sonin.mn
 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өчигдөр мэдээлэл хийж, эдийн засгийн бодит нөхцөл байдал болон Засгийн газраас нэн яаралтай авч хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцууллаа.
 
Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эдийн засаг, төсөв санхүүгийн талаар хийсэн мэдээллийн дараа багагүй маргаан гарсантай холбогдуулж бодит мэдээлэл өгөхөөр шийдсэн тухайгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн эхэнд хэлэв. Тэрбээр “Аливаа мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөх, боловсруулах боломжийг бий болгоно. Статистик, эдийн засгийн тоо мэдээллийг буруу тодорхойлж, засвар оруулж мэдээлбэл цаашид засч болохгүй нөхцөл байдлыг бий болгоно. Бид эдийн засгийн “онош”- ийг зөв тодорхойлж байж дараа дараагийн бодлогоо төлөвлөнө.
 
Үүний үндсэн дээр бид бодлогоо төлөвлөсөн. Гэвч харамсалтай нь бүртгэл тооцоо судалгаагүй арга хэмжээ, концессын гэрээ, төсөл өдөр бүр Сангийн яаманд ар араасаа гарч ирж байна. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгээс хазайх эрхгүй. Тиймээс бодит нөхцөл байдалд энэ олон төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их шаардлаа” гэв.
 
Засгийн газраас нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хоёр үе шатанд хуваасан бөгөөд нэгдүгээрт, 12-18 сарын хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэхээр төлөвлөсөн байна. Хоёрдугаарт, макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийн төлөвлөлтөө бодит эдийн засгийн хөрсөнд хүргэсний дараа эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг Засгийн газар эхлүүлсэн байна. Хэрэв яаралтай төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал ДНБ-ий 21.6 хувьд хүрэх төлөв ажиглагдаж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад тавьжээ.
 
Мэдээлэл хийсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.
 
-Монгол Улс “Стэндбай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?
 
-Олон улсын валютын сан /ОУВС/ жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөхөөр ирдэг. Энэ ажлын хэсэг маргааш /өнөөдөр/ Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт өгөх байх. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк ажлын хэсгийг ирүүлж, зөвлөмж зөвлөгөө өгнө гэж ярьсан. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө ч бид эдийн засгийн хямралаас гарахад хамтран ажиллаж, туслалцаа авч байсан.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлах асуудлаар комисс байгуулсан. Энэ юу болж байгаа бол?
 
-Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын чуулган дээр танилцуулна.
 
-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?
 
-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Төсвийн тодотголын хүрээнд шаардлагатай зардлыг оруулах, зарим үйл ажиллагааг хойшлуулах гэх мэтээр ажиллаж байна. Хэрэв төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувьтай тэнцэнэ.
 
-Ам.доллар 2200 төгрөгт хүрлээ. Үүний шалтгаан нь юу вэ?
 
-Хэд хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд гурван их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг. Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд нэг их наяд төгрөг хэвлэж гаргасан.
 
Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээлд нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Тэдний эрх ашгийг хамгаална. ЗГХЭГ-ын дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулсан.
 
Мөн би олон Элчин сайдтай уулзсан. Тэд нэг л зүйлийг ярьж байна. Өмнө нь хэрэгжүүлсэн, хийсэн ажлынхаа төлбөрийг хэзээ гүйцэтгэж дуусгах вэ гэдгийг асууж байна. Тиймээс хэрэв өмнө нь Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид захиалаад гүйцэтгэсэн ажил байвал өр төлбөрийг нь нэн даруй барагдуулахаар Төсвийн тодотголд оруулна. Ингэснээр Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ. Хоёрдугаарт, гадаад харилцааны хүрээнд хийсэн гэрээ хэлэлцээрийг хурдан хэрэгжүүлдэг байх чиглэлийг Засгийн газрын гишүүддээ үүрэг өгч байна.
 
-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасахаар тусгаж өгөх үү?
 
-Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Дунд болон доод төвшний төрийн албан хаагчдын цалинг танахгүй гэсэн зарчим баримталж байгаа.
 
-Ипотекийн зээл, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгыг үргэлжлүүлэн олгох уу?
 
-Барилга хот байгуулалтын яаманд байгуулсан ажлын хэсэг ипотекийн зээлийг цаашид ямар хувилбараар олгож болохыг судалж байна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Харин хүүхдийн мөнгийг төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан.
 
-Төсвийн тодотгол дээр төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр багасгаж байгаа бэ?
 
-Төрийн өндөр, нам албан тушаал гэлтгүй бид хэмнэж, тэвчиж болох бүхий л зардлыг хэмнэх бодлого барьж байна.
 
-Ер нь таныг Сангийн сайдаар ажиллаж байх үед улсын төсөв ямар байдалтай байсан юм бэ?
 
-Ажил авахад хүнд л байсан. Эдийн засгийн нөхцөл, төсөв санхүүгийн байдал хүндэрсэн гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөв хэтрээд, өрийн хэмжээ хэтэрсэн байсан учраас Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулсан эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөрийг батлуулж байсан. Өрийн таазыг өөрчилж байсан. Төсвийг эрүүлжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Миний үед дөрвөн төсөвтэй байсныг зогсоож нэгдсэн нэг төсөвтэй болгосон. Олон замбараагүй зүйлийг цэгцэлсэн. Хамтарсан Засгийн газрын үеийн бодлогоо хэрэгжүүлээд явсан бол эдийн засаг энэ хэмжээнд хүрчихгүй байсан юм. Бид нэг жилийн хугацааг алдсан байна.
 
-Дотоодын баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих вэ?
 
-Дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үндэсний үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Татварын өрнөөсөө болж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байгууллагуудын дансыг шууд хаасан хатуу бодлогыг хална. Ажиллах бололцоог нь олгоно.Төрөөс очих дарамтыг бууруулна. Хямд эх үүсвэрээр хангах бололцоог нь бүрдүүлэх шаардлагатай. Бага хүүтэй зээл олгох тал дээр ч ажиллана.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин