sonin.mn
-Тэр бидэнд том үйл бүтээж өгөөд буцлаа-
 
Өнөөдөр түүний судалж, санаачилж, хөөцөлдөж бүтээсэн Үндсэн Хуулийн өөрчлөлтийн буянаар Засгийн газрын гишүүдийг УИХ-аар томилохоо больж, 76 зүгийн сонирхолд тааруулж огцруулж байхаа ч больжээ.Өнөөдөр түүний буянаар Монгол Улсын Засгийн газар 30 жилд байгаагүй тайван амгалан томилогдож, тайван, ажиллаж, анхаарлаа нэг зүгт төвлөрүүлэх боломжтой болжээ.
 
Өнөөдөр түүний санаачилж, өргөн барьж, уйлан ятган байж батлуулсан Монгол хэлний тухай хуулийн буянаар замбуулин дээр монгол бичиг маань дархлаатай үлджээ. Төрийн албанд ажиллахыг хүсвэл та монгол бичгээ заавал сурсан байх ёстой, Их сургуульд суралцахыг хүсвэл та заавал монгол хэл бичгийн шалгалтыг давсан байх ёстой, Төрийн хэл биш Монгол хэлний л зөвлөл гэж ажилладаг байх ёстой гэж тэр хуульчилж өгсөн.
 
Өнөөдөр түүний тэрлэж, судалж, Ерөнхийлөгчид тайлбарлан таниулж, цэргийн болон батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн бүх байгууллагаар явж уйгагүй зөвшилцүүлж байж батлуулж өгсөн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын ач буянаар бид дэлхийн дулааралд ч, геополитикийн өөрчлөлтөд ч, гэнэтийн аюул хямралд ч яаж улс үндсээ хамгаалж, дархалж авч үлдэх талаар барих орчин цаг үеийн баримт бодлоготой үлджээ.
Тэр ид гялалзсан 47 насандаа биднийг орхин тэнгэрт дэвшив.
Тэр тархины хүнд өвчинд сүүлийн жилүүдэд шаналж байсан боловч очих бүрт Засгийн газрын тогтвортой байдал, парламентын ардчилал, монгол бичиг соёл, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовнисоор ярьж ятгасаар байж билээ.
Анх Батчимэгтэй би Ерөнхийлөгчийн албан өрөөнд танилцаж байв.
Бид 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан нэг тушаалаар, нэг өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилогдсон байлаа.Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөх хэмээх албанд эмэгтэй хүнийг анх удаа ажиллуулсан түүхт өдөр байв.
М.Батчимэг цэл залуухан, богинохон үстэй, маш даруу төлөв эрдэмт хүний царайтай, хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө огт харуулдаггүй, хатуу үгийг хэнд ч хэлчихэж чадах, ёстой л “чигч” бүсгүй байв.
Түүний өрөөнд ороход ширээн дээр овоолсон англи, орос, хятад хэлтэй их цаасан дундаасаа босч зөөлөн сандал дээр тухалж суугаад гайхалтай амттай нандин цайгаар дайлдагсан.Миний хэзээ ч сурч бармааргүй зүйлийг тэр төвөггүй сурч, уншиж бармааргүй их номыг гүйлгэн дуусгаж, шатар тоглож байгаа мэт нарийн төвөгтэй дүгнэлтүүдийг хийгээд сууж байдаг байж билээ.
 
 
 
Эмэгтэй хүний хувьд аюулгүй байдлын салбарт “зөвхөн эрчүүдэд” оногддог олон сорилт, боломж, ёслол, арга хэмжээн дундуур тэр аялж, “Анхны алхам” киноны Мядаг шиг уйгагүй, хөдөлмөрч, үнэнч зүтгэлээрээ тэр цэргийнхэн, тагнуулынхан болон үндэсний аюулгүй байдалдаа санаа тавьдаг хэн бүхний хүндэтгэлийг удаа ч үгүй хүлээж чадсан билээ.
 
 
 
Түүний татсан шан Үндэсний Аюулгүй Байдал хэмээх эрчүүдийн дангаар өмчилж байсан орон зайд эмэгтэй төрийн зүтгэлтнүүдийн байр суурийг цэлийтэл нээж өгсөн. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдоод ганцхан жил болоход М.Батчимэг хэдийн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг Ерөнхийлөгч өргөн барихад бэлэн болгон, улмаар УИХ-аар батлуулж чадсан байв. Чөмгөө дундартал ажиллана л гэж үүнийг хэлдэг байх гэмээр их уншиж судалж, уулзалт яриаг хийж байж орчин цагийн угтах аюул эрсдэл бүхнээс улс үндэстэнээ хамгаалж, сэргийлж, хадгалж авч үлдэх тухай үзэл санааг тэр тусгаж билээ.
Тэр үг бүрээ бодолтой хэлдэг төрийн зүтгэлтэн байв. Түүний ёс зүйн өндөр шалгуурт тэнцэж “найз нь” байх гэдэг бол нэр төрийн хэрэг байдаг байлаа. Түүний улсдаа, гэр бүлдээ үнэнчийг юугаар илэрхийлэхээ би мэдэхгүй байна. Цэцэрлэгийн нэг ангийн найзтайгаа сургуульд байхаас үерхээд ханилан суугаад үнэнч гэргий нь байсаар тэр одов. Улс төрд орохоосоо авахуулаад яван явтлаа улсынхаа аюулгүй байдалд оюун бодлоо нэмэрлэсээр тэр одов.
Түүнийг бидэнд цагийг нь олж илгээгээд түүний саруул ухаанаар Монголоо засах болокж олгосон бурханд талархнам.
УИХ-д 2012 онд 11 эмэгтэй гишүүд сонгогдоход Батчимэг маань бидний дундаа яг л эрдэнийн шигтгээ мэт чимэг болж байсан даа. Бид хүчээ хуваарилан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд үнэмлэхүй олонхи, Байгаль орчин болон Хууль зүйн байнгын хороонд ирц бойкотлох хэмжээний олуулаа болж аваад үлдсэн долоон байнгын хороонд ганц нэгээрээ орж хүчтэй дуугарахаар шийдлээ ярьж байх үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Батчимэг маань амлаж авч билээ. Үнэхээр л байнгын хорооны хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг залхуугүй нэгбүрчлэн уншиж чаддаг цөөхөн гишүүдийн нэг тэр байсан. Тэнд ажиллахдаа л Үндсэн хуулин дахь зөрчлийг улам бүр мэдэрч, УИХ-ын зарим эрхээсээ татгалзах замаар Засгийн Газарт бие даан ажиллах боломжийг нэмье гэж тэр зорьж эхэлсэн.
Хамгийн сүүлд уулзахад тэр зорилго нь биелсэнд сэтгэл нэн өндөр байж билээ.Өвчнийхөө хүндрэлийг лав гурван удаа давчихаад байхад биеийг нь санаа зовниж асуухад төрийг тэр өөдөөс ярьж билээ. “Одоо л нэг аятайхан улс төрийн орчин бүрдэх байх аа. Аль нам засаглах нь жижиг асуудал, Монгол улсын Засгийн Газар хэврэг биш байх нь илүү том эрх ашиг” гэж тэр инээж билээ. Эргэлтээр очсон эмэгтэй гишүүд бид ч Батчимэгийн ярианд автаж суусаар ирж байсан нь саяхан.
Эмэгтэй гишүүд бид 2012-2016 онд Хүүхэд хамгаалах, хүчирхийллийн эсрэг, байгаль орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай, тамхины эсрэг, хог хаягдлын тухай гээд олон хууль дээр багаараа ажиллаж, багаараа хэвлэл мэдээлэлд хандаж амжилт олдог байв. Биднийг багаар нь хөдөлгөсөн бас нэг хууль нь М.Батчимэгийн маань санаачилсан Монгол хэлний тухай хууль байлаа. Энэ хуулиас өмнө Төрийн хэлний тухай гэдэг хууль байсаан. Гэвч Батчимэг, “Төрийн хэл гэдэг цагийн уртад ямар хэл болж өөрчлөгдөхийг та бид өнөөдөр таамаглаж мэдэх боломжгүй. Харин бид монгол хэл гэж хуульчилбал монгол хэл маань дараа үедээ баталгаатай өвлөгдөнө” гэж тайлбарлаж билээ.
 
 
 
Хуулийг батлах үед кирилл бичгийн талыг баримтлагч гишүүд монгол бичиг хуулинд заавал сурахаар орж ирлээ гэж маш их бухимдаж байлаа. Хуулийн төсөл батлагдахгүй байх нөхцөл ч бүрдэж байв. Төрийн хэлний зөвлөлийн даргаар ажиллаж байсан миний хувьд “төрийн хэл” гэдэг амбийцаас илүү “монгол хэл”-нийхээ талд бат зогсох ёстой байв. Батчимэг ч надад энэ талаар маш их зүйлийг жич тайлбарлаж өгч билээ.
 
 
 
Түүний судалгаа үнэхээр алсын хараатай байжээ. Зургаан жилийн өмнө Батчимэгийн надад тайлбарлаж, сэрэмжлүүлж байсан үйл явдал өдгөө яг Өмнөд Монголд болж байна.
Тэрбээр бүх мэддэг санаа зовдог бүхнээ ярьж амжаагүй. Чуулганд үг хэлэх гуравхан минутад тэр бодсоноо ягхийтэл ойлгуулахын тулд зөөлөн дуугаар хатуу үгийг хэлдэг байв. Хатуу үг хэлээд ч ойлгохгүй цаг дор тэр зүгээр л нулимсаа бөмбөрүүлчихдэг байв.
Монгол бичиг чинь, энэ дэлхий дээр бидний авч үлдэх ёстой өв соёл, бид авч үлдэхгүй гэх юм бол тэгээд хэн авч үлдэх ёстой юм гэж тэр хоолой зангируулсныг хамт УИХ-д байсан хэн бүхэн насандаа мартахгүй биз ээ.
Батчимэгийн баяр гуниг, бухимдал, санаа зовнил, хэмжээлшгүй бахархал нь болсон монгол бичгийн тухай заалтууд тэмцэж тэмцэж байж батлагдаж билээ. Бид ч үнэхээр найзаараа бахархаж тэмдэглэмээр л байлаа.
Гэвч Батчимэг маань төрсөн өдрөө ч тэмдэглэдэггүй, зугаа цэнгэлээс үнэхээр хол бүсгүй байв. Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг маань арай сахилгагүй сэтгэлгээтэйгээрээ шинэ жилийн баяраар ч юм уу далим олдох үед түүнийг дуулуулж бүжиглүүлж чаддаг байв. "Гоцлол дуу бол дуулахгүй шүү” гэж үнэхээрийн даруухан тэр төрхөөрөө Батчимэг маань инээгээд сууж байдагсан.Бидний бусад сахилгагүйчүүд гоцлолоо дуулахад Батчимэг маань багийн сайн тоглогчийн хувиар найган бүжээд ая аялаад гараа барилцаад баярлаж байдагсан.
Биднийг хааяа чөлөө заваараа буруу зөрүү үг ярихад тэр маань сормуусаа буулгаж бидний өмнөөс ичингүйрчихдэг байв. “Өө, Батчимэг дэргэд байгаа билүү, ийм буруу юм ярихгүй шүү, тэгвэл” гэж ёс зүйн луужингаа бид тэгшилдэгсэн. Ямар сайхан чиг шулуун дүрэм журамтай, ховорхон хүн байсан гээч.
Бид өнөөдөр төрийн эрхэм ховорхон түшээгээ алдаж Монгол улсад маань, цөөхөн Монголчуудад маань хүнд гарз хохирол учирлаа. Харамсаад баршгүй санагдана. Хайран төрийн зүтгэлтэн, хайран улс төрч эмэгтэй, хайран хүн!
Түүнийг бидэнд богино хугацаагаар ч болов авчирч том үйл хэргийг нь бүтээлгэж өгсөн аав, ээжид нь мэхийн хүндэтгэе. Түүнийг халамж хайраар дутаагаагүй хань нөхөрт нь, гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эх орондоо дахин эргэж төрөөрэй, хайрт найз минь.
 
 
Цэдэвдамбын Оюунгэрэл
 
2020 оны 10 сарын 17.
Улаанбаатар хот