ТСТОКХОЛМ. /BBC/. Шведийн төрийн өмчит уул уурхайн "LKAB" компани тус улсын хамгийн хойд хэсэгт орших Курина хот орчмоос нэг сая гаруй тоннын нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ өчигдөр буюу пүрэв гарагт зарлажээ. Энэ нь Европоос илэрч байсан ийм ордуудаас хамгийн том нь юм.
Газрын ховор элемент нь гар утаснаас эхлээд алсын удирдлагатай пуужин, өндөр технологийн бүтээдэгдүүний үйлдвэрлэлийн гол түүхий эд билээ. Ийм төрлийн түүхий эдийг одоогоор Европт олборлохгүй байгаа бөгөөд Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш энэхүү орд газрыг илрүүлснийг Европын Холбоо Хятадаас хамааралтай байдлаа багасгах арга зам гэж тодорхойлж байна.
Түүнчлэн цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнсний эрэлт, үйлдвэрлэл өсөх төлөвтэй байгаа тул ийм орд нээсэн нь ногоон шилжилтийн хувьд "шийдвэрлэх” ач холбогдолтой гэж үзэж байна.
2021 онд ЕХ-нд ашигласан газрын ховор элементийн 98 орчим хувийг БНХАУ-аас импортолжээ.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Шведийн Эрчим хүчний сайд хэлэхдээ, ЕХ нь "эдгээр түүхий эдийн хувьд бусад орноос хэт хамааралтай байгаа" бөгөөд өөрчлөлт хийх шаардлагатай байна гэж мэдэгдсэн байна.
“Цахилгаан эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, хөгжил, Европын Холбооны бие даасан, Орос ба Хятад улсаас хараат бус болох үйл явцыг энэхүү уурхай эхлүүлнэ” гэж Эбба Буш мэдэгджээ.
Гэхдээ шинээр илрүүлсэн ордын бүтээгдэхүүн 10-15 жилийн дараа зах зээлд гарч магадгүй байна. Учир нь байгаль орчны эрсдэлийн үнэлгээний улмаас ашиглалтын лиценз авахад нэлээд цаг хугацаа шаарддаг гэж “LKAB” компанийн гүйцэтгэх захирал Ян Мостром мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "Европт энэ төрлийн түүхий эдийн олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд энэ үйл явцыг хурдасгахыг эрх баригчдад уриалсан байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(2)
Манайд ч газрын ховор эльементийн нөөц хэд хэдэн газар илэрсэн биз дээ! Чаддагсан бол цахим хэрэгслийн үйлдвэр байгуулаад, тэр түүхий эдээ олзворлон боловсруулж, бүтээгдэхүүн хийн, экспортонд гаргамаар байгаа байхгүй юу? Гэхдээ манайхыг тоож, хамтран үйлдвэр байгуулах орон алга л даа! Ядаж олзворлон боловсруулаад, экспортод гаргаж ч чадахгүй орон юм даа! Европын холбооны орнууд яг нэг орон шиг интеграцид нэгдчихжээ. Ер нь, барууны орнууд их бат нягт холбоотой байгаа юм биш үү?!
Яг одоогоор Монголд юу олборлоод хэрэггүй. Учир нь бүгд хулгайн замаар орж хулгайч-баячуудын давхарга үүсч б.а Зүгээр бүх ордыг хааж,лицензийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Ард түмний хяналт сайн болсон үед хойч үе хэрэглэсэн нь дээр