sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос Үндэсний олимпын хороо /ҮОХ/-дод хандан, Токиогийн олимпод оролцох тамирчдыг вакцинжуулах асуудлаар Засгийн газартайгаа хамтран ажиллаж, хэлэлцэж эхлэхийг уриалав.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах: “ОУОХ-ноос Токиогийн олимпод оролцох тамирчин, албаны хүмүүсийг Японд очихоосоо өмнө эх орондоо вакцинд хамрагдахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх талаар ҮОХ-дтой хамтран ажиллах болно. Энэ нь Токиогийн олимп аюул осолгүй явагдахад чухал хэрэгтэй. Мөн олимпын наадмын үеэр оролцогчдоос гадна ард түмнээ халдвараас хамгаалахаар ажиллаж байгаа япончуудын хөдөлмөрийг хүндлэх үүднээс хийж байгаа алхам” гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар зарим орны Засгийн газраас олимпын тамирчдаа вакцинд хамруулах шийдвэр гаргаад байгаа. Бусад улсад энэ талаар байдал ямар байгаа нь тодорхой бус байгаа учраас ОУОХ-ноос Үндэсний олимпын хороодыг 2 дугаар сарын эхэнд олимпын тамирчдын вакцинжуулалтын талаар тайлан тавихыг хүссэн байна. Харин тамирчдыг нийтээр нь заавал вакцинжуулалтад хамруулах албагүй гэдгийг онцлов. Вакцин хийлгэх хүсэлгүй тамирчдыг хүндэтгэн үзэх хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Томас Бах: "Токио 2020" наадам нь "хонгилын үзүүрт гэрэл" өгнө гэж үзэж байна. ОУОХ-ноос ийнхүү хойшлогдсон “Токио 2020” олимпын наадмын өмнө тамирчдыг “Ковид-19” халдварын эсрэг вакцин хийлгэхийг уриалсан ч ОУОХ тамирчдыг эмзэг бүлэг, эмнэлгийн сувилагч, эмч, нийгмийг аюулгүй байлгаж байгаа бүх хүмүүст вакцин тариулахаас илүү ач холбогдол өгөх ёсгүй гэж онцолж байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж:  Монцамэ агентлаг