сонин mn
Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж буй 79 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байна. Түүнээс гадна, 1942 оны 11 дүгээр сарын 20-нд Пенсильваниа муж улсын Скрантон хотод англи-ирланд гаралтай гэр бүлд төрсөн тэрбээр Америкийн түүхэн дэх хоёрдахь католик шашинтан /Жон Кеннедийн дараа/ төрийн тэргүүн болж байгаа юм. 
Жо Байден 1965 онд Делаверийн их сургуулийг түүх, улс төр судлалаар бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар 3 жилийн дараа Нью-Йорк муж улсын Сиракузын их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
 
 
 
Барак Обамагийн үед 8 жилийн турш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, үүнээс өмнө Делавэр муж улсыг төлөөлөн Сенатад 35 жил ажилласан энэ хүн бол Америкийн улс төр дэх хамгийн нэр хүндтэй, туршлагатай “ахмад дайчин” мөн. Тодруулбал, 1973-2009 онд Сенатын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр Америкийн гадаад бодлогыг тодорхойлоход хамгийн хүчтэй нөлөөлдөг хууль тогтоогчдын нэг байсан бөгөөд Конгрессын дээд танхимын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороог нэг бус удаа даргалж байжээ.
Гадаад бодлогын салбарт асар их туршлага хуримтлуулснаас гадна Конгрессыг дотроос нь сайн мэддэг учраас Ж.Байдентай хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдвэрлэсэн тухайгаа Б.Обама ярьж байлаа.
Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын дотоод сунгаанд Байден ялсан гол шалтгаануудын нэг бол тэрбээр Обаматай хамтран ажиллаж байсан явдал бөгөөд үүгээрээ африк гаралтай америкчуудын дэмжлэгийг хүлээсэн гэж улс төр судлаачид үздэг.
 
 
Гуравдахь оролдлого
 
Жо Байден гуравдахь удаагийн оролдлогоороо ерөнхийлөгч болж чадлаа. Өмнө нь 1988 онд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Их Британийн Лейборист намын дарга Нил Киннок-ийн хэлсэн үгийн санааг хулгайлан давтсан гэх шалтгаанаар Байдений нэр хүнд унаж, өрсөлдөөнөө зогсоохоос аргагүйд хүрсэн байна. Дараа нь 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгааны явцад сонгогчдын дэмжлэгийг авч чадахгүй гэдгээ мэдэрсэн тэрбээр Хиллари Клинтон, Барак Обама нартай цаашид өрсөлдөхөөс татгалзжээ.
Харин 3 дахь удаад “Америкийн сүр сүлдийг сэргээе”, “Хамгийн сайн сайхан өдрүүд өмнө хүлээж байна”, “Бүх зүйл боломжтой” гэх мэт уриа дэвшүүлэн сонгуульд оролцсон Жо Байден АНУ-ын дотоодод болон гадаад харилцаанд олон бэрхшээлтэй асуудал үүсээд буй хүнд цаг үед ялалт байгууллаа.
 
 
Дотоод бодлогын чиг шугамын тухайд, тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, олон сая америкчуудын хувьд эмнэлгийн үйлчилгээ, дээд боловсролын хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг онцлон тэмдэглэдэг. Үүний сацуу 5 дугаар сард дэгдсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр Байден хар арьстан иргэдийн эрхийг хамгаалах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэл хийх тухай асуудлыг хөндөж байжээ.  Түүнчлэн цагаачлалыг хориглосон шийдвэрийг цуцалж, хүүхэд ахуй насандаа Америкт нууцаар орж ирсэн иргэдийг АНУ-аас хүчээр гаргахгүй байх  нь зүйтэй гэсэн байр суурийг баримталдаг.
Тэрчлэн цар тахлын үед амны хаалт зүүхийг уриалж, коронавирусний эсрэг вакцинжуулалтад иргэдийг үнэ төлбөргүй хамруулах ёстой гэж үздэг хүн юм. 
Гадаад бодлогын тухайд, Байден бол русофоб буюу зөөлнөөр хэлбэл, Оросод дургүй хүн. Тэрбээр Америкийн гадаад улс төрийн бодлогын чиг шугамыг  тодорхойлоход, тухайлбал, Орос, Украин, Беларусийн талаарх бодлогыг боловсруулахад олон жилийн турш идэвхтэй оролцсоор иржээ.  Тодруулбал, сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Байден ярихдаа “зэвсэглэлд хяналт тавихаас бусад салбарт Оростой хамтран ажиллах боломж байхгүй” гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байв. Үүнтэй холбогдуулан дурдахад, тэрбээр 1979 онд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тухайн үеийн ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайд А.Громыко-той хэлэлцээ хийж байжээ.
 
 
Байден сонгуулийн өмнөхөн ярихдаа “ОХУ бол АНУ-д хамгийн их аюул учруулах улс мөн” гэж хэлснээс гадна элдэв шалтгаанаар Москваг шүүмжилж байсныг харвал Ерөнхийлөгч болсныхоо дараа Оросын эсрэг авсан хоригийг чангатгаж мэдэх юм. 
Түүнчлэн Беларусийн асуудлаар хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч А.Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авах, сөрөг хүчнийхэнд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэдгийг дурдаж байв.
 
 
 
Тэрбээр НАТО-г дорно зүгт өргөжүүлэх, тус эвсэлд Гүрж, Украин хоёрыг элсүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байжээ. Мөн Афганистанаас Америкийн цэргийг бүрэн гаргахыг дэмждэг хэдий ч Сири дэх Америкийн цэргийн тоог цөөрүүлснийх нь төлөө Трампыг шүүмжилж байлаа.
 
 
 
Түүнээс гадна, Хятад улсад хүний эрх зөрчигдөж буйд шүүмжлэлтэй ханддаг ба АНУ-ын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Хятад гэж үздэг хүн юм. Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Байдений үед Хятадын талаарх Америкийн гадаад бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй бололтой. Гэхдээ 2012 онд Вашингтонд Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Хятадын удирдагчийг “шинэчлэгч” гэж нэрлэж байсантай нь харьцуулахад Байдений бодол өөрчлөгдсөн нь илт. “Бээжин бидний хувьд томоохон сорилт болж байгаа учраас энэ тал дээр хатуу байр суурьтай байх хэрэгтэй, ингэхгүй бол хятадууд Америкийн компаниудын технологи, оюуны өмчийг хулгайлсаар байх болно” гэж тэрбээр сонгуулийн өмнө мэдэгдэж байв.  
Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол  Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт АНУ-ыг буцааж оруулна, ДЭМБ-аас АНУ-ыг гаргах гэсэн Трампын шийдвэрийг хүчингүй болгоно, Ираны цөмийн хэлэлцээрт АНУ эргэн нэгдэх тухай асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ Байден амлаж байсан.  Түүнчлэн Европын улсуудтай харилцах харилцаанд гарсан ан цавыг арилгаж, Европын Холбоо, НАТО-гийн холбоотнуудтай худалдаа, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа сэргээн бэхжүүлэх чиг шугамыг баримтлах ажээ. Өөрөөр хэлбэл, Трампын явуулж байсан дарамт шахалт үзүүлэх хэт хатуу бодлогыг зөөлрүүлж, өмнөх ерөнхийлөгчийн гаргасан алдаа дутагдлуудыг засч залруулах бодлогыг хэрэгжүүлэх бололтой. Ингэснээр Америкийн имижийг сэргээж, АНУ бол найдвартай түнш мөн гэдгийг дэлхий дахинд харуулах боломжтой гэж үзэж буй нь илт.
 
 
 
Ер нь бол, Америкийн Ерөнхийлөгч нар халаагаа өгснөөр тус улсын гадаад бодлогын зорилго зорилт өөрчлөгддөггүй, харин арга барил, хэв маяг нь өөрчлөгддөг гэдгийг шинжээчид хэлдэг. Тухайлбал, Ардчилсан намынхан зөөлөн хүчний арга хэрэгслийг илүүд үздэг байна. 
 
 
 
Тэгэхээр ямартаа ч Байдений үед АНУ-ын гадаад бодлогын ерөнхий чиг шугамыг урьдчилан таамаглах боломж өмнөхөөс илүү байх бололтой.   
 
Зовлон бэрхшээлийг даван туулсан нь
 
 
 
 
Тэрбээр нэлээд зовлон үзэж, амьдралд нь тохиосон эмгэнэлтэй золгүй явдлууд, хүнд гарз хохирлыг сэтгэлийн хатаар даван туулсан хүн юм. 1972 онд түүний анхны эхнэр Нейлия, охин Наоми нар автомашины ослоор амиа алдаж, хүү Бо, Хантер хоёр нь хүнд гэмтэл авчээ. Осолд орсон хүүхдүүдээ сахиж байхдаа тэрбээр Америкийн түүхэн дэх Сенатын хамгийн залуу гишүүнээр сонгогдож, гишүүний тангаргаа эмнэлгийн өрөөн дотор өргөж байсан гэдэг.  
 
 
 
Хожим том хүү Бо Байден нь тархины хавдраар нас барсны улмаас Байден 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болжээ. Өөрийнх нь эрүүл мэндэд ч асуудал тулгарч, тархины судасны бөглөрлийг засах мэс засалд хоёр удаа  байна. 
 
 
Түүний улс төрийн амьдралд ч мөн багагүй саад бэрхшээл учирч байв. Тухайлбал, түүний хүү Хантер Байден нь Оросын Москва хотын захирагчийн эхнэрээс 3.5 сая ам.доллар авсан, Украины “Burisma Holdings” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх дуулиан шуугианд нэр холбогдсон нь Жо Байдены сонгуулийн кампанит ажилд тун ноцтой хар “PR” болсон билээ.
 
 
Б.Адъяахүү