сонин mn
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, эрүүл чийрэг, эрч хүчтэй бие хүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Явган алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамирын цуврал арга хэмжээг зохион байгууллаа.
 
 
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны бодлого, үйл ажиллагааны дэмжлэгээр Монголын явган алхалтын холбоо (MWA) хамтран зохион байгуулж байгаа аж. Эхний аяллаа тэд Богдхан уулын Дугуй цагаан, Баянзүрх уулын чиглэлд хийсэн бөгөөд арга хэмжээнд оролцсон алхагчдын хувьд төрөл бүрийн ажил мэргэжилтэй, харилцан адилгүй ур чадвартай, насны хувьд ялгаатай 80 настай ахмадаас эхлэн залуучууд, найман настай багачууд, мэргэжлийн тамирчдаас гадна анхлан алхагчид хүртэл нэгджээ.
 
 
Явган алхалт нь нас хүйс, ажил мэргэжил, тусгай тоног хэрэгсэл, ур чадвар үл хамааран нэгдэж болдог хамгийн түгээмэл спорт бөгөөд хүний биеийн булчингийн 93 хувийг ажиллуулж чаддаг ихээхэн үр дүнтэй нийтийн биеийн тамирын арга хэрэгсэл болдогоороо давуу талтай.
 
 
 
2021 оны арван хоёр дугаар сарын 25. -36 хэмийн тэсхим хүйтэн өглөө угтлаа. Богдхан уулын Зайсангийн амнаас Дугуй цагааны чиглэлд нийт 8.2 км-ийн тогтоосон маршрутын дагуу явган алхалт хийв. Ойрын өдрүүдэд ингэж хүйтрээгүй тул алхагчдын хувьд эр зориг, тэсвэр тэвчээр зааж болзсон газартаа тогтсон цагтаа цуглацгаав. Нийт алхагчдыг аяллын жинхэнэ амтыг мэдрүүлсэн хээрийн чанасан кофе (Walking Baristas), халуун чацаргана, жимсний цайгаар дайлж, явган алхалтын зөвлөмж, танилцуулга түгээж, олон төрлийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулснаар бие нь дулаацаж, сэтгэл нь ч хөдөлсөн харагдана лээ.
Багийн алхалтын дэг ёсоор алхалтын удирдамж, зааварчилгаа авч, бие халаалтын дасгалаа хийж, арга хэмжээний зорилго, ач холбогдлыг нийт оролцогчдодоо танилцуулж дууссаны дараа алхалтын удирдагчийн шүглийн дохиогоор алхалтаа эхлүүллээ.
 
 
Ингээд "Амжилтын сертификат", "Алхалт үнэ цэнийг бүтээнэ" арга хэмжээний эмблем, алхагчийн пасспорт зэргийг гардуулснаар энэ өдрийн арга хэмжээ өндөрлөсөн юм. 2022 оны нэгдүгээр сарын 1. “Явган алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамирын арга хэмжээний дараагийн хөтөлбөрөөр явган алхагчид Улаанбаатар хотын наран ургах зүгт байрлах Баянзүрх хайрханыг зорьсон юм.
Баянзүрх хайрханы оргилоос 2 км зайд автобуснуудаа орхиж алхалтын удирдагч, чиглүүлэгчдээс аюулгүйн санамж, зааварчилгаа аван, биеэ халааж дасгал хийж, нийт алхагчдын тоог бүртгэснээр алхалт эхэллээ.
 
 
Алхагчдын бүрэлдэхүүнд туршлагатай алхагчдаас гадна туршлага багатай шинэхэн алхагчид, ахмад настнууд ч байсан тул зарим талаар магадгүй шинэ оны анхны сорилт болж, түнэр харанхуйд алхаж сэтгэлийг хатыг шалгав. Гэлээ ч шинэ оноо эрч хүч, бэрхшээлийг туулах хүч, цэвэр тунгалаг агаар, үзэсгэлэнтэй мандах нар, урт холын замд цугтаа алхах хүмүүстэй хамт эхлүүлж байгаадаа баяртай байлаа.
 
 
Энэхүү арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, БТБХХ-ийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн, гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн болон Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, Г.Алтансүх, Д.Болорцэцэг, Ц.Энхчимэг, А.Сүхтулга болон холбооны удирдлагын багийн гишүүд хамтран оролцов.
 
 
“Цаашид Улаанбаатар хот орчимд болон Монгол Улсын хэмжээнд энэхүү арга хэмжээгээ шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж зохион байгуулагчид онцлов.