сонин mn
ТЕХРАН. /Mehr/. Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсүүлэх тухай хуулийн төслийг тус улсын Межлис буюу парламент олонхын саналаар баталлаа гэж “Mehr” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, хуулийн төслийг батлахыг парламентын гишүүдийн 205 нь дэмжиж, гурав нь эсэргүүцсэн бол дөрвөн хүн түдгэлзсэн байна. 
 
Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын хэвлэлийн төлөөлөгч Абольфазль Амуйи хэлэхдээ, "Ираныг гишүүнээр элсүүлэх нөхцөл бол тус байгууллагаас өнөөг хүртэл баталсан бүх баримт бичгийг батлах явдал юм" гэжээ.
 
"Хэрэв ШХАБ ойрын хугацаанд ямар нэгэн шинэ баримт бичиг баталбал Межлис мөн үүнийг хэлэлцэж батлах ёстой" гэж Амуйи онцолжээ. Ираныг ШХАБ-д элсүүлэх тухай хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси есдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан байна. “Залуу сэтгүүлчдийн клуб” агентлагийн мэдээлснээр, Раиси уг хуулийн төслийг парламентад хэлэлцүүлэхээр илгээжээ.
 
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд болсон байна. Энэ удаагийн уулзалтаар Беларусийг тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлж, Ираны төлөөлөгчид ШХАБ-д элсэх үүрэг амлалтын тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
 
Түүнчлэн Египет, Катар улсууд яриа хэлцээний түнш орон болсон бол Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ энэ статусыг авах үйл явцыг эхлүүлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг