
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь “Constellation Energy” корпорацын “Клинтоны цэвэр эрчим хүчний төв”-өөс цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ.
Эрчим хүч худалдан авах уг гэрээ 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд 20 жилийн хугацаанд хүчинтэй байх юм. “Constellation Energy” компанийн мэдэгдэлд дурдсанаар, энэхүү гэрээг байгуулснаар “Клинтоны цэвэр эрчим хүчний төв” цахилгаан эрчим хүчийг орон нутгийн сүлжээнд үргэлжлүүлэн нийлүүлэх боломжтой болох бол “Meta” компанийн хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь цэвэр, сэргээгдэх эрчим хүчээр хангах үүрэг амлалтынхаа хүрээнд тус станцаас байгальд ээлтэй эрчим хүчийг худалдан авах ажээ.
"Meta"-тай байгуулсан гэрээний хүрээнд Клинтоны атомын цахилгаан станцад шинэчлэл хийсний дараа хүчин чадал нь 30 мегаваттаар нэмэгдэнэ. Одоогоор тус станцын реактор нийт 1092 мегаватт цахилгаан үйлдвэрлэх чадалтай байна.
“Meta Global Energy” компанийн гүйцэтгэх захирал Урви Парех хэлэхдээ, хиймэл оюуны салбарт дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн тулд цэвэр, найдвартай эрчим хүчний хангалт зайлшгүй хэрэгтэй гэжээ.
“Meta”, “Microsoft”, “Google” зэрэг технологийн компаниуд хиймэл оюуны хөгжүүлэлтдээ цөмийн эрчим хүчийг ашиглахаар судалж эхлээд байгаа энэ үед энэхүү гэрээг байгуулж байна.
"GridStrategies" компанийн таамаглалаар, 2029 он гэхэд АНУ-д цахилгаан эрчим хүчний эрэлт 15.8 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд өсөлтийн гол эх үүсвэр нь өгөгдөл боловсруулах төвүүд, үйлдвэрлэлийн салбар, мөн цахилгаанжуулах үйл ажиллагаа байх аж.
Харин Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) дөрөвдүгээр сард гаргасан тайландаа, хиймэл оюуны болон өгөгдөл боловсруулах төвүүдтэй холбоотой цахилгаан хэрэглээ 2024-2030 оны хооронд 130 хувиар өснө гэж таамагласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцаме" агентлаг
Сэтгэгдэл0