sonin.mn
ЛОЗАНН. /Kyodo/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг харгалзан 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг сонгох эцсийн шийдвэрээ гаргах хугацааг 2023 оны 9-10 дугаар сарыг хүртэл хойшлуулахаар болжээ.
 
ОУОХ Швейцарын Лозанн хотноо болж буй Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр тус наадмыг зохион байгуулах хүсэлтэй гурван хот болох Японы Саппоро, АНУ-ын Солт-Лейк, Канадын Ванкувер хотуудад эцсийн шийдвэр гаргах хугацааг хойшлуулсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн гэж мэдээлсэн байна.
 
Өвлийн олимпыг зохион байгуулах газрыг сонгох хороо “наадмыг зохион байгуулагчид тэмцээн болох газруудын 10 жилийн хугацаан дахь хамгийн бага температурын дундаж нь тэг хэмээс доош байгааг нотлон харуулах” зэрэг хэд хэдэн санал болон үүсэж болзошгүй бэрхшээлийг тодорхойлжээ. Эрдэм шинжилгээний тэргүүлэх судалгааны урьдчилсан дүн цаг уурын хувьд найдвартай гэж үздэг зохион байгуулагчдын тоо буурч болзошгүйг харуулж байгааг тус хороо эш татсан байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл “эдгээр бүх хүчин зүйлийг судлах, цаашдын зохион байгуулалтын талаар хамгийн сайн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхэд илүү хугацаа олгох” үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг