сонин mn
Засгийн газраас орон нутагт шилжин суурьших залууст нэг сая төгрөг олгохоор болов
 
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьших иргэдийн тоо 875 мянгад хүрч 2021 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам 1.5 сая болж хот, хөдөөгийн оршин суугчдын харьцаа тэнцэх хэмжээнд хүрээд байна. Тэгвэл залуучуудын хот руу тэмүүлэх шалтгаан нь юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ бол мэдээж орон нутагт ажлын байр, тав тухтай амьдрах орчин байхгүйтэй холбоотой. Мөн жил бүр 60 гаруй мянган оюутан их сургуульд суралцахаар ирдэг. Гэвч тэд төгсөөд орон нутагтаа ажиллахаар очиход мэргэжлийнх нь дагуу ажлын байр байдаггүй учраас хотод шингэдэг гэдэг. Энэ тухай өмнө нь “Зууны мэдээ” сонин хөндөж бичиж байсан.
 
Тэгвэл Засгийн газраас хөдөө орон нутагт шилжин суурьших иргэнийг дэмжиж нэг удаа нэг сая төгрөг олгохоос гадна анх удаа очиж байгаа гэр бүлд ипотекийн гурван хувийн зээл олгоно. Төрийн захиргааны орон нутгийн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмнэ гэв. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар “Энэ тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах таатай боломжийг бий болгох, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн дээд, төв байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний салбарын 86 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь байршиж байна” гэсэн юм. Залуучууд тэгвэл үүнийг хэрхэн харж байгаа талаарх байр суурийг хүргэж байна.
 
Гурван хувийн зээл авах гэсэн боловч орон нутагт орон сууц нь байсангүй
 
Залуучуудын хувьд орон нутагтаа очиж амьдрах сонирхолтой байдаг. Гэвч тэдэнд ажлын байр, боломжийн цалин, тав тухтай амьдрах орчин байдаггүй.
 
Энэ тухай залуусын төлөөлөл Э.Тунгалагтуяа “Би 26 настай. Отгонтэнгэр их сургуулийг хятад хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн. Миний хувьд Говь-Алтай аймгийнх. Одоо Улаанбаатарт Таванбогд компанид худалдааны төлөөлөгч хийж байна. Залуучууд бид заавал Улаанбаатар хотод амьдрах гээд байгаа зүйл огт байхгүй. Их сургуулиа төгсөөд бүгд орон нутагтаа ажиллах боломж байна уу гэж хайдаг. Гэвч бодит байдал дээр орон нутагт төрийн алба, сургууль, цэцэрлэг, эмнэлгээс өөр ажил байдаггүй.
 
Нэг аймаг дунджаар 60 мянган хүнтэй гэж бодъё. Тэр хүмүүсийн 50 хувь нь дээд боловсролтой гэвэл төрийн албаны цөөхөн орон тоонд сул орон тоо олдохгүй. Жишээлбэл, миний хувьд аймагтаа очоод ажиллая гэсэн боловч мэргэжилд маань таарсан ажил байхгүй байсан” гэсэн юм. Тэгвэл орон нутагт шүд зуун амьдарч байгаа залуус ч бий. Тэдний хувьд орон нутагт удаан амьдрах боломж алга гэж байв. Тэгвэл орон нутагт амьдарч буй залуусын төлөөлөл Б.Хулангийн хувьд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр “Миний хувьд МУИС-ийг төгссөн. Оюутны төлбөрт жилд 4.2 сая төгрөг төлж дөрвөн жил сурсан. Сургуулиа төгсөөд сумандаа ажиллаж байна. Манай сумын хувьд төмөр зам, хар зам, МАК цементийн үйлдвэр, уул уурхай их хөгжсөн газар. Гэвч нэг ч орон сууц байхгүй. Гал түлдэг байшинд 600 мянган төгрөгийн цалин аваад амьдарч байна.  Засгийн газраас орон нутагт амьдрах залууст ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгоно гэж байна. Зээл хөөцөлдөөд гарлаа ч байр нь байхгүй байна шүү дээ. Миний хувьд ч гэсэн төв суурин газар тав тухтай орчинд ажиллаж, амьдрах бодол төрөх болсон. Нэг удаа нэг сая төгрөг өгөх биш сая төгрөгийн цалин олгодог болох хэрэгтэй байна” гэв.
 
Манай улсын хувьд хүүхдийн 20 мянга, гэрлэлтээ батлуулсны 500 мянган төгрөгийг олгож байсан. Тодруулбал, 500 мянган төгрөг авах гэж гэрлэлтээ батлуулж байсан залуус олон бий. Яг үүн шиг орон нутаг руу сая төгрөг авахын тулд шилжээд эргээд ирэх бодол эдийн засгийн байдал хүнд үед залуусын толгойд орж ирж л байгаа. Тэгвэл эдийн засагчид үүнийг хэрхэн харж байгаа бол.
 
Энэ талаар Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Манай улс гэрлэлтээ батлуулсан залуу хосод 500 мянган төгрөг, оюутны 70 мянга, өндөр настны нэг сая төгрөг олгох түр зуурын бодлогуудыг ихээр хийж ирсэн. Одоо дахин орон нутагт шилжин суурьших залууст нэг сая төгрөг олгоно гэж байна. Орон нутагт шилжин суурьших бодлогыг дэмжиж байгаа нь зөв. Гэхдээ тэнд амьдрах орчин эдийн засаг болон нийгмийн таатай орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ингэхгүй нэг удаагийн түр зуурын бодлого баримтлах нь эдийн засаг, төсвийн хувьд хохиролтой шийдвэр. Мөн орон нутагт соёлын төв, заал, угтах хаалгыг барьснаас үйлдвэр, орон сууц барих нь зүйтэй. Нэг сая төгрөгийг нэг удаа өгч орон нутаг руу залуус шилжсэн ч ажил байхгүй учраас буцаад л ирнэ” гэсэн юм.
 
Орон нутагт ажлын байр ямар байгаа талаар Говьсүмбэр аймгийн хөдөлмөр халамжийн газрын дарга н.Болортуяагаас тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт сул ажлын байр олон байна. Төрийн болон үйлчилгээний салбарт ажил их байгаа ч залуус ажилд орохгүй байна. Яагаад гэхээр ирээд ажилд ороод амьдрах байр алга байна. Мөн цалин багатай байгаа нь орон нутгийг сонгохгүй байх шалтгаан болж байна” гэв.
 
Дээрх байр сууриудаас харахад орон нутгийг дэмжих Засгийн газрын бодлого зөв ч орон нутагт амьдарч, ажиллах таатай орчинг бүрдүүлэх нь зүйтэй байна.  Нэг удаагийн дэмжлэгүүдийг улсаас олон удаа олгож байсан. Гэвч үр дүнд хүрсэн нь одоогоор алга. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгох гэж байгаа ч орон сууцтай сум хуруу дарам цөөн байгаа нь харамсалтай. Тиймээс дээрх асуудлуудыг шийдэж байж хөдөө рүү явахыг шаардах нь зүйтэй.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин