sonin.mn
“Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй-Хамтдаа” уриан дор болох зуны спортын XXXII наадам өнөөдөр орой 19:00 цагт нээлтээ хийнэ. Коронавирусийн цар тахлын хүнд нөхцөлд болж буйгаараа онцлогтой тус наадамд оролцогчдоос халдвар илэрсээр л байна. Гэвч зохион байгуулагчид бүх чадлаа дайчлан олимпоо амжилттай явуулахын төлөө зүтгэж байгаагаа мэдэгдсэн. Эцсийн мөчид нөхцөл байдал улам хүндэрвэл зогсоож ч магадгүйг бас дурдаад амжсан. Яаж ч эргэж мэдэхээр нөхцөл байдалд дунд болж байгаа олимпыг дэлхий дахинд мартахгүй биз. Ямартай ч олимпын тэмцээн эхэлсэн, нээлтэд оролцох хүндэт зочдын 60 хувь нь Токиод газардсан. Олимпод оролцохгүй болсон улс нэгээр нэмэгдэж, тамирчид эхнээсээ хохирч, тамирчид, зохион байгуулагчдаас илэрсэн халдварын тоо 90 давжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тамирчдаас халдвар илэрч, зарим нь оролцож чадахгүйд хүрсэн. Харин манай шигшээ багийн хувьд одоогоор ийм асуудалд ороогүй бөгөөд уржигдар очсон баг тамирчид шалгалтаа амжилттай давсан сайхан мэдээтэй байна.
Хоёр хоногийн өмнө “Нарита”-д газардсан манай 70 гаруй хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд тэд Токиод очихоос 72 цагийн өмнө хоёр ч удаа шинжилгээнд хамрагджээ. Энэ бүхнийг онцлон дэлгэрэнгүйгээр хүргэе.
 
Монголчууд зуны спортын 14дэх наадамдаа оролцох гэж байна. Өчигдөр бид олимпын анхны аваргаа өлгийдсөн жүдогийн тамирчид олимпод хэрхэн оролцож байсныг мэдээлсэн. Тэгвэл энэ удаа чөлөөт бөхийн мэдээллийг хүргэе. 1964 оны Токиогийн олимпоос Монголын чөлөөт бөхийн тамирчид олимпын наадамд оролцсон түүхтэй. Анхны олимпоосоо медаль хүртэж чадаагүй ч хамгийн өндөр амжилтыг дархан аварга Ж.Мөнхбат үзүүлсэн бөгөөд шагналт VII байр эзэлж байв. Монголчуудын оролцсон анхдугаар олимпод чөлөөтийнхөн наймуулаа очиж байлаа. Харин 1968 оны олимпоос манай улсын шигшээ баг анхны медалиа хүртсэн бөгөөд ингэхдээ нэг мөнгө, гурван хүрэл медальтай эх орондоо ирсэн юм. Дархан аварга Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медалиар энгэрээ мялааж, Монголын чөлөөт бөхийн хөгжлийг дэлхийд тунхагласан түүхтэй. Чөлөөт бөхийн тамирчид 1968-1980 он хүртэл нийт найман медаль зүүжээ. Ингэхдээ дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.
 
 
 
2012 оны Лондоны олимпод хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалиар энгэрээ мялаасан нь Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын анхны медаль болсон юм. Түүгээр зогсохгүй 32 жилийн дараа чөлөөтийнхний тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн, гавьяатай. Харин эрэгтэйчүүд 1980 оны Москвагийн олимпоос хойш нэг ч медаль хүртэж чадаагүй хар цувралтай.
 
 
 
Тэгвэл үүнийг Токиод зогсоож чадах уу гэдгийг чөлөөт бөх сонирхогчид харж буй. Зуны спортын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээн ирэх сарын 1-нд эхлэх хуваарьтай бөгөөд эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Т.Тулга, М.Лхагвагэрэл нар хүч үзнэ. Монголын чөлөөт бөхийнхөн зуны олимпын наадамд давхардсан тоогоор 76 тамирчнаа илгээж байсан нь хамгийн олон тоо юм. Токиод эрэгтэй гурваас гадна эмэгтэй зургаан тамирчин оролцоно. Нэг онцлог нь эмэгтэйчүүд Монголын түүхэнд анх удаа бүтэн багаараа олимпод өрсөлдөх гэж байна. Олимпод чөлөөт бөхөөс нийт есөн тамирчин зодоглохоос зургаа нь анх удаа, гурав нь 2-3 дахь олимпдоо хүч үзнэ. Тодруулбал, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 2012, 2016 онд, гавьяат тамирчин О.Бурмаа 2004, 2012, Э.Бэхбаяр 2016 онд эх орноо төлөөлөн олимпын дэвжээнд барилдаж байв.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин