Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой өнөө жил тохиож буй билээ. 1924 онд дөрвөн гол чиглэлийн өртөөнд 21 мянга 314 морь хэрэглэж байснаас баруун зүгт Ховд-Улиастайн чиглэлд 10 мянга 944, өмнө зүгт 1812 мориор тээвэрлэлтийн ажил гүйцэтгэдэг байв. 1927 онд ердийн хөсгийн тоо 135 мянга, 1928 онд 212 мянга, 1929 онд 264 мянга шахам болж, өссөн байна.
1929 оны арваннэгдүгээр сард 20 авто машинтай Монгол улс Зөвлөлт холбоот улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хувь нийлүүлсэн тээх нэвтрүүлэх газар “Монголтранс” байгуулагдсан түүхтэй.
Ховд аймгийн анхны жолооч нар С.Ёндон, Б.Дорж, Ө.Баарай С.Замбарал, Г.Түгэн. Л.Дүнсэл, Н.Пүрэвхүү, Н.Аюурзана нар Ховд аймгийн тээх нэвтрүүлэх дөрвөн авто баазад үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Үхэр тэргэчнээс анхны авто машины моторт хүлгийн жолоонд суусан С.Ёндон, Б.Дорж нар олон ястны өлгий нутаг, эх орны алс баруун хязгаар нутагт оршин сууж байсан. Одоо ч байсаар байгаа үндэстэн, ястнуудын үеийн үед бахархан ярьсаар ирсэн билээ.
Ховд аймгийн ахмад, дунд залуу үеийн нийт тээвэрчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, тээврийн салбарт ажиллагсдад 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын зүтгүүр, холыг уулзуулж хоёрыг ойртуулах буянт үйлсийн эзэд болсон тээвэрчдэдээ Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, хүндэтгэн ёсолж байна.
Нэгэн насныхаа ухамсарт амьдралаа алтан жолоотой холбосон ахмад тээвэрчдээ дурсан хүндэтгэе. Сүрлэг Алтайн уулсаас мэнэнгийн тал хүртэл, Хөвсгөлийн өтгөн шугуйгаас Өмнийн говь хүртэл Монгол орныхоо нийт газар нутагт хөгжлийн элч, хүмүүнлэгийн ач, холын мэнд, хотлын таваарыг хүргэн ажиллахдаа тээвэрчид маань байгаль цаг уурын бэрхшээл, халуун хүйтнийг ажиралгүй давж, улс түмнийхээ эрх ашгийн төлөө өөрийн гэр бүл, аж амьдралдаа зориулах цаг мөчөөсөө хугасалж, түмэн олныхоо амьдарлын гүнд орж, жаргал зовлонг хуваалцан, хээрээр гэр, хэцээр дэр хийн хатуужил тэвчээрийн үлгэр жишээг үзүүлж Монгол орныг бүтээн босгосон гавьяатнууд билээ.
Авто тээврийн салбарын 90 жилийн түүх бол Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил дэвшил, ард түмний аж амьдрал, соёлын өөрчлөлт хувьсалын түүх юм. Тээвэрчдийн маань хөдөлмөр бүтээлийн үр дүнд хоосон зэлүүд газар хот босч, хотол олноороо суурьшин амьдарч, хол ойрын орон зайг товчлон дэвжиж байна. Ховд аймгийн маань өнөөгийн өнгө төрх, хөгжил дэвшил ч тээвэрчдийг маань хөдөлмөрийн салшгүй үр дүн бөгөөд, цаашдын хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр ч цаглашгүй их гэдгийг онцлон тэмдэглэе.
Би одоогоос 51 жилийн өмнө буюу 1964 онд ховд аймгийн Авто тээврийн анхны гал голомт болсон дөрөвдүгээр баазын хаалгаар анхлан орох аз заяа тохиосон юм. 1960 онд Баян-Өлгийн Дэлүүн сумын сургуулийн долоодугаар ангийг онц сайн дүнтэй төгсөж. Өлгийн Нэгдүгээр 10 жилийн сургуулийн наймдугаар ангид суралцах хуваарыг шалгалтын комисс гаргаж, Гэрчилгээ, хувийн хэргийг минь гарт өгсөнгүй.
1960 оны наймдугаар сарын 10-нд шуудангийн Газ-51 машинд сууж Өлгий хотод ирэв. Анх удаа аймгийн төвийг үзэж байгаа нь энэ. Гэгээрлийн хэлтсээс гэрчилгээ, хувийн хэргээ авч ямар ч хуваарь, томилолтгүй гэлээ ч Эх орны нийслэл орж, ямар нэгэн техникум олж суралцах хүсэлтэй Дарга Ш.Шынуар гэх хүнд гуйж, учирласан ч өгсөнгүй, загнаж гаргав.
Нутаг буцаж есдүгээр сарын 1-нд ирэх нь зардал мөнгөнөөс эхлээд хэцүү байдал тулгарах тэр мөчид аймгийн АДХГЗахиргаанд ажилтай нутгийн ах Ү.Акынбаба тааралдаж, нөгөө даргаас гэрчилгээ, хувийн хэргийг минь авч өгөв. Баярласан гэж жигтэйхэн. “Айдгаа авдартаа хийсэн” би хот явах унаа хайж тээврийн товчоонд ирэв. Халаасандаа ах Б.Шынгынын хөрш зэргэлдээ Мөнххайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангитай гэрээ хийж (3 хүн) бог мал (хонь) тууврын хөлснөөс 1360 төгрөг өгсөн нь эдүүгээ 71 настай миний санаанаас гардаггүй. Энэ мөнгө миний эрдэм номын замыг нээсэн.
Тээврийн товчоонд ирээд хот явахаар ачаа ачсан зил-157 машины жолооч М.Хызыр гэх жолоочийг гуйж байж замын зардал 141 төгрөг бичүүлж, Архангайгаар замдаа машин эвдэрч 8 хонож байж орж ирж билээ. 55 жилийн дараа одоо бодоход “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд аавтайгаа очиж уулзахаар замын машинд нуугдаж суусан Гочоо хүүгийн (жүжигчин Я.Бямбахүү) суралцах техникум олохоор замын машинд суусан 16 настай миний бие Гочоо хүүгийн дүр төрх нүдний өмнө буух юм. Улаанбаатарт ирж, төөрч будилсаар хотын төв хэсэгт орших, арслантай гүүрний дэргэдэх “Санхүү-Эдийн засгийн техникум” гэсэн магнайд хаягатй гурван давхар цагаан сургуулийг олов.
Хичээлийн эрхлэгч Нямбүрэнд орон, өөрийнгөө Баян-Өлгийгөөс ирснээ ярьж, сургуульд элсэн орж, суралцах хүсэлтэйг хэлсэн ч хуваарь томилолтгүй учир элсүүлэхгүй гэв. Аюурзана захиралд орохыг зөвлөв. Захирал чи монгол хэл мэдэх үү гэрчилгээгээ үзүүл гэв. Үзүүлэв. Манай аавынх Баян-Өлгийн Булганд жилийн дөрвөн улиралд нутгийн урианхай айлуудтай хамт байдаг тул би монголоор бага зэрэг ярьдгийг захирал гадарлаж байгаа бололтой.
Гомбо гэдэг багшид бичиг хийж өгөв. зургаа хоногийн дараа Зэлтэрийн САА-д ногоо хураах ажилд 300 оюутны хамт явахад дулаан хувцас, замд идэх хуурай хоол, бэлтгэ. нэгдүгээр курст элсэж суралцуулахаа хэлж гэрчилгээ хувийн хэргээ авав. Ингэж ирээдүйд ямар мэргэжил эзэмшиж ямар ажил хйих болохыг мэдэхгүй мухар сохроор техникумд элсэн орж билээ.
1964 оны долоодугаар сард тус техникумыг авто тээврийн байгууллагын нягтлан бодогч гэсэн мэргэжлээр төгсөж, бүх аймаг хотын авто тээврийн баазуудад хувиарлагдахад тухайн үеийн тээвэр холбооны яам намайг Ховдын дөрөвдүгээр авто баазад хувиарлаж томилолт өгсөн түүхтэй. 1964 оны долоодугаар сарын 14-ний өдөр. Эх орны алс баруун хязгаар баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо 4р авто баазын хөдөлмөрийн хамт олно.
Алтайн алдарт алтан үеийн тээвэрчидийн дундаас анхны хөдөлмөрийн алтан гараагаа эхэлсэндээ бахархдаг. Би 51 жилийн өмнө намайг өлгийдөн авсан ажил амьдралд минь хөлийг минь дөрөөнд хүргэсэн тээвэрчдийг эргэн дурсаж эдүгээ 71 насны өндөрлөгт ховд хотноо эхнэр хүү охин бэр хүргэн ач гуч зээ нарын дунд энх тунх амьдран сууж ховд аймаг суугуул бус уугуул нутаг боллоо.
Тэр алтан үеийн тээвэрчдээс Монгол трансын гэх тодотголтой БНМАУ-ын Ардын их хурлын депутат сүхбаатарын одонд баруун хязгаар нутагт анх удаа моторт хөлгийн жолоонд суусан орос сургагч багш В.Л.Игнатовын шавь С.Ёндон, Ховдын авто баазад 60 гаруй жил ажил, амьдралаа холбосон алдарт тээвэрчин “Газрын галт тэрэг” “Шоохойн хүүд шоохойн шохоорхон нууц бий” найрууллын эзэн Сүхбаатарын одонт, МАХН-ын их хурлын төлөөлөгч С.Сандуйжав, жирийн малчин ардын хүү тээвэрчин БНМАУ-ын хөдөлмөрийн баатар З.Хийров, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тээвэрчид С.Замбарал, Н.Пүрэвхүү, Ө.Баарай, ахмад тээвэрчид, Б.Галдан, Д.Сандагдорж, Л.Жамсран, Гомбожав, Дүнсэл, Аюурзана, Г.Мягмар, Баасанжав нарын алтан үеийн тээвэрчид өнөөдөр бидний дунд байхгүй бурханы оронд халин одож, тэдний нийгэм ард түмний төлөө өвлийн тасхийм хүйтэн, зуны шатам халууныг үл ажран хойч үедээ хийж бүтээсэн үйлс нь мөнхрөн үлджээ.
Миний ажлын хоёр дахь гараа буюу МАХН-ын томилгоо
1975 онд зөвлөлт холбоот улсын техник эдийн засгийн тусламжтайгаар улсад улаанбаатар нефть хангамжийн газрын дараа хоёрт орох 5000м3- ийн багтаамж бүхий шатахуун тос хадгалах, зарцуулах, түгээх, автоматаар 1000м3 босоо резервуараас авто цистерэнд шууд ачих сумуудад хүргэх контор граш, ШТС бүхий иж бүрэн нефть хангамжийн баазыг улсын комисс ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа “А” үсэгнээс эхэлж, Ховд аймгийн МАХН-ын хороо энэ баазыг удирдах боловсон хүчний томилгоо хийж өмнөх он жилүүдэд Төв, Хөвсгөл, Увс, Ховдын тээврийн бааз, байгууллагын даргаар манхан сумын уугуул хожим аймгийн авто зам конторын даргаар олон жил ажилласан Т.Баасанхүүг ерөнхий инженерээр, намайг ерөнхий санхүүч буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулж, намын даалгавар өгч ажиллуулсан юм.
Би нефть бааз болон дөрөвдүгээр баазад нийт 39 жил ажилласан. Би дээрх удирдлага, хамтран зүтгэгч нартай, гар нийлэн нэгэн зорилготойгоор ажиллаж нефть бааз ажлаараа шалгарч, улсад нэг удаа системд гурван удаа байр эзэлж байлаа.
Миний ах дүү төрөл төрөгсөд хадам талын 16 өрх айл хүмүүс 1992-1994 оны хооронд Баян-Өлгийн Булган сумаас Казахстан улс руу нүүж, тэнд суурьшин тэр орны харьяат болсон. Би тухайн үед дээрх төрөл садангуудыг даган баясч нүүн харь орны харьяат болохыг хүссэнгүй. Унасан газар угаасан ус монгол эх орондоо үлдсэн юм. би төр ард түмний хөрөнгөөр сурч, дээд, тусгай мэргэжил эзэмшсэн. Төр ард түмэндээ үнэнчээр үйлчлэх ёстой гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнчээр үлдсэн юм.
Эгэл миний бага нас
Би 1944 онд Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган сумын заагт байршилтай мөнхцаст Мөнххайрхан оргилын салбар уулс таван хумстын нарлаг өвөрт малчин айлын гэр бүлд төрж бага насаа эцэг эхийн гарт өнгөрөөж, ширүүн урсгалт тастысай, аршаты, их, бага түргэний голоос ундаалж, сэрүүн сөнхөл, баян нуурын хөвөөнд хурга, ишиг хариулж, хурдны морь унаж, сургуулийн даалгавар биелүүлэх гэж зунжингаа зурамны нүхэнд хувингаар ус цутгаж, дүрсгүйтсэн хөдөөний борлосон жаал байлаа.
Улаанхус, сөнхөл, багийн уудам хөндий хадлан бэлчээрийн сав газар хар мод, улиас бургас, харгана хүртэл зэрэгцэн өссөн энэхүү үзэсгэлэн төгөлдөр монгол нутаг монгол газар шороондоо мэндэлснээрээ бахархдаг.
Эдүгээ 68 жилийн түүхтэй шүвдэрийн бага сургуулийг төгссөн. Шүвдэрийн бага сургууль төгсөгчдөөс БНМАУ-ын ардын их хурлын депутат, улсын аварга малчин К.Хавдаш, БНМАУ-ын АИХ-ын депутат, сум нэгдлийн дарга Н.Сатей, улсын аварга малчин Бодлоо, гавьяат багш М.Каспи, хүний гавьяат эмч Ж.Жүнис, хөдөлмөрийн яамны дэд сайд, сангийн яам, БСШУ-ны сайд, одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Баян-Өлгий, Ховд аймгийн засаг дарга асан Т.Даваажав, УДЭТ, циркийн жүжигчин дахин давтагдашгүй авьяаслаг жүжигчин Т.Латиф агсан энэ сургуулийн төгсөгч. Дээрх олны танил болсон боловсон хүчнүүдээрээ шүгдэрийн бага сургууль бахархсаар байх болно.
Миний бага балчир нас сургууль соёл ажил албаны мөр хөөсөн 50 жилийн амьдралын зам Баян-Өлгий, Ховд аймагта салшгүй холбоотой юм. 1952 оны намар аав Шүвдэрийн бага сургуульд элсүүлэхээр Их ширэгээс авч ирэн ардын сургуулийн алтан босгоор анхлан оруулж арваад хоног гэрээ санаж уйлан явсан тэр цаг мөчийг ер мартдаггүй юм. Б.Нугаман багшаар анхны А үсэг заалгаж, техникум дээд сургуульд хичээл заасан бүх эрдэмтэн багш нараас ч илүү дотно халамжит Б.Нугаман багш сэтгэлд минь хоногшин үлдсэн юм.
Шүвдэрийн бага сургуулийн суурь 1947 онд Их төмөртийн аман Булган голын хөвөөнд дөрвөн эсгий гэр, 60 гаруй сурагч анх хоёр багш. 1948 оноос сургуулийг улаанхусын хөндийд нүүлгэн шилжүүлж, арван эсгий гэр зургаан багштайгаар зохион байгуулж эрхлэгч захирлаар Батталын Дадыкен, багшаар Сахаба, Акжаркын, Пэрлээ, Содгоо, Жагслаг нар ажиллаж, арван эсгий гэрийг ард иргэдийн хөрөнгөөр цуглуулсан дүнзэн байшингаар сольж Шүвдэрт суурьшсанаас хойш эдүгээ 68 жилийг ардаа орхижээ.
Сургууль 2017 онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2012 оны УИХ, орон нутгйин сонгуульд АН олон суудал авч, төр засгийн дээд эрхийг барьж буй засаглалын үе буюу төр засгйин дээд эрхийг барьж буй засаглалын үе буюу 2013-2014 оны хичээлийн жилд 70 гаруй жил түмэн нүүж сууж бэрхшээл зовлон үзэж бодит амьд балгас болсоор ирсэн сургууль сургалт хүмүүжилд шантаршгүй зориг тэмүүлэл гаргаж олон мянган төгсөгчид шавь нарын санаачлага зүтгэлээр хоёр давхар хичээлийн болон дотуур байр спорт заал дэд бүтэц халаалт уурын зуухны хамт ашиглалтад оруулж, хөдөөгийн ард иргэдийн талархлыг хүлээв. Ардчиллын ач гавьяа.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл0