sonin.mn
Монголын крикетийн холбоо (МКХ) нь 2007 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 оноос нийслэл, аймгуудын Биеийн тамир спортын газруудтай хамтран ЕБС болон их, дээд сургуулиудыг түшиглэн сургалт, хөтөлбөр зохион байгуулж байна. Тус холбооны хүсэлтийг Олон улсын крикетийн холбоо (International Cricket Council) хүлээн авч 2021 онд гишүүнээр элсүүлсэн нь манай хүүхэд, залуучуудын авьяас чадварыг ирээдүйд тив, дэлхийд таниулах боломж нээгдсэн юм. Өдгөө МКХ-оос хэрэгжүүлсэн сургалт, хөтөлбөрт 2000 гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна. Холбооны зүгээс крикетийн спортод хүүхдийн нас, хүйс, тусгай хэрэгцээ, нийгмийн гарал үүслээс үл хамааран тэгш хүртээмжтэйгээр хамруулах, багийн спортоор дамжуулан тэдний хамтач байдлыг төлөвшүүлэхийг зорилго болгон ажилладаг. Үүний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг крикетийн спортод хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулдаг билээ.
 
 
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан крикетийн томоохон тэмцээнүүд болох Насанд хүрэгчдийн Үндэсний лиг, Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулах боломжгүй байгаа ч залуу тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх,  дэмжих үүднээс 2 дахь жилдээ One Day Series крикетийн тэмцээнийг 2021 оны  9-р сарын 5, 12, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тоглолтын онцлог нь баг тус бүр “50 Over” буюу 300 хүртлэх бөмбөгийн шидэлт гүйцэтгэж бүтэн өдрийн турш өрсөлддөг. Энэ жилийн тэмцээнийг Кристина Ноблийн Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулсан юм.
 
Тэмцээний шувтаргын тоглолтыг үзэж сонирхохоор БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Паратап Синх, АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески, ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон, Австрали Улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Нил Сандерсон нар хүрэлцэн ирсэн. Хаалтын арга хэмжээний үеэр эрхэмсэг ноён элчин сайдууд залуу тамирчдад спортын өндөр амжилтыг хүсч, тэдэнд урмын сайхан үг хайрлаж, шилдэг тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм.
 
 
Тэмцээний онцлог, ач холбогдлын талаар Монголын Крикетын Холбооны ерөнхийлөгч Г.Баттулга “Манай холбоо нь Кристина Ноблийн Хүүхдийн Сантай 2016 оноос хойш 5 дахь жилдээ хамтран ажиллаж  байна. Бид зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдгээс тус сантай хамгийн урт хугацаанд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн тэмцээнд 20-оос доош насны шигшмэл тамирчдаас бүрдсэн 2 баг өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн цаашид олон улсын тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгах томоохон сорилго боллоо” гэж дүгнэв.