sonin.mn
"Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбоо"-ноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны төлөөлөл Д.Батзориг: " Газар бол өнөөдрийн Монгол улсад тулгамдаж байгаа маш хүнд асуудлын нэг юм. Энэ газар нутгийг уул уулаар нь, ам амаар нь, хэдэн арван га-гаар нь худалдаж аваад буцаагаад наймаалж зарж идэж байгаа. Энэ нь өөрөө мафийн сүлжээ, ард олныг ядууралд оруулах боолчлолын системд амьдарч байгаа.
 
 
Хэрэв ард иргэдэд 0,07 га газрыг өгсөн бол тэр хүн газар худалдаж авахгүйгээр тухайн газар дээрээ очоод ядаж гэрээ бариад сууна. Өнөөдөр 1 өрөө, 2 өрөө байранд орохын тулд гадаадад очиж ажиллаад, лизингийн мөнгө төлөөд, нэг насныхаа амьдралыг зөвхөн орон байртай болохын төлөө зориулахгүй байсан.
 
 
Монгол хүн болж төрснийхөө төлөө Монгол газар нутаг дээрээ аз жаргалтай амьдрах байсан. 0,07 га газар аваагүйн төлөө ямар олон хүмүүс харамсаж, бараг дараа төрөлдөө өөр улсад төрнө гэж гуниж, уйлж буцаж байгаа бол? Өнөөдрөөс эхлэн Монгол газар нутаг дээрээ хүн болж төрсөн Монгол хүн бүр өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн цор ганц бэлэг болох газар нутгийнхаа эзэн болоё гэдэг үйлийг эхлүүлж, "Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн холбоо"-ноос албан ёсоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлж байна.
 
Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол хүн бүрт нэг уул өгөхөд, нэг уулан дээр гараад зогсоход багтах уул байгаа гэж хэлсэн. Бидэнд уул хэрэггүй ээ. Бид уул хангай, газар дэлхийгээ хайрлаад явья. Харин хүн бүрт өөрийн өргөө гэрээ босгож, аж үйлдвэрээ хийж, амьдралын баталгаагаа болгох, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, гэрээ барих газрыг нь өгчихөөч ээ гэж хэлмээр байна. Тийм учраас "Иргэн баян бол Улс баян" гэдэг Үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Газрыг өмчилсөн, ард иргэдэд өгөх боломжтой газрыг худалдаж авчихаад түүнийгээ өөрсдийн сүлжээгээр зарж идэж, баяжиж байгаа нөхдүүдийн үйлдлийг таслан зогсооход хамтдаа байж, Монгол хүн Монгол газрынхаа эзэн болох үйл хэрэгт бүгд оролцооч ээ гэдгийг хэлмээр байна.
 
 
Бид цус урсгахгүй, нулимс урсгахгүй дайныг эхлүүлж байна. Магадгүй бидний өөдөөс 1000 сум харвах байх.
 
 
Яагаад гэвэл энэ дайн тэр газрын худалдаж авсан олон баячууд, олон эрх мэдэлтнүүдтэй хийх дайн юм. Энэ дайн хувь хүн, айл өрх, нийгэм, отог аймаг, сум дүүрэг, Монгол хүн болж төрсөн хүн бүрт хамаатай гэж хэлмээр байна. " гэв.
 
 
М.Чой