sonin.mn
Бараг хоёр жил хаагдаж, дэлхий даяар хол хорионд нам гүмхэн байсан спортын ертөнц "Евро-2020"-иор амьсгалж байх цаг дор манай гарагийн улс үндэстнүүдийн анхаарал Их наран Улс, түүний нийслэл Токио хот руу татагдаж байна. Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон "Токио-2020" олимпын наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ.
1940 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Япон Улс авсан ч Хятадын халдан довтолж, дайны байдал үүссэн шалтгаанаар тус эрхийг Хельсинки хотод шилжүүлсэн хэдий ч дэлхийн II дайны улмаас энэ олимпын наадам цуцлагдсан юм. Япон Улс дайны дараа нийгэм, эдийн засгийн хөгжилдөө богино хугацаанд үсрэлттэй амжилт гарган, 1964 онд Токиод олимпын наадмыг хүлээн авч зохион байгуулсан нь Ази тивд явагдсан анхны олимп болж түүхэнд бичигдсэн билээ.
 
1964 оны Токиогийн олимпод 93 орны 5151 тамирчин оролцсоны дотор Монгол Улсаас эрэгтэй 17, эмэгтэй дөрвөн тамирчин жагссан байдаг. Зуны олимпын наадмын анхдагч тамирчдыг нэрлэвэл, буудлагаар Д.Ламжав, Т.Цэрэндондов, Т.Мягмаржав, гимнастикаар Г.Нямдаваа, Ц.Гүндэгмаа, Д.Туяа (хоёул эм), дугуйн төрөлд Л.Буудай, Ч.Саманд, Я.Баабар, П.Эрхэмжамц, хөнгөн атлетикт Д.Амарсанаа, Р.Алданыш, Д.Намжилмаа (хоёул эм), чөлөөт бөхөөр Б.Сүхбаатар, Ч.Дамдиншарав, Б.Санжаа, Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар юм. Манай тамирчдын анх оролцсон наадамдаа үзүүлсэн дээд амжилт гэвэл зээрэнцэг шидэлтээр Д.Намжилмаа 17 дугаар байрт бичигджээ.'
 
Сонирхуулан сийрүүлбэл, 1964 оны олимпод оролцсон тамирчид Улаанбаатараас галт тэргээр Улаан-Үд хотод очин, тэндээс Транссибирийн төмөр замаар гурван өдөр довтолгон Владивостокт бууж, унаагаа сэлгэн усан онгоцоор Япон хүрсэн замыг туулжээ. Хагас зуун жилийн өмнөх маршрут л даа. Хэдхэн хоногийн дараа олимпод өрсөлдөх манай тамирчид "МИАТ"-ын онгоц хөлөглөн өдөртөө л Токиод бууна шүү дээ. 56 жилийн дараа Токиод очиж буй Монголын шинэ үеийн, бүр шинэ зууны тамирчид танигдахгүй өөрчлөгдөж тив, дэлхийн спортын тавцанд төрийн дууллаа эгшиглүүлдэг, өндөр хөгжсөн спортын топ дөрвөн төрөлдөө тэсрэлт хийсэн нь түмний нүдэнд өртсөөр байгаа билээ.
Монголын тамирчид 12 удаагийн олимпын наадамд оролцохдоо (1984 оны олимпод улс төрийн шалтгаанаар оролцоогүй) 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль авчээ. 1972, 1976, 1988, 1996, 2004 оны олимпуудаас тус бүр нэг медаль авч байсан бол 1992, 2016 оны олимпоос 2, 1968, 1980 оны олимпоос 4, 2012 оны олимпоос 5 медаль авчээ. Манай тамирчдын медаль аваагүй цорын ганц олимп 2000 оных, энэ тохиолдол дахин давтагдахгүй биз ээ.
"Токио-2020" олимпын наадамд Монголын тамирчид байт харваа, буудлага, бокс, жудо, чөлөөт бөх, 3x3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, одон бөмбөг, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын 10 төрөлд 43 эрх аваад байгаа юм. 1980, 2016 оны олимпод манай улсаас 43 тамирчин оролцож байсан нь энэ удаагийн олимпод давтагдлаа. Дээрх хоёр олимпоос хамгийн олон буюу 4 болон 5 медаль авч байсан юм.
 
Өнөө жилийн олимп цар тахлын улмаас хойшлогдон жилийн дараа зохион байгуулагдаж байгаа, аюул хөнөөлт халдварын тархалтын хар гайгаар үзэгчид, хөгжөөн дэмжигчидгүй явагдаж олимпын тамирчдын тосгонд халдвар хамгааллын чанд дэглэм баримтална гээд халтай халгаатай онцлогууд ихтэй ч манай тамирчид таваас дээш медаль авах боломж хангалттай бий, гэхдээ боломжийг биелэл болгох бэрх гэдэг нь ойлгомжтой. "Токио-2020" олимпод манай тамирчид, спорт сонирхогч, спортоор хичээллэгч залуусын сэтгэлийг сэргээсэн онцгой үйл явдал тохиож буй нь 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын эрх авсан явдал юм. Түүхэндээ анх удаа Монголын залуу үеийн төлөөлөл багийн спортоор олимпод оролцож байна. Анхны бүхэн амжилт, алдаа хоёрыг дагуулдаг. 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг маань дэлхийн чансааг тэргүүлж байгаа нь медалийн тавцанд тийм ч хол биш гэдэг итгэл төрүүлээд л байгаа юм. 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг олимпын эрх олгох азийн тоглолтод 3 дугаар байрт шалгарсан ч Японы баг зохион байгуулагч орны давуу эрхээр байр урагшилж, манай баг дараагийн шатны хоёр ч тэмцээнд оролцоод эрх авч чадаагүй, уг нь хоёр баг оролцох боломж байсан уу гэвэл байсан, тэгэвч спорт гэдэг ийм өрсөлдөөнтэй бас хяслантай, үүнд л сонирхолтой нь байх.
Манай тамирчдын хувьд спортын ур чадвар, авьяас, бие бялдар, бэлтгэл, чансаагаар дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлд нэгэнт хүрсэн, маргах завсар, цоорхойгүй. Зөвхөн хоёр зүйлд л дасгалжуулагчид онцгой анхаарах учиртайг зориуд тэмдэглэе.
Энэ нь хариуцлага, сэтгэлзүй юм. 1988 оны олимпод оролцсон чөлөөт бөхийнхөн медаль аваагүй. Бээжингийн галт тэргээр гарсан тамирчид Улаанбаатарт дөхөхөд чөлөөтийнхөн "Замдаа сэмхэн буучихъя, өөдөөс өндөг шиднэ гэсэн яриа ч байна" гэж эмээцгээж байжээ. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр санаандгүй хэлээгүй дээрх үг медаль аваагүйдээ ичсэн, хариуцлагаа хүлээж буйн илрэл юм. Тэгтэл ердөө 4 жилийн дараа Барселоны олимпод А.Түмэннастыг дэвжээнд дуудаад гарч ирэлгүй өрсөлдөгч нь сул ялалт авч байсан гашуун тохиолдол ч гарсан, туйлын хариуцлагагүй байгаа биз. Гадуур хэсэж, товлосон цагаасаа хоцорсон тамирчнаар замын зардал төлүүлсэн ч гэл үү, хариуцлага тооцох яриа гараад л сураг алдарсан, гучаад жилийн өмнөх хэнэггүйттэл, өнөөдөр залуусын тэмүүлэл, сэтгэлгээ эрс өөрчлөгдсөн дөө. Дөрвөн олимп дараалан медаль хүртгэж байсан чөлөөт бөхийнхөн 1980 оноос хойш медаль авалгүй 40 жилийг үдэж байна. Риогийн олимпод Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдаж, сүүлийн оноогоор ялж явсан ч цаг дуусах мөчид торгуулиар ялагдсан, хоёр дасгалжуулагч нь гомдол гаргаж, шүүгчдийн өмнө хувцсаа тайчиж тун зохисгүй эсэргүүцэл илэрхийлж байсныг спорт сонирхогчид мартаагүй дээ. Бөх барилдах нь хоёр хүн бие биедээ хүрч байж сая оноо авдаг спорт. Гэтэл өрсөлдөгчөө тойрч санаатайгаар контактгүй удаан байх нь дүрмийн зөрчил. Тамирчид тухайн спортын төрлийнхөө дүрмийг “ном” шиг цээжилж, бурхны үнэнч шавь шиг ягштал дагаж мөрдөх ёстой. Олимп гэдэг үгийг энгийнээр хялбаршуулан ойлгуулах гэж орчуулбал тамирчдын хувьд дүрэм, хариуцлага гэсэн үг гэж мэдэрвэл тун зохилтой.
 
Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг төрж өссөн нутаг, газар орны байгалийн зохилдлогоо юм. Бүр энгийнээр дошин дээрээ ханхалзана гэвэл ойрхон сонсогдох биз. Нэг агуулгатай дээрх хоёр хоршоо үг тамирчдад нэн хамаатай. Олимп явагдах улс орны цаг агаарт дасан зохицох нь амжилт гаргахын нэг хөшүүрэг болдог. 1968 оны олимп Мексикт явагдахад манай тамирчдыг далайн түвшнээс эрс өндөр уур амьсгалд ойртуулан дулаан орчинд бэлтгэл хийлгэсэн байдаг. Бас нөөц тамирчдыг авч явжээ. Улсын арслан П.Дагвасүрэнгийн бие эвгүйрхэж, нөөц тамирчин улсын начин Т.Артаг барилдаж хүрэл медаль авчээ. Түүнд гардуулсан диплом дээр анх бичигдсэн үндсэн тамирчин П.Дагвасүрэнгийн нэр бичигджээ. 2008 оны олимп Бээжинд явагдахад Х.Баянмөнх аварга Сүхбаатар аймгийн наадамд барилдаж байна гэж бодоод л барилд гэж зөвлөсөн нь уг чанартаа цаг агаарын хувьд ойролцоо, хурдан дасна гэсэн санаа байв. 2016 оны олимпод оролцохоор хугацаа тулгаж тэнд очсон тамирчид өмнөд Америкийн цаг агаарт дасалгүй жин өгсөж, хасагдах зэрэг бэрхшээлтэй учирсан байдаг.
Токио хот манай тамирчдад цаг агаарын илт зөрүү байхгүй, цагалбарын бүс хоёр, гурваар зөрөөтэй, уртраг, өргөргийн нэг бүслүүрт харьяалагдах зэрэг эерэг талтай. Нөгөөтэйгөөр япончуудын бидний тухай ойлголт ойр дотно, сумо бөхөөр танигдсан, Токиод олон монгол ажиллаж амьдарч, суралцдаг нь нааштай хандлага мөн гэвэл мөн. Хэдийгээр тахлын хорио цээрийг нэлээд орны тамирчид цаг агаарт дасан зохицох гэж хоёр гурван сарын өмнөөс Токиод очиж байрласан нь бий.
 
Чөлөөт бөхийнхөн (эрэгтэй) олимпын гурван эрх авсан нь тун гаслантай. Олимпоос медаль авах үндсэн төрөл маань уг нь чөлөөт бөх шүү дээ. Манай чөлөөт бөх суларсан гэж өнгөц дүгнэж болохгүй. Харин чөлөөт бөх дэлхийд өндөр түвшинд жигд хөгжиж байна гэвэл үнэмшилтэй. Э.Бэрхбаяр (57 кг), Т.Тулга (65 кг) нар медальд хүрч болох тамирчид гэдгийг өрсөлдөгчид нь хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр бөхийн дунд нэг медаль байгаа. Манай эмэгтэй чөлөөт бөхчүүд зургаан эрх авсан нь эрчүүдийнхээс хоёр дахин олон тоо. Тэгэхлээр итгэл найдвар хоёр дахин илүү гэсэн үг. Олимпын хүрэл медальт С.Батцэцэг медалиа ихэрлүүлэх боломжтой, жингийнхээ бүх өрсөлдөгчидтэй барилдаж дийлэнхэд нь ялж байсан. Тун их туршлагатай О.Бурмаа ч зөвхөн медаль, медаль шүү дээ. Б.Болортуяа (53 кг), Х.Болортуяа (62 кг) ижил нэртэй энэ хоёр бөхийн барилдаан сүүлийн жилд өрсөлдөгчдөдөө шар ус хуруулах болсон. Б.Хонгорзул (50 кг), Н.Намуунцэцэг (50 кг) эдний дунд хоёр медаль байх нь итгэл, үүрэг бас хариуцлага болоод байна. Хамгийн олон буюу 12 эрх аваад байгаа жудочид медаль хүртэх нь зайлбаргүй. Монголын гэлтгүй энэ цаг үеийн дэлхийн шилдэг жудочдын нэг М.Уранцэцэг олимпын медаль авах мөч тун ойртож байна. Япон, Украйны жудочидтой хэрхэн барилдахаас медалийн өнгө нь шийдэгдэнэ.
 
Залуу жудоч П.Сосорбарам энэ оны дэлхийн аваргын тэмцээнд гурван ч ялалтыг авсан, энэ юу гэсэн үг вэ. Бусдад эвтэй бидэнд ээлтэй даруу бөхийн чансаа ахиж байна шүү дээ. Миний бодлоор 57 кг-ийн жинд Д.Сумъяа барилдах нь энэ удаад оноотой сонголт байсан болов уу.
 
2024 оны олимпыг санаж дараа үеийн залуу бөх сонгох байсныг эхний тойргийн барилдааны дараа л дасгалжуулагч нь мэдрэх буй за. Энэ удаад Б.Ганхайч (63 кг), О.Мөнхцэцэг (-73 кг) хоёр багийн барилдаанд л түшиг болох биз. М.Уранцэцэгийн авах медаль дээр эрэгтэй жудочид тоог нь ахиулна. Тэдний хувьд тойвтой яриа ч өрнөнө. Д.Амартүвшин (60 кг) энэ жингийн хүчтэй жудоч үдээс хойш шигшээд барилдаж мэдэх л юм. Спорт сонирхогчдын итгэлийн харц Ё.Басхүү (66 кг) дээр тусах боллоо. Дэлхийн аваргын хүрэл медальт тэрээр уг тэмцээнд түрүүлсэн Японы жудочтой хамгийн "ойрхон" эн тэнцүү барилдан цаг сунган байж ялагдал хүлээж харагдсан. Ц.Цогтбаатар (73 кг) медальд хүрч болох барилдаан үзүүлээд удаж байгаа, түүнд бэргэх өрсөлдөгч байхгүй, бэргүүлэх талдаа орчихсон манай жудочдын хувьд сугалаа хатуу таарлаа гэх жижүүрийн хамгаалалт үг ард хоцорсон. Харин манай жудочидтой таарсан бөхчүүд ингэж хэлдэг болсон доо. Өмнөх олимпод монгол тамирчин гадаад орны нэрийн өмнөөс барилдаж, бүр медаль хүртэж байсан бол энэ олимпод гадаадын жудоч манай орны нэр дээр барилдана. Аяганы хариу өдөртөө гэж ийм буюу. Иргэншлээ сольж, Монголын нэрийн өмнөөс барилдан хоёр ч томоохон тэмцээнээс медаль аваад байгаа Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Сайд Моллаей жиндээ медаль авах бөхийн нэг дээ.
 
Ганц дайчин ганцаардахгүй ээ гэж, Сайд Моллаей гадныхдахгүй манай бөх өө. Өнөө жилийн Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Нидерландын бөхөд ялагдсан Г.Алтанбагана жиндээ яах аргагүй яргаж, ургаж яваа залуухан ч, туршлагатай ч жудоч. Дэлхийн аваргын тэмцээнд оосроос нь атган алдаад хүнийх болсон медалиа Токиод зүүчих байх. Манай тамирчдын Токиогоос авах медалийн тал хувь нь жудочдод тохогдож байгаа юм. Токиогоос авах медалийн нэг нь боксчин Э.Цэндбаатарт нэрлэгдэж байна, эргэлзээгүй. Хорь хүрээгүй насандаа Роигийн олимпод 5 дугаар байрт шалгарч байсан Э.Цэндбаатар (63 кг) сүүлийн дөрвөн жилд тив, дэлхийн дэвжээнээс медаль авсан туршлага арвин, цог золбоотой ид бадарч байгаа нь Токиогийн рингд тод гэрэлтэх нь тодорхой. Цэргийн дэлхийн аварга, боксчин Б.Чинзориг жиндээ халгаатай, өрсөлдөгчид нь халирдаг л юм билээ. Буудлагын тамирчид ч үлдээж, орхиж боломгүй тааврын эзэд. О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү, О.Есүгэн дөрвийн дунд нэг медаль бий ч юм бил үү, хэн мэдлээ. "Токио-2020" олимпын наадмын “монголчуудын” медалийн өнгө, тоо нэг иймэрхүү байдлаар дүрслэгдэнэ, харагдана. Манай тамирчид дэлхийн зиндаанд бэлтгэгдсэн, тиймээс медалийн тавцанд хэд, хэд ч гарах нь тов тодорхой. Жудочид л гэхэд Монголын жудогийн “школь” хүртлээ хичээллэсэн, сургагдсан шүү дээ. Боксчид ч мөн ялгаагүй, дэлхийн тавцанд Кубын боксын сургалт байдаг бол бусдаас ялгаран Монголын боксын сургалт ч бий болсон. Токиод манай тамирчид 5-аас дээш медаль хүртэх “Цаг агаарын” урьдчилсан мэдээг ийн сонордуулав.
 
Сэтгүүлч П.Батнайрамдал
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин