
Тавь шахам жилийн түүхтэй тус сургууль өнөөдөр ууган багш нарынхаа нэг, нас сүүдэр 100 дөхөж яваа ахмад багш Ядамсүрэнгийн Дэлгэрийн алдрыг тэмдэглэх өдөрлөг зохиож, үе үеийн багш, шавь нар нь морилон саатаж сургууль нь багшаараа бахархаж, багш нар нь сургуулиараа гоёж, нэгэн хичээлийн жилийг үдэх хонхон дуугаар хөглөгдсөн хөөр бахархал дүүрэн баярт уулзалт болж байгаа.
Тус сургуулийн захирал асан, Ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат багш Б.Цог, “Ахмад багшийн алдрыг тэмдэглэх энэхүү өдөрлөг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав найрагчийн “Багш” найраглалын 40 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Манай Я.Дэлгэр багш бол “Багш” найраглалын баатруудын нэгэн яах аргагүй мөн. 1951 оноос багшилж эхэлсэн, Архангай аймгийнхаа олон суманд багшилсан, түүний дотор 1917 онд үүд хаалгаа нээсэн баялаг түүхтэй Монгол Улсын анхны сургууль Архангай аймгийн Хан-Өндөрийн бага сургуулийн 1959-1962 оны багш юм.
Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу Одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дахь Хан- Өндөрийн хийдэд үүсэн байгуулагдаж байжээ.1917 онд байгуулагдсан сургуулийн хичээлийн байр (одоо)
Сургуулийн анги танхимаас гадуур олон түмнийг ном эрдэмд хөтөлсөн бичиг үсгийн багш, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарилцсан гэгээрлийн салбарын ахмад зүтгэлтэн, 1960-аад оны дундуур гэр ахуй үйлчлэх хөдөлмөрийн курсээр бэлтгэгдсэн анхны мэргэжлийн багш, дунд сургууль дахь гэр ахуйн кабинет ямар байхыг очсон ажилласан сургууль болгондоо үлгэрлэн харуулсан анхдагч гээд Я.Дэлгэр багш үнэхээр намтар баян түүхэн хүн” хэмээн өгүүлсэн.
Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Д.Амар тэргүүтэй Монголын ахмад багш нарын холбоо ч мөн нийслэлийн 68 дугаар сургуулийн ахмад багш нартаа урам хайрлах хүндэтгэлийн өдөрлөгийг дэмжин төлөөлөгчдөө илгээж Я.Дэлгэр багшид “Багшийн гавьяа” одонгоо гардуулж буй.
Амьдрал хөдөлмөрийн замнал нь монголын боловсролын салбарын лавтайяа 70 гаруй жилийн түүхтэй салшгүй холбогдох Я.Дэлгэр багштай уулзаж ярилцахад тэрээр “Намайг тавиад оны эхээр багш болж байх тэр үед хүүхдүүд ес, арван насандаа сурагч болдог, арван хоёр гуравтай хүүхэд ч бишгүй ирдэг байсан. Тэгэхээр анхны шавь нар маань ная гарсан насны улс яваа байх нь, ингээд бодохоор би мөн эртний амьтан болж таарах нь ээ” гэж суусан.
Охин Я.Эрдэнэчимэг нь, Ээж маань “би зуу хүрсэн” гээд байгаа, арай ч болоогүй, гэхдээ монгол хүн амны бэлгээр гэж ээж минь зуу хүрч зургаадай таягаа тулах юм байлгүй хэмээн бид бэлгэшээдэг гэв.
“Багш найраглалын баатар эрхэм нэгэн багштанд үнэхээр зуу байтугай насалсан мэт бодогдох нь яах аргагүй хүмүүний нэгэн насанд баймгүй ихийг үзэж туулсан ажил амьдралынх их замналтай нь холбоотой буй заа. Ингээд бид Я.Дэлгэр багшийн дурсамж сэлтээс нь Монгол Улсын ууган сургууль Хан-Өндөрийн бага сургуульд холбогдох хэсгээс түлхүү дээжлэн уншигчдадаа толилуулж байна.
-Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, 1951 онд аймгийн төвд 10-р анги төгсөөд бага сургуульд багшилж байгаад Архангайн Багшийн сургуулийн дээд курст нэг жил сурч төгссөн. Тийнхүү оюутан байхдаа Цэцэрлэг сумын уугуул, Даваагийн Ядамжавтай гэр бүл болсон, хань минь дөрөвдүгээр ангиасаа хүүхдээрээ багш болж нэлээд хэдэн жил ажилласан туршлагатай нэгэн оюутан болоод ирсэн байсан юм.
Монгол Улсын анхны сургууль Архангай аймгийн Хан-Өндөрийн бага сургуулийн 1959-1962 оны захирал багш Даваагийн Ядамжав, багш Ядамсүрэнгийн Дэлгэр. 1955 он
1954 онд Багшийн сургуулиа төгсөхөд нөхрийг маань Жаргалант сумын бага сургуульд захирлаар, намайг багшаар томилон хоёр жилийн дотор ажлыг нь өөд татаад аймгийн тэргүүн сургуулийн нэг болгох даалгавар өгч явуулсан. Хоёр жилийн дараа нам засаг, аймгийн гэгээрлийн хэлтсийн даалгаврыг хугацаанд нь амжилттай сайн биелүүлсэн гээд манайхыг Хангай сумын бага сургуульд томилов. Дараа нь Хан-Оюутын бага сургуульд мөн тийм томилолттой очсон. Хаана сургуулийн ажил доголдоно тийш нь явуулдаг ёстой нөгөө “Могойд барьдаг мод” гэдэг шиг л байсан даа. Тэр үеийн багш нар ер нь ийм л амьдрал туулсан байх. Ихэвчлэн морин тэргээр нүүнэ, би нялх, жаахнуудтайгаа нэг мухлаг тэргэнд сууна.
Унаган нутаг Эрдэнэмандал суманд ойрхон, бараг л төрсөн гэрийнхээ хаяанд хүрэх болохоор Хан-Оюут руу бусад томилолтоос илүү их дуртай очиж байж билээ. Даалгавар авсан хоёр жил нүд ирмэхийн зуур өнгөрч дараагийн томилолт ирж Хан-Оюутаас Хан-Өндөрийг зорив.
Хан-Өндөр бол хуучин Сайн ноён хан аймгийн Сэцэн Чин вангийн хошуу гэж ноёд язгууртнууд нь номтой эрдэмтэй, хүн ард нь ажилтай амьдралтай, халх даяарт нэр цуутай, оюуны гэгээ цацарсан хошуу нутаг байсан гэдэг юм. Тиймдээ ч монголын ууган сургуулийн нэгийг тэнд байгуулсан байгаа юм. Монгол Улсын үүх түүхтэй сургуульд ажиллах хувь зохиол тийнхүү бидэнд тохиосон юм. Чамгүй дадлага туршлагатай захирал, багш очиж байсан даа.
Тэр үеийн багш бидний ажил барагдана гэж үгүй. Хичээлээ заана, дугуйлан хичээллүүлнэ. Дотуур байр тохижуулна. Сургууль завсардсан хүүхдийн араас явна. Шавь нарынхаа гэрээр очиж эцэг эхтэй нь уулзана. Ухуулга сурталчилгаа, соёлжилтын үзлэг, урлаг уран сайхан гээд сум орны ажилд байнга оролцоно. Манай хүн сурагчдын сурлага хичээлд их анхаардаг, хүүхдийн дэвтэр үзээд л багшид нь шаардлага тавьдаг “Сурагчийн дэвтэр багшийн толь” гэж үздэг нэг тийм онцгой арга барилтай, нэлээд хатуу захирал байсан. Сүүлд дээд боловсролтой болж 10 жилийн сургуулийн захирал болоод ч тэр арга барилаа тавиагүй. Багш бид ч хүүхдийг гоё сайхан бичүүлж сургахын төлөө их мэрийдэг сэн. Манай хүн хаана ч ажиллаж байсан “Архангайн сумдын сургуулийн сурагчдыг нэг танхимд суулгаад шалгалт авбал манай сургуулийн хүүхдүүд толгой цохино доо” гэдэг сэн. Сургалтын чанарыг санаандаа хүртэл чамбайруулж чадсан захирал хүнээс л гарах үг тэр байх. Сурлага хичээлийн хажуугаар сурагчдаа урлаг, биеийн тамираар явуулах гэж их анхаарна.
Хан-Өндөрийн хүүхдүүд тэшүүрт их сайн, өвөл Тамирын голын мөсөн дээр өнжинө, багш нар ч гулгадаг, уралдаан тэмцээн зохионо. Сумын тэшүүрийн уралдаанд би хоёрдугаар байранд орж, өмнө нь аварга болж байсан Өлмэй багш гуравдугаар байранд ороод, шаралхсандаа багтран унаж байсан юм.
Найрал дуу удирдаж дохино, бас сумын улаан буланд нийтийн бүжиг болоход мандолин хөгжим, баян хуур хөгжмөөр ая тоглодог, би яаж нэг юм болгож байсан юм бүү мэд, хүмүүс их л бүжиглэдэг байсан юм. Сургуулийн шинэ жилийн ёолк гэж жигтэйхэн сайхан юм зохионо. Жилийн арван хоёр амьтан, дээр нь нэмээд чоно, баавгайн баг, танхим чимэглэх цасан ширхэг, гинж, гоёог сурагчидтайгаа өдөр шөнөгүй сууж хийнэ. Сумын төвийнхөн, хөдөөгөөс малчин аав ээжүүд ч ирнэ, улаан буланд багтахгүй, эрэгтэй багш өвлийн өвгөн болж, эрэгтэй эмэгтэй хоёр багш алиалагч хийнэ, тэд дуран сунгаж байн байн дурандаад л “Тэнд бэлчиж яваа хонины захад нэг хүүхэд байна, нөгөө хэн гуайнх хүүхдээ сургууль завсардуулчхаж, өө хөөрхий” гэх, эсвэл “Нэг хүүхэд ном уншиж байна, тэр хэн бэ? Тэд дүгээр ангийн онц сурлагатан тэрний тэр “Чук Гек хоёр”-ыг уншиж байна” гэх жишээний. Ам тагнай даавуун дээр дэвтэр, харандаа, хэдэн ёотон, тавиад онцчууддаа бэлэг өгнө. Хүүхдүүд их баярлана. Өвлийн өвгөнөөс бэлэг авах тэр үеийн сурагчдад хамгийн том шагнал байсан юм. Тэр үеийн багш бидний хийсэн, хэлсэн бүхэн сургуульдаа төдийгүй сум орон нутаг даяарт хүрдэг, багш гэдэг их үнэ цэнтэй хүн, сургууль гэдэг үнэхээр соёл гэгээрлийн төв нь байсан юм. Хан-Өндөрт багшилж байсан тэр жил 1961 оны 4 сарын 12-нд Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин сансарт нисэхэд их л мундаг том үйл явдал гэж ойлгож бид сурагчдадаа хэр хэмжээгээрээ ярьж танилцуулан, суманд лекц хурал хийж, шөнө нь сумаараа гадаа гарч тэнгэр од ширтэн, хүүхдүүд “тэр байна, энэ байна” гэж шуугилдан, хадам ээж минь байн байн сүү өргөж байсан ч сансарт ниснэ гэдгийг чухамдаа яг юу болохыг хэрхэн ойлгож байсныг бүү мэд дээ. Аймгийн Гэгээрлийн хэлтсээс байсгээд л шалгалт ирнэ.
Нэг удаа гэгээрлийн хэлтсийн дарга Шагдарсүрэн багш биеэр ирж, хүн болгонтой уулзаж, янз бүрийн юм асуун ширүүхэн шалгав. Надаас “Үхэр өвс яаж иддэг юм бэ?” гэж асуусанд би шуудхан л “Шүдээрээ иддэг” гэж хариуллаа. Дарга мушийн инээгээд “За гарч бай” гэлээ.
Ойрмогхон бэлчих хэдэн үхрийг хараад “үхэр дээд шүдгүй, хэлээрээ ороож иддэг”-ийг гэнэт санаж “Гэгээрлийн хэлтсийн даргын шалгалтад уначихлаа гэж” жигтэйхэн айж байж билээ. Энэ мэт инээдтэй, хөгжилтэй юм их л тохиолддог байж дээ. Хангай суманд байхад сумын дарга Дүгэрсүрэн гуай “Захирал аа идшээ аваарай” гэсээр савга сагаг нь газарт шүргэсэн айхтар том сарлаг хөтлөөд ирэв. Сургуулиар голдуу явчихсан хүүхдээрээ шахам бид хоёр “Энэ амьтныг одоо яадаг билээ” гээд сарлагаас нь жигтэйхэн айн сүрдэж байж билээ. Балгас болсон хуучин байшингийн нэг хэсэгт Хан-Өндөрийн сургуулийн агуулах байх, тэнд сүм хийдийн цөөвтөр зэс гуулин сав хэрэглэл, сүмийн оройн зэс согоо, бурханы гүнгэрваа сэлт хадгалаастай, мөн хичээлийн үзүүлэн таниулахад зориулан нутгийн урчуудаар хийлгэсэн бүрэн хэрэглэлтэй хэдэн жижигхэн гэр байдаг сан. Жижигхэн гэдэг нь сурагч хүүхдүүд ширээн дээрээ барьж угсрах хэмжээний тийм жаахан, ур хийц нь их чамин, тооно, унь, хана, бүрээс, хаяавч, бүслүүр бүх юм нь яв цав таарна, ёстой хөөрхөн. Тэр бүхний бүртгэл гэж их чанга, хичээл дээрээ үзүүлчхээд эргүүлээд нэг бүрчлэн тоолж тушаана. Балгас болсон байшингийн нэг хэсэгт хэдэн тахиа тэжээнэ. Анагаахын дээд сургуулийн оюутан дүү Тогооч маань хотоос ирээд “Тахианы өндөг биед сайн, чанаж идэж бай” гэхэд хадам ээж жигтэйхэн сэжиглэж, харин нөхөр маань “болохгүй, тэр чинь улсын өмч” гэж байж билээ.
Нэг өдөр хичээл тараад иртэл Тогооч маань хэдэн өндөг чаначихсан бидэнд амсуулсанд уураг шиг их сайхан юм байна. Тэрнээс хойш би хаа нэг өндөг чанана, гол нь “захирлаас” их л нуудаг сан.
Бас нэг удаа манайх хоол ундаар муухан болоод, ажил тарсан хойно хүн гуйж хонь гаргуулав. Яг гэдэс арилгадгийн даваан дээр багш нарыг хуралд дуудав. Захиралд учраа хэллээ, чөлөө өгсөнгүй, үдшээр яарсаар ирэхэд нөгөөх гэдэс маань царцаад бүр арилгах аргагүй болсон байх жишээний, манай хүн үнэхээр хатуухан захирал байсан юм. 1990-ээд оны эхээр бурханы оронд заларсан хүүхдүүдийнхээ эцгийн тухайд хэдэн үг хэлье. Ажилд үнэн махруу, үргэлж л конторлон сууж үдэш оройхон гэртээ ирнэ. Ирээд бичиг цаастай зууралдан сууна. Албаны бичиг хэргээ шинэ үсгээр, тэмдэглэл болоод бусад зүйлийг сайхан монгол бичгээр дурайлгана. Номын сангаа их анхаарна, сайхан ч номуудтай, их уншина. Хатуу чанга, шаардлага өндөр, шударга үнэн үгтэй хүн тул төвөөс ирсэн албаны зарим хүн, сум, аймгийн намын хариуцлагатантай үг зөрөх явдал гаргана. Хэдий ажлаараа гялалзаж явсан ч амнаасаа болоод үнэлэгдэхгүй, намаас хүртэл арга хэмжээ авхуулж байсан. Гэвч хөх Даваагийн Ядамжав гэж аймаг даяар гайхуулсан ажилтай, эрдэмтэй, зангаргатай захирлын нэг явсныг Архангайнхан андахгүй ээ. Хан-Өндөрт байх тэр үед хөдөө орон нутгийн тээврийн замд явдаг орос жолооч нартай танилцан өвгөн маань хамт загасчилж би ч загас гайгүй боловсруулж сурсан, хожим гэр ахуйн хичээлээр сурагчдад хоол хүнс хийлгэх, суманд ирдэг гадаад дотоодын зочин төлөөлөгчдөд зоог бэлтгэх, Тариад зэрэг их гол устай газар ажиллаж амьдрахад их л хэрэг болж байж билээ.
1962 оны хичээлийн жилийн сүүлээр аймгийн гэгээрлийн хэлтсээс нэгэн бичиг ирсэн нь “сайн ажиллаж олон сургуулийн ажлыг өөд татсаны учир Хан-Өндөр сумын сургуулийн захирал Д.Ядамжавыг УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангид суралцуулахаар шийдвэрлэв” гэсэн утгатай нэг ёсны урилга байсан.
Тийнхүү Улаанбаатарт би ч мөн Ажилчны районы 18 дугаар сургуульд багшлахын зэрэгцээ УБДС-ийн гэр ахуй, үйлчлэх хөдөлмөрийн мэргэжлийн багшийн улсын хэмжээний анхны курс төгссөн юм. 1966 онд сургуулиа төгсөхөд нөхрийг маань Тариат сумын 10 жилийн сургуулийн захирлаар томилж, тэр цагаас би очсон сургууль бүхэндээ гэр ахуй, үйлчлэх хөдөлмөрийн мэргэжлийн хичээл заахын дээр тэр хичээлийн иж бүрэн, үлгэр жишээ кабинет байгуулах нөр их ажилд хүчин зүтгэсэн дээ. Хичээлийн зорилго агуулга сургуулийн танхимаас хальж, хөдөөгийн айл өрхүүд хоол хүнснийхээ нэр төрлийг олшруулах, хүүхнүүд хатгамал, нэхмэлээр гэрээ гоёхоос эхлээд европ хувцас эсгэх, оёх, аливаа загвар дизайны шинэлэг хандлага бүхэн тэр цагаас эхлэлтэй гэж би мэргэжлээрээ бахархдаг юм. Аль ч шатны сургуульд хар ажлын хүн мэт шоовдор талдаа, хөдөлмөр бүтээлийнх нь үнэлэмж доогуур явдаг манай мэргэжлийнхэн эдүгээх зах зээлийн нийгэмд аж төрөхүйн аар саарт ажрахгүй явах амьдрах ухааны дөртэй хүн бэлтгэхэд хэл, математикийн багш нараас дутуугүй их үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэж боддог юм. Гэр ахуй, үйлчлэх хөдөлмөрийн багш болоход минь тэр үеийн Хан-Өндөр сумын хүн ардын аж төрөхүйн өндөр соёл надад их нөлөөлсөн. Еэвэн хийдэг айл, бурам хийдэг айл, загасны махаар борц хийдэг айл, загасны зөвхөн түрсээр нь гэхэд л сайхан хуурга /одоогийнхоор салат юм даа/ хийдэг айл хүртэл байсан, цагаан идээ сайхан авна, авдар сав урладаг уран мужаан гээд өөр аль ч суманд ховор хөгжил дэвшил тэнд байсан юм.
Нэг газар хоёр жилээс илүү суулгүй нүүж байсан болохоор нэг бодоход нэг их олон шавьтай, нөгөө талаар “Тэр минь, энэ минь” гэх тулсан гарын шавиар маруухан талдаа, нэг иймэрхүү л багш явна даа.
Хан Өндөрөөс гарсан аяны зам хөвөрч машины тэвшин дээр олон нүүдэлд аяншиж гандсан муу гэрээ ачин, голд нь шувууны үүр шиг хонхор засаж хэдэн бор хүүхдээ суулгаад л Улаанбаатар, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургууль, эргээд Улаанбаатар руу гээд мөн ч олон удаагийн нүүдлийн зам туулсан манайх. Яармагийн 41 дүгээр сургуулиас эхлээд Дэнжийн мянгын 39-р сургуулиар, дамжин Нийслэл хот дотор ч мөн нэлээдгүй буурь сэлгэн Найрамдлын район буюу одоогийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 68 дугаар сургууль дээр дөрөө мултлан жолоо юугаа эвхэн амсхийсэн юм. Тэгэхээр хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажилласан газар минь 1977 онд байгуулагдсан цагаасаа дүүрэг, нийслэлийн тэргүүний эгнээнд яваа 68 дугаар сургууль минь юм. Зуу дөхсөн энэ насны минь сүүлийн 48 жилд буюу бараг хагас зууны туршид намайг халуун ам бүлдээ багтаан ахмад багшаа хэмээн хүндэтгэж, хоймортоо залж тохой түшин золгож байдагт баярлаад баршгүй. Сургууль хамт олноосоо би үргэлж сайн мэдээ хүлээн авч бахархаж суудаг, тун саяхан манай хамт олноос анхны гавьяат багш төржээ, Монголын пионер, хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Б.Цогоо захиралд маань энэ эрхэм цолыг олгосон нь нүдээ олсон сайхан үйл явдал боллоо. Жирийн нэгэн ахмад багш миний өндөр насыг хүндэтгэж алдрыг минь тэмдэглэх гэж ажил дээрээ ажил удан бужигнаж байгаа А.Цогтбаатар захиралтай 68-дугаар сургуулийн ахмад залуу үеийн бүх багш нар, үе үеийн шавь нартаа аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөе.
С.УРТНАСАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Анхны Бага сургуулиуд 1912 онд Нийслэл Хүрэээнд байгуулагдсан юм шүү.