Өчигдөр НИТХ-ийн ээлжит есдүгээр хуралдаан болж “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн төсөл, “Улаанбаатар орон сууц” сангийн журам, “Бага сургуулийн барилгын байршил тогтоох”, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2013 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явц, зураг төсөвт батлагдсан 20 тэрбум төгрөгийн задаргаа, түүний хэрэгжилт, самбарын журмын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ гэх зэрэг зургаан асуудал хэлэлцэх байлаа.
Гэвч “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн төслийн талаарх эхний асуудал дээр НИТХ дахь МАН-ын бүлэг санал нэгдэхгүй байгаагаас завсарлага авсан юм. Ахмадуудадаа ач санаж өмчлөлд нь тодорхой хугацааны дараа байрыг нь шилжүүлж өгөх нь зүйтэй гэж гэж МАН-ын бүлэг үзжээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-НИТХ-ын хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авлаа. Ахмадуудыг түрээсийн орон сууцанд амьдруулахгүй гэж танай намын бүлэг үзлээ?
-Өчигдөр болж өнгөрсөн НИТХ-ын хуралдаан дээр хэд хэдэн асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой байлаа. Тэдгээрээс хамгийн гол хэлэлцэж, батлах ёстой асуудал бол “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр байсан юм. Энэ асуудлаас МАН-ын бүлэг завсарлага авсан.
Учир нь Ардын намын бүлгийн зүгээс “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрийг дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байгаа вэ гэхлээр 2009-2012 оны үед Монгол улсын Засгийн газраас ахмадуудад 1750 орон сууц олгосон байдаг. Энэ бол нүдээ олсон арга хэмжээ болсон.
Гэтэл цаана нь нийтдээ 10000 гаруй ахмад санал өгснөөс 8000 гаруй нь орон сууцгүй байдаг. Тэгэхээр үлдсэн 8000 хүний өргөдлийг шийдэхийн тулд 4000 айлын орон сууц хөтөлбөрийг 2013-2016 оны хооронд барина гэж байгаа нь зөв асуудал.
Хурал дээр би нэг асуулт асуусан. “Жилд 1000 орон сууц барих бололцоо боломж, мөнгө төгрөг байгаа юу?” гэтэл хөрөнгө босгох бололцоотой гэж хэлсэн. Бондын хөрөнгөөс, нийслэлийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлсэн хөрөнгөөс, зээлийн хүү, гадаадын болон дотоодын хандивлагч байгууллагуудын хандив, тусламж гэх мэт эх үүсвэрээс сан бүрдэнэ гэсэн.
Ахмадуудад байраа яаж өгөх талаар асуухад түрээслэнэ гэсэн. Ямар байдлаар түрээслэх вэ гэтэл сард 34700 орчим төгрөг үйл ажиллагааны зардал буюу ашиглалтын зардалд орно гэж байгаа юм. 66000 төгрөгний түрээстэй гээд бодохоор нийтдээ 110000-120000 төгрөгөөр ахмадууд байр түрээслэх юм байна.
Үүнд 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй байх бөгөөд тэдгээр хүмүүст Улаанбаатар хотын иргэн орно. Түрээсээ төлж чадвал тэр хүмүүс тодорхой хугацаанд амьдрах юм гэсэн.
Тэгэхээр ахмадууд маань тэтгэврийнхээ мөнгөнөөс 100000-120000 төгрөгний түрээс төлчихөөд,тодорхой хугацаанд амьдарчихаад дараагаар нь өмчлөхгүй, хувьчлахгүй, худалдахгүй, өвлүүлэхгүй, давхар түрээслэхгүй гэсэн дээрх журмын дагуу гар хоосон хоцорч байгаа юм.
Амьдрал баян шүү дээ. Настангууд маань түрээсээ төлж чадахгүй бол хөөгдөнө, тэтгэвэр нь буухгүй бол түрээсээ хугацаанд нь төлж чадахгүйгээс мөн л асуудал үүснэ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлвэл цайг нь чанаж, хөлийг нь хучиж байсан үр хүүхэд, ач гучид нь тэр байр өмч болж очихгүй. Үргэлжүүлж амьдарч болохгүй. Нэг үгээр хэлбэл байраа дараагийн түрээслэгчид чөлөөлж өгнө гэсэн үг.
-Танай бүлгийн зүгээс яах саналтай байгаа вэ?
-Бид бол нэгэнт ахмадуудын тэтгэврийн мөнгөнөөс түрээс авах гэж байгаа бол тодорхой хугацааны дараа хөнгөлөлттэй нөхцлөөр тэр хүнд нь эзэмшүүлэх, хувьд нь шилжүүлэх ёстой гэсэн байраа сууриа хадгалж энэ асуудалд хандах болно.
Э.Бат-Үүл дарга моргейжийн зээлээр хүн 100 жил хүртэлх хугацаагаар зээл авч болдог, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж болдог гадаадын туршлага байдаг гэсэн. Яриад байгаа тэр туршлагаа ахмадад зориулж хэрэгжүүлэх 4000 айлын орон сууц хөтөлбөртөө хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.
Бид харин Үүл даргын яриад байгаа бага дунд орлоготой, шар хантаазтан буюу хот тохижуулахын ажилтанууд, сувилагч, цагдаа, эмч нар, залуу гэр бүл, бага орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд түрээсийн орон сууц барьж өгч болно гэдэгтэй санал нэг байгаа.
Барьж өгөх ч ёстой. Эдгээр хүмүүс бол тодорхой хугацааны дараа орон сууцны нөхцөлөө сайжруулах бололцоотой. Энэ зарчмын байр суурийг, “Ахмадын орон сууц 4000 хөтөлбөр”-ийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж байгаа нь буруу зүйл.
-Энэ асуудал дараагийн хуралдаанаар хэвээр үргэлжлэх болов уу. Аль эсвэл нэг тийш болж шийдэгдэх үү?
-Манай бүлгийн зүгээс энэ асуудалд нухацтай хандах үүднээс ажлын хэсэг байгуулъя гэж санал тавьсан. “Ажлын хэсгээ байгуулчихсан. Тийм учраас дахиж ажлын хэсэг байгуулахгүй гэсэн. Ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг эсвэл батлах ёстой, үгүй бол буцаах ёстой” гэсэн учраас МАН-ын бүлэг энэ асуудлаас завсарлага авсан.
Энэ хооронд намын бүлгүүд уулзаж тохиролцоонд хүрэх ёстой. Ардчилсан нийгэм зөвшилцөл дээр л тогтдог шүү дээ. Манай энэ саналыг эрх баригчид хүлээж авна гэдэгт найдаж байгаа.
-Ахмадын орон сууцны хөтөлбөрийн төлөвлөгөө гарсан уу. Жишээ нь нэмж орон сууц барих газар нийслэлд байна уу?
-Одоогоор гарсан нарийн төлөвлөгөө алга. Бид бас нэг зүйл дээр хатуу байр суурьтай хандаж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр ахмадуудаа байранд оруулах нь зөв. Тэр шилжин явах 7-р хороололд баригдсан 380 орон сууцыг эхлээд ахмадуудад өгчих. Дээр нь нэмээд шинээр 480 айлын орон сууцаа барьчих гэсэн саналыг тавьсан.
-АН-ын зүгээс ажлыг МАН гацааж байна гэж тайлбарлажбайгаа.Таны байр суурь?
Бид нийслэлийн 1 сая гаруй иргэний төлөөлөл. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, зөв, хэрэгтэй зүйлд зарцуулахын төлөө дуугарч ирсэн, цаашдаа ч дуугарна. Энэ бол бидний үүрэг. Нийслэл Улаанбаатар хот гэдэг бол амьдрал буцалж байгаа их том айл. Энэ бол улс төржиж болдоггүй гал тогоо.
Бид ажлыг гацаах биш, алдаа гаргахаас сэргийлж байгаа юм. Сөрөг хүчний үүрэг бол эрх баригчдад хяналт тавих шүү дээ. Зөв ажил хийж байвал дэмжинэ. Магтан сайшаана. Буруу ажил хийвэл , үр ашиггүй зүйл хийвэл, төсвийн мөнгөнд үрэлгэн хандвал шүүмжлэх л болно.
А.Тэмүр
Сэтгэгдэл0
МАН бүү САЙН ХҮМҮҮС БОЛЖ ЖҮЖИГ ТАВИАД БАЙ
МАНгарууд болиосой. Нэг л үнэгүй юм өгөх дуртай гарууд хамаг мөнгөө тараасаар байгаад улсаа сөхрүүлэхнээ