sonin.mn
ТОКИО. /NHK/. Япон болон Энэтхэгийн агаарын цэргийн хүчний /АЦХ/ анхны хамтарсан сургууль даваа гарагт буюу өнөөдөр эхэллээ. Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, сургуулилалт Токио хотын ойролцоо, агаарын цэргийн хүчний “Хякүри” баазад болж байна. 
 
Нэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх уг сургуулилалтад Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний “F-2”, “F-15” сөнөөгч онгоцууд, Энэтхэгийн талаас “Су-30МКИ” сөнөөгч онгоцууд, мөн түлш цэнэглэгч “Ил-78” нисэх онгоц оролцож байгаа аж.
 
Энэхүү хамтарсан сургуулийг анх 2020 оны эхээр хийхээр төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулжээ. Энэтхэг, Япон улсууд "Dharma Guardian" нэртэй хуурай замын цэргийн хамтарсан сургууль, тэнгисийн цэргийн “JIMEX” сургуулилалтыг хамтран зохион байгуулдаг. Япон улс нь 2015 оноос хойш Австрали, Энэтхэг, АНУ-ын хамтарсан “Malabar” тэнгисийн цэргийн сургуулилалтад тогтмол оролцдог болжээ.
 
Хоёр улс батлан хамгаалах салбарт хангалт үйлчилгээг харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэтхэг улс ийм гэрээг мөн Австрали, АНУ, Франц, БНСУ болон Сингапуртай байгуулжээ. 
 
2022 оны есдүгээр сард Энэтхэг, Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар “2+2” хэлбэрээр яриа хэлцээ хийсэн билээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг