sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Казинод орсон нь үнэн, гэхдээ тоглоогүй. Энэ асуудалд өөрийгөө зөвтгөж, хамгаалах шаардлага байхгүй” хэмээн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр мэдэгдэв.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод өчигдөр эх орондоо ирсэн. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүний казинод зогсож байгаа зургийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргаад байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбарлахдаа, “Чуулганы үеэр хөтөлбөрийн дагуу бидэнд Сидней хотын аялал жуулчлалын газраар явах боломж олдсон. Ингээд тус хотын аялал жуулчлалын төвөөр явахдаа, казиногоор нь орж сонирхсон нь үнэн. Үүнд өөрийгөө зөвтгөх, хамгаалах ямар ч үндэслэл, шалтгаан надад байхгүй” хэмээлээ.
 
Тэрбээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа тэрхүү зурагт Д.Тогтохсүрэнгийн хажууд байгаа нь өөрийгөө хэмээн батлахын сацуу хамт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар байсныг хэллээ. “Бидний дунд казино тоглох хэмжээний мөнгөтэй хүн байгаагүй. Энэ асуудалд хууль, дүрэм ямар байна түүгээр л асуудал шийдэгдэх байх” хэмээлээ.
Хөгжингүй орнуудад казиног аялал жуулчлалыг татах нэг хэсэг хэмээн үздэг, түүнчлэн тоглохыг хүссэн бүхэн биш, сонирхсон жуулчид ч орж үзэж болдог юм байна билээ гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тэмдэглэв. Тэрээр, “УИХ-д Казиногийн тухай хууль өргөн баригдаж, ажлын баг байгуулсан. Гэхдээ дээрх асуудлаас харахад, нийгмийн уур амьсгалыг тооцох шаардлагатай гэсэн бодол төрж байна” гэж мэдээлэлдээ дурдсан.
 
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын ноднингийн дөрөвдүгээр сарын 3-ны хуралдаанаар, төрийн албан хаагч казино тоглохыг хориглож, хариуцлага тооцож байхаар шийдэвлэсэн. Энэ хүрээнд ноднин 11 дүгээр сарын 6-нд Засгийн газрын шийдвэрээр, мөрийтэй тоглосон нь нотлогдсон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. 
 
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг