sonin.mn
БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоноос Париан сууринд үүрэг гүйцэтгэж буй хошууч Ц.Баатарсүрэн захирагчтай мотобуудлагын ротын авьяаслаг залуучууд “Хувилай” баазын бүрэлдэхүүнд урлагийн тоглолтоо үзүүлэв.
       
Энэхүү урлагийн тоглолт нь дөрвөн хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэг нь эх орны сэдэвт, хоёрдугаар хэсэг нь эрчүүдэд, дараагийн хэсэг нь эмэгтэйчүүдэд, дөрөв дэх хэсэг нь энхийг сахиулагч нарт зориулагдсанаараа онцлог байв.
 
Мөн хошууч Ц.Баатарсүрэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг сурталчлах ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээний нэгдүгээр байранд тэргүүн байрт нэгдүгээр мотобуудлагын ротын ахлагч Б.Жамсранжав ахлагчтай баг, дэд байрт хоёрдугаар мотобуудлагын ротын дэд ахлагч Н.Отгонбаатар ахлагчтай баг, удаах байрт ХТР-ын дэслэгч Э.Энхтөр ахлагчтай багууд шалгарлаа.
 
Энэ үеэр мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат “Алслагдсан газар оронд бие даан үүрэг гүйцэтгэж буй 2 дугаар мотобуудлагын ротын хамт олондоо нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс баяр хүргэе. Та бүхэн үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ нэгэн өдрийг урлаг, спортоор хөглөж, хамтдаа өнгөрөөн урлагийн сайхан тоглолтыг толилуулсан нь сэтгэлд хоногшсон бахдам ажил боллоо. Та бүхнийхээ энхийн үйлст өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээв.
 
 
Ахлах дэслэгч Ц.БАДАМСҮРЭН