sonin.mn

СТОКХОЛМ, 2025 оны тавдугаар сарын 28 /Reuters/. Одоогоос 10 жилийн өмнө Сирид амиа алдсан Иорданы цэргийн нисгэгчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг Шведийн прокурорууд өчигдөр шүүхэд шилжүүлжээ.  


Дайны гэмт хэрэг, терроризмын хэрэгт сэжиглэгдсэн 32 настай Осама Крайем гэгч Шведийн иргэн 2015 онд Парис, 2016 онд Брюссельд болсон халдлагуудад оролцсон хэргээр өмнө нь ял сонссон байна. 


Нэгэн цагт Сири, Иракийн нутагт аймшигт дэглэмийг тогтоож байсан “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн 2014 оны 12 дугаар сард Иорданы нисгэгч Муат аль-Касасбехийг барьцаалж, дараа нь торонд амьдаар нь шатааж буй дүрс бичлэгийг цацаж байв. Шведийн Прокурорын газар О.Крайемыг дайны онц ноцтой гэмт хэрэг, терроризмын хэрэгт буруутгасан гэж ялын төлөвлөгөөнд дурджээ. Түүнийг “Лалын улс” бүлэглэлийн бусад гэмт этгээдүүдтэй хамтарч Муат аль-Касасбехийг хөнөөсөн гэж үзсэн байна. 


О.Крайем нисгэгчийг торонд хүчээр оруулж, цаазлах явцыг харуулсан дүрс бичлэгийг “Лалын улс” бүлэглэлийн үзэл суртлыг дэлгэрүүлэх зорилгоор тараана гэдгийг мэдсээр байж камерт бичсэн гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.


Түүний швед өмгөөлөгчөөс энэ талаар тодруулахыг хүсэхэд хариу өгсөнгүй. О.Крайемийг Стокхолмын дүүргийн шүүхээр оруулахын тулд Францаас Швед рүү түр шилжүүлээд байгаа юм. “Лалын улс” бүлэглэл нь 2014-2017 оны хооронд Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож байсан бөгөөд 2019 онд Сирид ялагдал хүлээсэн юм. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг