Төрийн далбааны өдөр Монголын Засгийн газар сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн том гэж хэлж болох цэргийн ёслолын жагсаал хийсэн. Монголын ард түмний урам зориг, бахдалаас харахад цэрэг армидаа хандуулах анхаарал ийнхүү нэмэгдсэнийг тийм ч их эсэргүүцэхгүй байгаа бололтой. Украины амжилтын хувьд ихэнх нь өндөр чадвартай, төвлөрсөн бус хүчтэй нь холбон тайлбарлаж болох юм гэж олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Монголын цэрэг армийн хувьд яг л 2014 оны Украины Зэвсэгт хүчин шиг дээрээс доош чиглэсэн хуучин Зөвлөлтийн соёлоор үйл ажиллагаагаа явуулсаар байна.
 
 
Харин сүүлийн найман жилийн хугацаанд Украин бага цолтой офицерууддаа эрх мэдэл өгч, жижиг нэгжүүддээ илүү бие даасан эрх олгосон. Хэрэв Монголын арми гадаад аюул занал, дотоодын тогтворгүй байдлыг няцаах тал дээр нухацтай хандвал зохион байгуулалтын соёлыг мөн адил шинэчлэх ёстой. Хязгаарлагдмал хэмжээ, нөөц бололцоогоо харгалзан үзвэл Монгол Улс бие даасан жижиг нэгжүүдэд найдахаас өөр сонголтгүй.
 
Түүхэн болон геостратегийн янз бүрийн шалтгааны улмаас олон монголчууд Орос бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгааг хангаж чадах цорын ганц улс гэж үздэг. Гэвч Оросын удирдлагууд Монголд Америкийн биологийн зэвсгийн зориулалттай лабораториуд байдаг гэх үндэслэлгүй мэдэгдлийг саяхан хийсэн нь, мөн Украинд Оросын цэрэг илэрхий дутагдалтай байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг баталгаажуулах ОХУ-ын эрмэлзлэл, чадварт монголчуудыг эргэлзэхэд хүргэж байна. Монгол Улс нь дэлхийн өөрчлөгдөж буй дэг журамд байр сууриа тодорхойлох явцын ид дунд байна. Энэхүү үйл явцад тэнцвэрийг хадгалах нарийн ажиллагаа шаардлагатай.
 
 
Нэг талаас, Евразийн төв дэх цорын ганц ардчилсан орны хувьд монголчууд украинчуудын нэгэн адил ардчилсан, хөгжин цэцэглэсэн нийгэмд амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй. Нөгөөтэйгүүр, монголчууд юу ч тохиолдсон улс орон нь дангаараа даван туулна гэдгийг мөн ойлгож авч байна. Барууны ямар ч орон Монголыг аюулгүй байдлын баталгаагаар хангаж чадахгүй. Мөн Орос, Хятад гэсэн хоёр хөршөөсөө холдон явах аргагүй учир Монгол Улс тэдэнтэй энхийг эрхэмлэн зэрэгцэн оршин тогтнох ёстой.
 
 
Украины дайнаас жижиг орнуудад өгч буй сургамж нь нөхцөл байдлаас нь хамааран өөр өөрөөр тусна. Гэхдээ нэгтгэж байгаа нэг сэдэв бол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал юм. Хязгаарлагдмал байдлаас бүтээлчээр тойрон гарах, өөрсдийгөө дэлхийн хамтын нийгэмлэгт зайлшгүй шаардлагатай болгох нь жижиг орнуудын хувьд туйлын чухал юм. Дайн монголчуудад цаашид тохиолдож болзошгүй бүх нөхцөл байдалд бэлдэхээс өөр аргагүй болсон гэдгийг санууллаа. Энэхүү нийтлэлийг Монголын Стратегийн судалгааны хүрээлэнгийн орон тооны бус судлаач Г.Түвшинзаяа бичжээ. Тэрбээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын туслахаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын армийн бүрэлдэхүүнд багтаж Афганистанд үүрэг гүйцэтгэжээ. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "МОнцамэ" агентлаг