сонин mn
Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 14-нд эхлэх хаврын тэмцээний банцүкэг зарлав. Энэ тэмцээний сонирхол татаж байгаа хамгийн гол зүйл нь манай сэкивакэ Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авч чадах уу гэдэг асуулт. Мөн Хакүхо, Какүрюү нар башёг дуустал барилдах ёстой. Тэрүнофүжи есөн даваа дутуу байгаа ч найдвартай болгохын тулд 10 давах шаардлагатай. Тэгвэл банцүкэгийн дараа Тэрүнофүжи онлайн хэвлэлийн хурал хийжээ.
 
 
 
Тэрбээр “Арай гэж озэки цолонд ойртлоо. Гэмтлээс эргэн ирэхдээ хоёр жилийн дотор озэки цолны төлөө дахин барилдана гэж төлөвлөсөн. Энэ тэмцээнд л цолоо буцаан авах зорилготой. Чадахгүй бол дахиад эхнээс нь эхлэх хэрэг гарна. Холбооноос барилдааны агуулгыг харах тул ухарч болохгүй урагш дайрна” гэжээ.
 
 
 
Хаврын тэмцээнд хоёр аваргаас гадна Тэрүнофүжи зүүний сэкивакэ болсон бол Кирибаяма маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн Тамаваши зүүний, Ичиножо баруун зургаад, Асашёорюү аваргын дүү Хоошёорюү барууны есдүгээрт, Чиёошома барууны 13-т жагсав. Тэгвэл жюүрёод барилдаж буй бөхчүүдээс Азүмарюү долоод, Миторюү есдүгээрт эрэмбэлэгджээ.
 
 
Б.Зул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин