sonin.mn
“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн “Мөнгө ба инфляц” сэдвээр лекц уншсаныг хураангуйлан хүргэж байна. 
 
Үндсэндээ хэд, хэдэн эдийн засгийн сургуулиуд байдаг. Марксизм, Адам Смит гэх мэт. Орчин цагт Кейнсизм, Чикаго сургууль, Австрийн сургууль гэсэн гурван сургууль ноёрхож байна.
 
1. Кейнсийн онолыг 60-70 хувь нь баримталж байна. 
 
2. Монетарийн сургууль байна. Гол төлөөлөгч нь Милтон Фридман. Сайн талууд маш ихтэй. Чөлөөт зах зээл, капитализм, чөлөөт арилжаа, хувьчлал, либертари бодлогуудыг маш их дэмждэг. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тусам тэр хэмжээгээр үнэ өснө гэсэн маш зөв, гайхамшигтай санааг Монетарийн гол төлөөлөгч Фишер гаргаж ирсэн. Гэхдээ зөвхөн үнэ л өсөөд байна гэдэг дээр ерөнхийд нь харж, анхаарсан. Бусад факторуудыг авч хэлцээгүй байдаг. Үүнийг нь Фридман цааш нь жаахан засаж янзалсан. Энэ бол Чикаго сургуулийн үзэл санаа юм. Дэлхийд 20-30 нь ярьдаг, заадаг, мэддэг.  
 
Энэ хоёр сургуулийг бид өнөөдөр ярихгүй. 
 
Харин Австрийн сургуулийн тухай ярина.
 
Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ч ярих “дургүй” байдаг. Яагаад гэвэл ихэнх төр засаг энэ сургуулийн сургаал, номлол, үзэл санаанааг таалдаггүй. 
 
Тиймээс төрөөс дэмжлэг авдаг хэн бүхэн үүний эсрэг зогсож, гадуурхдаг.  
 
Өнөөдөр Австрийн сургуулийн онол, мөнгө, инфляцийн тухай сэтгэлгээний өөр талаас нь ярьж үзье гэж бодлоо.
 
1990 оноос өмнө манайд чөлөөт зах зээл, сэтгэлгээний онолууд хориотой байлаа. Ардчилсан хувьсгал гарснаар иргэд бизнес, худалдаа, арилжаа хийх эрх чөлөөтэй болж, хувийн өмчтэй болсон. 
 
Зэрэгцээд шинэ үзэл, санааны номнуудын орчуулга ч их хийгдэж эхэлсэн. Би хувиасаа болон компаниасаа санхүүжүүлж Фридман, Мизес, Хайек нарын нилээн хэдэн ном гаргасан. 
 
Мөнгө гэдэг нь “мал” гэсэн утгатай латин үг. Малчид яагаад малаа зарах дургүй байдаг вэ гэвэл мал нь тэдний хувьд мөнгө, хадгаламж нь юм. Малаа хараад сууж байна гэдэг бол тэдний хувьд жаргал. 
 
Манай Монголд, ялангуяа Кейнсийн сургуулийнхан “Мөнгө бол бизнес, эдийн засагт хүний цусны эргэлт шиг маш их хэрэгтэй зүйл” гэж ярьдаг. Тийм учраас зах зээлд мөнгө их байх хэрэгтэй гэж боддог. 
 
Гэтэл үнэн хэрэг дээрээ мөнгийг хэдий чинээ их өгөөд, өгөөд баялаг бий болохгүй. Зүгээр л арилжааны хэрэгсэл болохоос биш үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүн өснө гэсэн зүйл биш. Ингээд үзэхээр “мөнгө бол цусны эргэлт” гэж ярих нь буруу юм аа. 
 
Австрийн сургуулийн эдийн засгийн сэтгэлгээнд оруулсан нэг том хувь нэмэр бол Марксын Капиталын онолыг хуурмаг гэдгээр нь маш сайн гаргаж ирсэн явдал юм. Үнэ, мөнгөний тухай онолыг маш сайн гаргасан. Дараа нь зээлийн тэлэлт, бизнес циклийн онолыг эдийн засагт оруулж ирсэн. 
 
Инфляц гэж юу юм бэ? 
 
Өнөөдөр манайд инфляцийг янз, янзаар тайлбарладаг. Ерөнхийдөө инфляц бол барааны өсөлт биш, зөвхөн мөнгөтэй холбоотой үзэгдэл. Илүү их бараа үйлдвэрлэж, нийлүүлэлт өсвөл илүү их баялаг бүтээгддэг. Бүгд мэднэ. Үйлдвэрлэл нэмэгдэж байж иргэд баян болно. Харин мөнгийг ихээр нийлүүлснээр үйлдвэрлэл нэмэгдэхгүй ээ. Хүмүүс буруу ойлголттой байдаг. Нисдэг тэргээр мөнгө цацсанаар баялаг болохгүй. Баялагийг үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж байж бий болгодог. 
 
Их мөнгөтэй болсноор бид баян, баялагтай, улс орон хөгжчихлөө гэдэг зүйл огт байхгүй ээ. 
 
Мөнгө бол зөвхөн арилжаа, солилцооны хэрэгсэл юм. 
 
Гол нь Австрийн сургууль мөнгөний нийлүүлэлт дээр анхаарсан байгаа юм. 
 
Мөнгөний нийлүүлэлт, төрийн мөнгөний бодлого нь үнийг өсгөөд зогсохгүй, эдийн засгийн бүтцийн тэнцвэргүй байдал үүсгэнэ гэх мэт бүх зүйл мөнгөнөөс хамаарна. Мөнгийг хэр их нэмнэ тэр хэмжээгээр гамшиг, сүйрэл авчрах аюултай юм байна гэдгийг Австричууд олж, харж, нээж номнуудад оруулжээ. 
 
Мөнгө бас эрэлт, нийлүүлэлтээрээ үнэ цэнэ нь тогтоно. Мөнгө бараатай ялгаа байхгүй. Мөнгөний нийлүүлэлт ихсэх тусам үнэ цэнэ нь буурна. Мөнгөний үнэ цэнэ буурна гэдэг нь худалдан авах чадар нь буурна л гэсэн үг.
 
Монголд болж буй процес ерөөсөө л энэ. Өөр юу ч байхгүй. 
 
 
Хэт их мөнгө зах зээл рүү оруулчихсан. Хэвлэж байна уу, үгүй байна уу бүү мэд. Гэхдээ ямар нэг аргаар. Ингээд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр зээлийн хүү буурах нь гарцаагүй. Зээлийн хүү буурснаар зээлийн тэлэлт, олголт маш их болно. 
 
Тэгэхээр та бүхэнд өнөөдөр ойлгуулах гээд байгаа Австрийн сургуулийн онолоор бол инфляц нь барааны, гурилын, махны, архины үнийн өсөлт огт биш. Энэ бол зөвхөн төрийн мөнгөний нийлүүлэлтийн л өсөлт. Өөр юм байхгүй. 
 
Үүнийг мэдээж улс төрчид буруугаар тайлбарлаж, хэвлэл мэдээлэл ашиглаж PR, тархи угаалт их хийдэг. Нийгэм тэр аяараа тархиа угаалгачихсан. Инфляцийг намайг бий болгодог гэж буруутагдаг. Яагаад гэвэл бараа, бүтээгдхүүн үйлдвэрлэгч, гурил үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхнийг байнга буруутгаж, тэд л үнээ нэмлээ гэдэг. 
 
Инфляц бол маш аюултай зүйл.
 
Ромоос авхуулаад ихэнх эзэнт гүрнүүд инфляцаас болж сүйрсэн байдаг. Бид бас Монголын эзэнт гүрэн яагаад мөхсөнийг судлаж байна. 
 
Хубилай хаан цаасан мөнгө анх гаргаж ирээд хэт ихээр хэвлэж зах зээл рүү оруулснаар Монголын эзэнт гүрэн сүйрсэн байх шалтгаантай. 
 
Судлаачид үүнийг нэмж судлах хэрэгтэй. АНУ-ын дайнууд бас адил шалтгаантай. Арилжааны солилцооны хэлбэр нь алт, мөнгө, зоос, цаасан мөнгө гээд ямар ч байж болно. Гагцхүү түүний нийлүүлэлт хэт их өсөх нь л эмх замбараагүй байдлыг үүсгэнэ. Оросын Октябрийн хувьсгал бол цэвэр инфляцаас болсон. Хэт их инфляц байсан. Өөр юу ч байхгүй. Аливаа инфляц их болохоор хуучин мөнгөө халж шинэ мөнгө гаргаж ирдэг. Орост шинэ рубль гаргахад хуучин рубль нь илүү эрэлттэй, худалдан авах чадвар нь илүү байсан гэдэг. Яагаад гэвэл хуучин мөнгийг нэмж хэвлэхээ больсон, ховор байсан. Шинэ нь хэт их гарсан, хэвлэсэн, үнэ цэнэгүй болсон, ингээд хувьсгал гарсан. Хятадад инфляц бий болсноор Чан Кай Ши унаж Мао гарч ирсэн. Германд мөн ялгаа байхгүй. Дэлхийн нэгдүгээр дайны дараа 1920-1922 оны үед талх авах гэж мөнгөө тэргээр түрж дэлгүүр ордог байсан.
 
Тэгэхээр ямар нэгэн хувьсгал, дайн дажин, бүх л асуудал голцуу мөнгөнөөс, инфляцаас болсон байдаг. 
 
Мөнгөний худалдан авах чадвар унаснаас болж сүйрэл үүсдэг гэдгийг товчхон дурьдлаа. Олон жишээ бий л дээ.
 
Төрд мөнгө хийх хоёр арга байдаг.
 
Нэгд, иргэдээс татвар хураадаг. Татвар хурааснаар инфляц явагддаггүй. Татварын мөнгөөр халамж тараавал мөн инфляц болохгүй. Яагаад гэвэл татварын мөнгийг нэг хэсгээс нь аваад нөгөөд нь л өгч байгаа мөнгө. Татвараар буй болсон орлогыг хөрөнгө оруулалт, халамж гээд юунд ч зарцуулсан инфляцад нөлөөлөх нь маш бага. Бараг байхгүй. 
 
Хоёрт, хуульчлагдаагүй татвараар төр мөнгөтэй болдог. Тэр нь инфляц. 
 
Засгийн газар инфляцаас асар их хэмжээний мөнгө хийж, ашиг олдог. Тэр утгаараа инфляцад маш их дуртай, хайртай. Гэхдээ өөрөө үүсгэсэн атлаа бурууг нь надруу, үйлдвэрлэгч, хэрэглэгч нар луу чихдэг. 
 
Инфляц нь мөнгө хэрхэн зарцуулсан аргад бус харин мөнгө хэрхэн олсон аргад байдаг. 
 
Жишээлбэл, Хөгжлийн банкны мөнгийг хэн, хэрхэн, яаж зарцуулсанд л анхаараад байдаг. Энэ нь нэг их чухал биш. Тэр мөнгийг хаанаас, яаж авсныг, хэнээс зээлснийг, хэрхэн олсон л чухал. Тэндээс инфляц бий болох уу, үгүй юу гэдэг нь хамаарч байгаа. 
 
Мөнгө хэвлэх эрх нь ганцхан төв банк буюу Монгол банканд байдаг. Тэгээд инфляц гэхээр бидэн лүү бурууг чихдэг. 
 
Милтон Фридман нар инфляцаас гарах нь архичин хүн архинаас гарах гэж байгаа юм шиг маш хэцүү, энэ бол өвчин гэдэг. 
 
Зээл...
 
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр зээлийн тэлэлт явагдаж байгаа. Банкны зээл. Банк танд зээл өгөхдөө таны хөрөнгөний ойролцоогоор 50-60 хувьтай тэнцэх хэмжээний л зээл өгнө. Банкны нийт хөрөнгөний 10 хувь нь л өөрсдийнх нь байдаг бөгөөд үлдсэн 90 хувь нь хадгаламж буюу бусдаас авсан мөнгө байдаг. Тэгээд бизнес хийдэг. 
 
Гэтэл жишээ нь, Засгийн газар, МИК буюу орон сууцны корпорац зэргийн өөрийн хөрөнгө нь тэг байдаг. Тэгсэн мөртлөө хүний хөрөнгөөр бизнес хийдэг. 
 
Австрийн сургуулийн эдийн засагчдын үзэж буйгаар хямралын эх сурвалж нь зээл, зээл олгож байгаа байдал, зээлийн эх үүсвэр, тэлэлт гэж үздэг. 
 
Ерөөсөө хадгаламжийн хэмжээ нь 100 хувь баталгаажсан зээл л олгож байя гэжээ. Тэгэхгүй 10, 90 гэж явах л юм бол хямрал, инфляц бий болно гэдэг санал дэвшүүлж байгаа. Харамсалтай нь энэ өнөөдөр биелэхгүй. Яагаад гэвэл бүгдээрээ Кейнсизмээр явж байгаа.  
 
Алт худалдаж авах эрх нь зөвхөн Монгол банканд байдаг. 
 
Жил бүр Монгол банк 20-25 тонн алт худалдаж авдаг. 3-4 их наяд төгрөг зарцуулж байна. Энэ мөнгө хаанаас гардаг вэ? Монгол банканд хэвлэчихсэн төгрөг байна гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. 
 
Та 30 кг алт тушаалаа, Монгол банк тооны машин дээр хэдэн тоо хийгээд л гүйцээ. Ингээд л шинэ мөнгө бий болчихож байгаа юм.  
 
Монгол банкны зах зээлд цоо шинэ мөнгө бий болгох гоё арга бол алт худалдаж аваад өөрөө түүнийгээ валют болгох явдал. Гоё бизнес байгаа биз. Монопол эрхтэй алт худалдаж авна тэгээд төгрөг л өгнө. Доллар өгөхгүй. Тэгэхээр алт худалдаж авч байгаа энэ их мөнгө бол зах зээлд мөнгө нийлүүлж байна л гэсэн үг. 
 
Монгол улс гадаад худалдаан дээрээ жил бүр асар их ашигтай гараад байдаг. Ноднин жил 3.8 тэрбум долларын ашигтай гарсан байна. Гэтэл тэр их мөнгө нь хаачив гэхээр оффтэйк гэрээ, нүүрсний хулгай энэ тэр гээд янз бүрээр тайлбарлаад та нарын толгойг чинь эргүүлдэг. 
 
Инфляц ярихаар доллар луу чихдэг. Та нар, импортлогч нар гаднаас доллараар таваар худалдаж аваад байна гэдэг. Гэтэл бидэнд хангалттай их доллар байна шүү дээ. Хар даа. 
 
Зөвхөн алт худалдаж авснаар сүүлийн гурван жилд 4.5 тэрбум, гадаад худалдааны ашигт 8.5 тэрбум доллар, ингээд зөвхөн энэ хоёрыг нийлүүлээд сүүлийн жилүүдэд Монгол улс 13 тэрбум долларын ашиг олсон байна. Тэгсэн мөртлөө доллартай харьцах төгрөгийн ханш 40 хувь унасан байна.  
 
Шалтгааныг нь олцгооё, тэгэх үү? Нэг юм болохгүй байгаа биз. Яагаад? Хангалттай их доллар олж байна шүү дээ. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ?
 
Үүнийг Австрийн онолоор л тайлбарлана. Яагаад гэвэл хэт их төгрөг хэвлэж, компьютэрийн ард бий болгож зах зээлд өгсөн байна. Тиймээс энэ доллар юу ч биш болж байгаа юм. Үрэн таран хийгдэж байна гэсэн үг. 
 
За ийм тайлбар Австрийн сургуулийн зүгээс хийгдэж байгаа юм. Үүнийг судлаад байвал гоё, гоё юм гарч ирнэ. 
 
Дараа нь бид нар Ковидын гурван жилд 11 их наяд төгрөг сайхан цацсан. Энэ 11 их наяд төгрөг хаанаас гарч ирсэн бэ? Дахиад эх үүсвэрээ ярья. Татвараас лав бий болгоогүй шүү. Тэгэхээр дахиад л мөнгө шинээр нийлүүлсэн. 
 
Цахилгаан тэглэлтээс өгсүүлээд бүх төрлийн халамж татварын орлогоор олгогдоогүй, гадаад, дотоод өр, зээл, бондоор олгогдсон л бол энэ нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөж байна л гэсэн үг. Тэр утгаараа дахиад инфляцад нөлөөлнө гэсэн үг. 
 
Тиймээс инфляцад ковидын төсөв хамгийн их нөлөөлсөн. 
 
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэхийн тулд зээлийн хүүг хүчээр буулгадаг. Монголын жишээн дээр харагдаж байгаа байх. Хууль хүртэл гаргаж байна. Зах зээлийн бус аргаар зээлийн хүүг бууруулах юм бол зээлийн тэлэлт явагдаж байгаа юм. Ойлгомжтой шүү дээ. Зээлийн тэлэлт нь хэрэглээний барааны үнийг өсгөдөг. Энэ их гоё юм гарч ирж байна шүү. Яагаад? Хэдий чинээ их зээл олгохоор хүн юм хямдрах юм байна гэж боддог. 
 
Нефтийн үйлдвэр барихаар бид хямд бензин хэргэлнэ гэж боддог. Ёстой молиг шүү. 
 
Хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл тэрнийг зээлийн тэлэлтээр, асар их өр тавьж хийж байгаа зүйл. 
 
Бага хүүтэй зээлэнд мань мэт нь хошуурна. Бизнес эрхлэгчид хамаг юмаа тавиад, бүгд тийшээ уралдана. Зээлийн хүү бага болохоор өмнө нь алдагдалтай байсан тооцоо, төсөл маань гэнэт ашигтай гараад эхэлдэг. Энэ утгаараа буруу хөрөнгө оруулалтууд маш их хийгдэж, олон бизнесмэнүүд дампуурдаг. Ажилгүйдэл бий болдог. Энэ үзэгдлийг “бизнесийн мөчлөг” буюу “өрнөл дампуурал” гэж нэрлэдэг. Австрийн эдийн засгийн сургуулийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хамгийн том гавьяа нь энэ юм. 
 
Зээлийн тэлэлтээс маш их буруу хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Тэр нь эхэндээ үнэ өсгөнө, дараа нь үнэ бууна, тэгээд маш их дампуурал авчирч эдийн засгийг их хэмжээгээр хохироодог. Тиймээс Австричууд мөнгөний нийлүүлэлтийг зөвхөн хуримтлалтай уялдуулж хийх нь зүйтэй гэж үздэг. Түрүүн хэлсэн хадгаламжийн 100 хувьтай баталгаажсан гэж. 
 
Тэгвэл хуримтлалыг яаж бий болгох юм бэ? 
 
Компани, иргэд үйл ажиллагаанаасаа ашиг хийж байж л хуримтлалтай болно. Өөр арга байхгүй. Тийм учраас хуримтлал дээр суурилсан компаниудын ашиг өссөн хэмжээгээр зээл олгох юм бол Монгол төгрөгийн ханш тогтвортой, долларын ханш хэвэндээ, инфляц явагдахгүй гэдэг онолыг л та бүхэнд ярьж байгаа юм. 
 
Ингэж байж төгрөгийн худалдан авах чадвар, эдийн засаг тогтвортой байна. Үнэ чөлөөтэй байх үндэс нь ерөөсөө ашиг олох гол асуудал байна. Ашиг буюу хуримтлалыг бий болгож байж л түүгээрээ хөрөнгө оруулалт хийж эдийн засаг сэхнэ үү гэхээс биш өр, зээл тавьж, зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт хийж бид нар баялаг бүтээхгүй ээ.  
 
Гэтэл манайд юу болдог вэ?
 
Мах, гурилын үнэ тогтвортой байна шүү, төр тогтворжуулна, үнийг барина, хянана гэдэг. Тэгээд нөгөө Засгийн газар, ШӨХТГ, Монгол банк гээд бүгдээрээ шалгалт хийдэг. Хямд зээл өгсөн болохоор махны үнээ өсгөхгүй гэдэг бодлогын гэрээ байгуулдаг. 
Ямар ч үнэ барих, тогтоох, тогтворжуулах Засгийн Газрын бодлого хаана ч, хэзээ ч, амжилт олж байгаагүй. Тийм түүх байхгүй. Бүгд бүтэлгүйтэж, нуран унаж байсан. 
 
Ингээд ирэхээр бизнесүүдийн идэвхи, чармайлт үгүй болно. Дахиж зээл аваад яах юм бэ? Гайтай юм байна гэнэ.
 
Сая шал хэрэгггүй Хөгжлийн банкны зээл авлаа гээд бүгдээрээ ярьж байна шүү дээ. 
 
Ингээд ирэхээр үйлдвэрлэл буурна. Үйлдвэрлэл буурна гэдэг чинь баялаг байхгүй болно гэсэн үг. Цаашлаад ядуурна, хямрал ирнэ гэсэн үг. Тиймээс ашиг максимум байж байж хуримтлал бий болно. Хуримтлал нь хөрөнгө оруулалт болж шинэ капитал үүсгэнэ, улс орон хөгжинө гэдгийг л гол нь ярьж байна. 
 
Аугаа эдийн засагч Cantillon гэж байна. 1720 онд Кантилоны эффэкт гэж зүйлийг гаргаж ирсэн. 
 
Шинэ мөнгө гаргахад түүнийг эхэлж авах гэж уралдаан, өрсөлдөөн бий болно.  Хэн түрүүлж авах вэ гэдэг нь хамгийн чухал. Мэдээж банк, ипотекийн зээл, барилгын компани, материал түрүүлж авна. Эдгээр нь хамгийн түрүүнд аваад цааш нь дамжуулж явна. Шинэ мөнгөнд хамгийн түрүүнд хүрснүүд нь ашиг хийж чадна. 
 
Буруу байхгүй л дээ. Бүгд л ашгийн төлөө явж байгаа.
 
Хамгийн харамсалтай нь энэ мөнгө жилдээ тав, зургаа эргэлдсэний дараа тэтгэвэрийн хөгшчүүл, багш, эмч нар дээр очиж байгаад байгаа юм. Тогтмол цалин хөлс авдаг хүмүүс дээр үнэ цэнэ, худалдан авах чадвар нь байхгүй болоод очиж байгаа юм.
 
Эцэст нь нийт масс буюу олон нийт асар их хэмжээгээр хохирдог. Нийгмийг хуваадаг. Өнөөдөр нийгэм хуваагдсан байгааг анзаарч байгаа биз. Цөөхөн боловч баячууд нь улам баяжаад л, ядуус нь олон дээрээ улам олон болоод л... Тансаг машин, орон сууцнууд ихсээд л, зарагдсаар л байна. Яг үүнд муу юм байхгүй. Гэхдээ нөгөө талд олонх иргэдийн орлого улам л муудсаар байна. Энэ бол инфляцаас болж байгаа юм. Үүнийг хэн бий болгож байна вэ гэвэл ТӨР, Монголбанк хоёр. Өөр хэн ч биш. Үүнийг Кантилоны эффэкт гээд байгаа юм. Монголд энэ эффэкт явагдаж байна гэсэн үг. 
 
Мөн төсвийн бодлого бас их чухал. 
 
Ипотекийн зээл байна. Энэ бол зөвхөн зээлийн тэлэлт. Алдагдалтай. Алдагдлыг нь өөр татвар төлөгчид төлж байгаа. Ипотекийн зээл авч буй хүний зээлийн зөрүүг орон сууцгүй хүмүүс төлж байгаа шүү. 
 
Засгийн газрын өр байна. Зээлээр хаана. Концесийн гэрээ гэж байна. Ялгаа байхгүй. Хов хоосноос мөнгө бий болгож гүүр, замтай болдог. Монголд барьсан сүүлийн 10 жилийн замууд бүгд концесийн гэрээ. Татварын мөнгөөр барьсан зам гэж би сонсоогүй шүү. Бүгд замтай болсон гэж баярлаж байгаа. Гэхдээ тэр олон тэрбум төгрөгний замыг зөвхөн зээлээр буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нөхцөлөөр л барьж байгаа гэсэн үг. Дахиад л зээлийн тэлэлт. 
Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж гоё юм байдаг. Үлгэр. Яаж дууссаныг бүгд мэдэж байгаа. 
 
Зээлийн хүү буурхаар бизнесмэнүүд тооцооллоо буруу хийгээд эхэлдэг. Жам ёсны зээлийн хүү бус учраас тэнцвэргүй байдал үүсдэг. 
 
Нэг нөхөр Хөгжлийн банкнаас 30 гаран тэрбум төгрөг зээлээд гурилын үйлдвэр барьчихсан байгаа юм. Гоё үйлдвэр. Ажлын байр бий болгож байна. Сайн байна. Гэтэл Монголд үүнээс өмнө хориод гурилын үйлдвэр байдаг. Нэг нь манайх. Эдгээр үйлдвэрүүдийн нийт хүчин чадал нь 10 сая хүнийг гурилаар хангана. Гэтэл нэмээд дахиад нэг үйлдвэр барьж байна шүү дээ. Гоё байгаа биз. 
 
Өнөөдөр тэр үйлдвэр дампуураад хаагдчихсан. Зүгээр л мөнгө үрэн таран хийсэн. Мөнгө нийлүүлсэн. Хөгжлийн банкны зээлээр хэдэн махны үйлдвэр баригдсан гэж бодож байна.
 
Цемент бол гоё кэйс шүү. Ялгаа байхгүй. 
 
Нэг банкнаас 3, 4 компани цементний үйлдвэрийн зээл авсан байгаа юм. Нөгөө төртэй орооцолддог том, том компаниуд. Юу болсон гэвэл, үйлдвэрээ барьсан. Бүтээн байгуулалт, мундаг. Гэтэл яалаа. Цементийн үнэ өссөн дөө. 
Дээр хэлсэн дээ. Зээл авахаар эхлээд өсдөг гэж.
 
Уул нь цементийн үнийг бууруулах гэж үйлдвэр барьсан чинь эсрэгээрээ үнэ 2, 3 дахин өссөн.
 
Тийм үү. Үнэ одоо буурна, дампуурал явагдана. Тиймээс зээлийн тэлэлт гэдэг маш аюултай зүйл. Бизнесмэнүүдийг буруу хөрөнгө оруулалтад хөтөлдөг. Эдийн засгийг буруу тийш нь чиглүүлдэг. 
 
Энэ нь өөрөө хямралыг авчирч байна аа. 
 
ББСБ-ууд бас л зээлийн тэлэлт. Монголбанкны 20 гаран дарга нар ББСБ-тай байсан. Тэдэнд ашигтай юм чинь хийж байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд мөнгөнд хүрч, ашигаа хийчихээд дараагийнхад нь шилжүүлчихнэ. Явсаар тэтгэвэрийн хөгшин л алдана. Кантилоны эффэкт явагдаж байна. Уул нь ашиг сонирхолын зөрчил, байж болохгүй зүйл. Гэхдээ л байна. 
2022 онд Монголын Топ 5 банкны ашиг нийлээд 1 их наяд төгрөг болсон байна шүү дээ. Яагаад. Мөнгө хэт их нийлүүлсэн. Хамгийн түрүүнд мөнгөнд хүрсэн нь баяждаг, ашгаа хийдэг. Хэсэг хугацааны дараа сүүлд хүртсэн хүн дээрээ “цаас” болж очдог. Банк ашгаа хийчихсэн.  
 
Статистик, тоо баримт байна.
 
Өнгөрсөн жилийн инфляц 14 хувь хавьцаа гарсан. Та нар итгэ, итгэ. Инфляц тооцдог сагсан доторх бараануудынхаа үнийг тооцоод үзээрэй. Би лав гурилын үнийг 80 хувь өсгөсөн. Будааны үнэ 70 хувь өссөн байгаа шүү. Гээд харахаар сагсан дахь барааны үнэ яавч 14 хувь өссөн байж таарахгүй байгаа юм. 40, 50 хувь гарах гээд байх шиг байна. Гэтэл 14 хувь гээд байдаг. Яаж. Мэдэхгүй. 
 
Холланд, Чех, Унгарын инфляц 15 хувь гэж байна. Тэнд юмны үнэ бараг өсөөгүй. Яахав бензин жаахан өссөн байх. Бид тэдэнтэй адилхан явж байна шүү. Сайхан байна. Итгэнэ үү байна уу та нарын асуудал. Надад бол эргэлзээ төрүүлж байна. 
Гэтэл яаж ингэж массыг статистик тоогоор мунхруулж, худлаа тайлбарлаж чадаж байна аа. Энэ бол төрийн гол тоглолт. 
 
Гэхмэтчилэн Монголын кэйсэн дээр яриад байвал зөндөө юм байна. 
 
Мизес “Инфляц бол тахал, өвчин биш, энэ бол зөвхөн бодлого. Өөрчилж, засаж, хэвийн болгож болдог бодлого” гэж хэлсэн. 
 
Фридман инфляц бол өвчин гэсэн бол Австричууд энэ бол өвчин биш бодлого гэсэн байна. Энэ хоёр сургуулийн маргалддаг гол сэдэв бол яг энэ мөнгөний онол, инфляц, бизнесийн цикл юм. 
 
Инфляцтай тэмцэх гол арга бол төр засаг, Монголбанк хоёрын мөнгөний бодлого. Төгрөгийг тогтвортой байлгах. Түүнээс надтай тэмцээд, гурилын үйлдвэрийг торгоод ямар ч нэмэр байхгүй. Уучлаарай. 
 
Хуучин бол инфляцтай тэмцдэг арга нь мөнгө хэвлэдэг машиныг нь хэмх нүддэг байсан бол өнөөдөр мөнгө хэвлэх шаардлагагүй болсон. Компьютэрийн гарын наад талын хэдэн тоон тог, тог гээл хов, хоосноос мөнгө бий болгодог болсон. Ингээл мөнгөний нийлүүлэлтийг бий болгочихно. Өөр юм байхгүй. Маш хялбархан. Мөнгө хэрэгтэй байна уу. Алив гээл хэдэн цифр бичээд л боллоо. Монголд ч гэсэн ийм байх гэж бодож байна. Тэгж байж л асар их мөнгө зах зээлд нийлүүлж, инфляц бий болгодог байх. Гэхдээ манай инфляц чинь 14 хувь...
 
Ер нь Кейнсчид инфляц ярихаар нуруугаа харуулаад зогсчихдог юм. Яагаад гэвэл өөрсдөө инфляц бий болгодог болохоороо. Тиймээс Австрийн сургууль хамгийн зөв мөнгөний бодлого зааж, инфляцийг тайлбарладаг учраас өнөөдөр би энд ярьж байна.
 
Эцэст нь манай компаниуд төрөөс бүү дэмжлэг хүс ээ. Төрөөс юу ч бүү гуй. Бүү садаа бол гэдэг зарчмаараа л яв. Тэгэхгүй төрийг юу хэрэгтэй байна гэхээр л хямдхан зээл гээд л байвал бид хямрана шүү.
 
Инфляц бий болно шүү. Тиймээс компани, аж ахуй нэгжүүд өөрсдөө өрсөлдөх чадвараа дээшлүүлж, бие дааж, төрөөс дэмжлэг, татаас гуйхгүй, хөнгөлөлттэй зээлгүй, шудрага өрсөлдөж бизнесээ авч явах хэрэгтэй гэж хэлье.