sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Ардчиллыг сурталчлах, хамгаалах, түүнчлэн “COVID-19” цар тахалтай тэмцэхэд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргаатай нягт хамтран ажиллана гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.
"АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөх гэж байгаа Жо Байденд халуун баяр хүргэж байна. Коронавирусний халдвартай тэмцэж, цар тахлын уршгийг даван туулж байгаа энэ үед АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллах гэж байгаатай баяртай байна. Бид мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар ижил байр суурьтай байдаг билээ. Түүнчлэн батлан ​​хамгаалах, аюулгүй байдал, ардчиллыг сурталчлах, хамгаалах талаар ижил үзэл бодлыг баримталдаг” гэж Борис Жонсон мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Тэрбээр мөн Байдентай зургаадугаар сард Карбис-Бэй хотод болох “G7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн 11 дугаар сард Глазго хотод болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Их Британи Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар айлчилсан анхны эсвэл хоёр дахь улс болж магадгүй гэж өмнө нь “The Daily Telegraph” сонин мэдээлсэн юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг