sonin.mn


Экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэгч компаниудын төлөөллүүдээс өөрсдийн эрхлэж буй үйл ажиллагааны хүрээнд Засгийн газарт дуулгаж буй санал бодлоос хүргэе.



“Бриж” группын ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Импортлогчдын зөвлөлийн дарга Л.Даваажаргал:

-Монгол Улсын худалдаа эргэлтэнд тендерээр ялж бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх нь маш өндөр хувь эзэлж байна. Үүнд эрхээ авсан дотоодын компаниудыг гадныхан орж ирээд “Танайхан дийлэхгүй” гэх мэтээр төслийг авдаг зүйл гардаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт байдлаар дотоодын аж ахуйн нэгж. үйлдвэрлэгчдийг дэмжих заалтуудыг оруулах саналтай байна.



“Модерн Гэр” ХХК-ийн захирал С.Алтантуяа:

-Хууль эрх зүйн хүрээнд Монгол үндэсний гэр, гэрийн тавилгыг экспортлоход Мэргэжлийн хяналтын газартай холбоотой нэг зүйл байна аа. Би өнгөрсөн жил МХЕГ- ын даргад Монгол үндэсний гэрийн модны стандартын асуудлаар албан бичиг өгч байсан. Үүнд экспортлож байгаа модон бүтээгдэхүүнд 3 мм-ийн хэмжээтэй моношамус хорхойны жижиг нүх гарсан тохиолдолд Европын холбоогоор оруулахгүй байна.

 

Жишээ нь, экспортод гаргасан 60.000 гаруй еврогийн үнэтэй, 40 тонн чингэлэгийн хэмжээтэй модыг шатааж устгасан явдал гарсан. Судалж үзэхэд Европын холбооны улсуудтай Засгийн газрын гэрээ хийгдэж байж энэ асуудал зохицуулагдана гэсэн байна. Өөр нэг зүйл бол хорхойгүй модыг Монголын газар нутгийн хаанаас олох боломжтой вэ?

 

Канад улсын хувьд зардлыг Засгийн газар, үйлдвэрлэгчдээс гарган мод бэлтгэдэг тодорхой хэсэг газарт тогтмол ариутгал, устгалын ажил явуулдаг байх жишээтэй. Бид Монгол үндэстэн гэдэг утгаараа өөрсдийн гэсэн соёлын өвийг дэлхий нийтэд сурталчлах үүднээс эсгий, эсгийн бүтээгдэхүүн экспортлоход бодлогын түвшинд дэмжлэг хэрэгтэй байна.



“Хатан Сүйх” ХХК-ийн захирал Ш.Лодон:

-Урьд нь нэг сертификатыг 5000 төгрөгөөр үнэлдэг байсан бол одоо 10.000 төгрөг авдаг болсон. Энэ онд сертификатны үнийг хоёр дахин нэмсэн. Өмнөд Солонгос руу бүтээгдэхүүн экспортлож байгаа тохиолдолд хоёр сертификат авах шаардлагатай болдог. Түүнээс гадна бид нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлж дараа нь Мэргэжлийн хяналтаар ордог байсан.

Гэтэл одоо заавал Улсын мал эмнэлгийн төв лаборатори юм уу Мэргэжлийн хяналтын төв лабораторид шийдвэрлүүлэх шаардлагатай болчихож. Мэргэжлийн хяналтын шат дамжилага ийм олон дараалалтай учраас хүндрэл их гарч байна.


“Энхжин Сувинер” ХХК-ийн захирал Э.Урьхан:

-Одоогийн байдлаар гар урлалын салбарт ажиллаж байгаа ихэнх ажилчид уул уурхайн салбар руу шилжиж байна. Энэ нь манай салбарт алдагдал гаргахад хүрээд байна. Энэ байдлыг арилгахын тулд төр, засгаас авч хэрэгжүүлэх бодлогын чанартай санаа байна уу? Жишээ нь, энэ салбарт ажиллаж байгаа иргэдийг орон сууцаар хангах, эсвэл зээлийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр.

Мөн гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг, аялал жуулчлалын салбартай хамтруулан дэмжиж өгөх, цаашид энэ талаар батлагдах тогтоолд заалт, журам оруулмаар байна...


“Ноосон Зангилаа” Дундын Хоршооны захирал Ц.Цэнд-Аюуш:

-Шинжилгээний хүрээлэнд ноосны нарийн судалгаа хийдэг болох шаардлагатай байна. Жишээ нь, ноосны ширхэг үрэлтэнд өнгө будаг гарах, тослогын хувь хэмжээ гэх мэтээр. Олон улсын гар урлаачдын хөтөлбөрт оролцогчдыг Засгийн газраас эдийн засаг, санхүүгийн хувьд дэмжиж өгдөг боловч манай улсаас дэмжлэг байдаггүй. Үүнийг мөн соёлын өвийг сурталчлах үүднээс хөтөлбөрт тусгаж өгвөл ямар вэ.

Шударга бус байдлыг зохицуулах шаардлагатай байна. Алт, мөнгөний экспортлогчид татвар төлдөггүй байхад гар урлаачид хамаг хүчээ шавхан ажиллаж байж НӨАТ төлдөг.


“Алтан Дорнод Монгол” ХХК, Б.Болд:

Урт нэртэй хуулийн нөхөн төлбөрийг төр, засгаас өгмөөр байна. Өгөхгүй бол түүнийгээ хүлээн зөвшөөрөө ч. Тэр нөхөн төлбөрийг хүлээж байтал зарим компаниуд алтыг нь ухаад дуусгачихлаа. Тэгээд дээрээс нь нөхөн төлбөр авах гээд суучихна. Үүнийг цэгцэлж авмаар байна. Сүүлийн үед Засгийн газраас уул уурхайн компаниудын 51 хувийг төр эзэмших ёстой гэх боллоо.

 

Буцаад социализм руугаа шилжих гэж байгаа алхмууд хийгдэх гэж байна. Тийм учраас уул уурхай гэж байгаль орчныг сүйтгэдэг гэдэг энэ нэг муухай гутаах үзэл суртлаасаа салмаар байна. Энэ асуудлаар уул уурхайн салбарынхантайгаа ярилцаж, бодолцож байж хийхгүй бол сэтгэлийн хөөрлөөр гурав хоногийн дотор шийддэг байж яав ч болохгүй.

 

Дээрээс нь Урт нэртэй хуулиа хүн бүрт тэгш үйлчлүүлээ ч. Яагаад шороон ордод болдоггүй, хүдрийн ордод болоод Сэлэнгэ рүү зөөгөөд байдаг юм бэ, бүгдэд нь эрх тэгш хандмаар байна.


“Олон Улсын Боловсролын Хөгжлийн төв”-ийн төлөөлөл Н.Лхагвасүрэн:

-Уул уурхайг ил тод хариуцлагатай болгоё гэвэл мэдээллийг нь үнэн зөв байлгая. Мэдээллийг ил тод байлгаж байж энэ байдал амьдралд хэрэгжинэ. Ер нь манай улсад уул уурхайн нэгдсэн бодлого байхгүй байна. Тиймээс улсын нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Төр, засагт хэн ч гарсан ажлаа хийдэг байх хэрэгтэй. Хоёр толгойгоос ашиг олдоггүй юм бол түүн дээрээ дөрөөлөөд мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй.

 

1980 онд би МҮХЗЭ / эвлэл/-ийн ажилтан байсан. Тэр үед жолооч нарыг Гавъяат жолооч нар бэлдэж байсан. Богино хугацаанд сайн жолооч нар бэлтгэж байсан. Уул уурхайн компаниуд мэргэжилтнүүддээ анхаарч чадахгүй байна.




“Чинхуа мак нарийн сухайт” ХХК-ийн төлөөлөл. Н.Гүндэнбал:

-Манай улсад Уул уурхайн Үндэсний холбоо гэж бий. Мөн төрийн болон төрийн бус 30 гаруй агентлаг, байгууллага ажиллаж байна. Үүнийг төвлөрүүлж, зангидаж, цөөлмөөр санагддаг. Мөн уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зохицуулсан тогтвортой үйлчлэх зорилготой, ойролцоогоор 15 жил үйлчлэх хууль тогтоомж гаргах хэрэгтэй байна.

 

Манай салбарт энэ мэтээр олон асуудал байгаа боловч нэг жишээ хэлэхэд, Хятадын талаас нүүрс тээвэрлэхэд 200 гаруй жолооч оруулж ирдэг. Үүнийг манай ажиллах хүчинд оруулаад тооцчихдог. Хуулиараа гадаадын ажилтан 10 хувь байх ёстой байдаг. Тэр хувийг хэтрүүлсэн байна гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж гадаадын ажилтны төлбөр төлдөг.

 

Гэтэл үүнийг хэтрүүлсэн гээд 10 дахин нэмэгдүүлээд торгууль тавьчихдаг. Уул уурхайн шинээр байгуулагдсан яам, УИХ байгаа юм бол эзэн нь юм шиг энэ салбарыг аваад явчих хэрэгтэй. Хөгжих боломж олгосон, тогтвортой үйлчлэх хууль боловсруулж гаргах хэрэгтэй.


“Гизмо энержи Голд групп”- ийн төлөөлөл Н.Лхамжав:

-Манай компани уул уурхайн компаниудад мэдээлэл технологийн чиглэлийн сургалт явуулдаг. Ихэвчлэн гадны хүмүүст сургалт явуулах шаардлагатай болдог. Уг нь Монгол хүмүүсээ, оюутнуудыг энэ чиглэлээр сургах шаардлагатай байна. 20-30 жилийн дараахь хэтийн бодлого Монголд байхгүй байна. 15 жилийн дараа хэн уул уурхайг авч явах талаар анхаарах хэрэгтэй. Үйл ажиллагааны тухайн хууль гэлээ. Үүн дээр ч гэсэн тогтвортой үйлчлэх хэтийн бодлого явуулах хэрэгтэй байна.


“Энержи ресурс” ХХК-ийн төлөөлөл Н.Ган-эрдэнэ :

-Манайх Хятадын зах зээлээс хамааралтай гэдэг ойлгомжтой. Бодит байдал дээр төр, засгаас ямар ч бодлого явуулахгүй байна. Манай компанийн хувьд ОХУ, Герман, Хятад, Өмнөд Солонгос руу нүүрсээ экспортлож үзлээ. Маш их хүндрэлтэй байдаг. Бодлогын түвшинд дэмжлэг хэрэгтэй байдаг. Хятадаар дамжуулан гаргах гэхээр гэрээ байгуулах шаардлагатай болдог.

 

Татвар ногдуулдаг учраас тэр. Оросоор гаргах гэхээр тухайн улс өөрсдийн хамтран ажилладаг компаниуддаа л хөнгөлөлт олгодог. Дурын компани ирэхээр энэ нь боломжгүй байдаг. Бидэнд гурав дах зах зээлд гарах боломж их байдаг. Хэрэгцээ ч байна. Тиймээс экспортод тавьдаг татвар, хураамжуудаа бууруулж хөнгөлж өгмөөр байна.

 

Хоёрт, жишиг үнэ гэдгийг эргэж харах хэрэгтэй болжээ. Амьдралаас тасархай үнэ байдаг. Нүүрсний хувьд гэрээлж байгаа үнээс 25 ам.доллараар өндөр байдаг. Үүнийг бодитоор тогтоовол эдийн засагт хэмнэлттэй байна.

Эх сурвалж: "Бизнес Таймс"