sonin.mn
Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдаж, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг танилцуулав.
Эхлээд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцлээ. Хийх ажлын төлөвлөгөөтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар санал хэллээ.
 
 
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд  Дэд хорооны ажлын гол зорилго нь ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр явуулах бодлого үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх учир жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа асуудлыг засах хуулийн төслүүд өргөн барих, мөн дэмжлэг үзүүлэх чиглэлүүдийг тодорхой болгож өгөх, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар талуудтай уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгах саналаа хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Дэд хороо жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогыг тодорхой болгуулах, бойжуулах чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түншлэлийн асуудлыг сайтар анхаарч, энэ асуудлууд руу тулж ормоор байна гэсэн санал хэллээ. Мөн томоохон төслүүдийг дагаж ямар жижиг дунд үйлдвэр хөгжих вэ гэдгийг тухайлан ярьж тодорхойлолтыг гаргах, дэмжлэгийг нь татгалзлалгүй өгдөг байх санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай үйлдвэрлэлийн байранд нь очиж танилцах санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Дэд хорооны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах 5 зүйл бүхий саналаа бичгээр гаргаж өгөв.
 
 
Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээ байгуулаад, Ажлын хэсэг дээрээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар гол бодлогоо  маш тодорхой болгон, Засгийн газарт чиглэл өгөх талаар санал хэллээ. Ажлын хэсгийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллахаар шийдвэрлэв.
Ийнхүү Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.