сонин mn
9-р сарын 17-нд Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпийн уриаг албан ёсоор зарлалаа.
 
Тодруулбал айсуй олимп “Ирээдүйн зүг хамтдаа” буюу “Together for a Shared Future”  гэсэн уриан дор болохоор болжээ. БНХАУ-ын тал үүнийгээ: "Олимпизмын үзэл санааны дагуу хүн төрөлхтөнтэй хамт урагшилж, харилцан туслалцан, сайн сайхан ирээдүйгээ хамтран цогцлооё гэсэн Хятадын 1.4 тэрбум ард түмний хүлээлт, дэлхий дахинд тавьсан чин сэтгэлийн урилга" гэж тайлбарласан байна.
 
Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах болсон зорилгоо бүрэн илэрхийлэхийн тулд Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хороо 2020 оны 5-р сараас холбогдох байгууллагууд болон мэргэжилтнүүдийн олон мянган саналыг авч, мөн олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороотой зөвшилцсөний  дүнд  “Ирээдүйн зүг хамтдаа” -г сонгон, Бээжингийн өвлийн олимп, Паралимпийн уриа болгохоор шийдвэрлэжээ.
 
Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй өнөөгийн нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн олимпийн уриа нь төвлөрөх, хуваалцах ба ирээдүйн төлөө зүтгэх дуу хоолойг ийн дамжуулж буй гэнэ. 
БНХАУ-ын тал уриагаа задалж тайлбарлахдаа: "“Хамтдаа” гэдэг нь хүн төрөлхтөн бэрхшээлийг даван туулж, ирээдүйгээ цогцлоох амжилттай замналыг тодорхойлсон. “Ирээдүйн зүг” гэдэг нь сайн сайхан маргаашийн тухай хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, итгэл найдварийг бэлгэдэж байна. “Ирээдүйн зүг хамтдаа” гэдэг нь байр суурь, санаачилга төдийгүй үйл ажиллагааны төсөл юм. Товчхондоо бол сайн сайхан ирээдүйн төлөө хамтран тэмцэх дэлхий нийтийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн юм." гэсэн байна.
 
С.Сарнай