sonin.mn

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 20 /DW/. Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаас (Brexit) хойш таван жил өнгөрсний дараа хоёр тал олон талт харилцааны шинэ үндэс суурийг тавихаар тохиролцлоо. Лондон хотноо даваа гарагт болсон дээд хэмжээний уулзалтад оролцогчид аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, загас агнуурын зэрэг хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай Их Британийн засгийн газар мэдэгджээ.


Их Британийн компаниуд ЕХ-ны батлан хамгаалахын бүтээгдэхүүний худалдан авалтад оролцоно


Их Британи, ЕХ-ны харилцааг шинэ шатанд гаргах гол салбарууд нь аюулгүй байдал, худалдаа байх болно. Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай хэлэлцээр байгуулснаар Их Британийн цэргийн үйлдвэрүүд ЕХ-ны улс орнуудын байгуулах гэж буй 150 тэрбум еврогийн санхүүжилттэй “Европын аюулгүй байдлын үйл ажиллагаа” (Security Action for Europe, SAFE) сангаар дамжуулан худалдах, худалдан авах ажиллагаанд оролцох боломжтой болж байна. Энэ санг байгуулах талаар Европын улс орнууд тавдугаар сарын 19-нд зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр “BAE Systems”, “Rolls Royce”, “Babcock” зэрэг Их Британийн компаниуд SAFE хөтөлбөрт оролцох боломжтой.


Түүнээс гадна батлан хамгаалахын энэхүү хэлэлцээрт кибер аюулгүй байдлыг сайжруулах, чухал дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах, далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн гибрид дайнтай тэмцэх арга хэмжээнүүдийн тусгажээ. 


Талууд мөн Их Британи улс Европын эрчим хүчний нэгдсэн зах зээлд эргэн нэгдэх, уг салбарт ЕХ-ны дүрэм журмыг дагаж мөрдөхөөр тохиролцов. Түүнчлэн Их Британийн тал 2026 он хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй загас агнуурын гэрээний хугацаа дуусмагц ЕХ-ны орнуудын загасчдад дахин 12 жилийн хугацаанд загас агнахыг зөвшөөрөх ажээ. Үүний хариуд ЕХ Их Британийн хүнсний бүтээгдэхүүний импортод тавьдаг хүнд суртлын саад тотгорыг арилгана. 


Европын Холбоо ба Их Британий харилцааны “түүхэн мөч”


Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен ЕХ, Их Британий харилцаа дахин сэргэж буйг “түүхэн цаг мөч”, эрсдлээр дүүрэн цаг үеийн чухал бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлжээ. “Бид өвөрмөц харилцаандаа шинэ хуудсыг нээж байна” гэж тэрбээр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа хэлжээ. Түүний хэлснээр, энэхүү үйл явдал нь олон жил тулгарч ирсэн “асар том аюул”-ын өмнө Европын эв нэгдлийг бэхжүүлж байгааг илтгэж байна. “Бид бол хөршүүд, холбоотнууд, түншүүд мөн анд найзууд” гэж Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта онцлов.


Мөн тэрбээр мөн 2020 оны нэгдүгээр сарын 31-нд Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаа болсон Их Британи, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг цаашдаа жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэснийг мэдэгджээ.


ЕХ-той байгуулсан шинэ хэлэлцээрүүд нь Их Британийн эдийн засагт 2040 он хүртэл 9 тэрбум фунт стерлингийн өгөөж авчирна гэдэгт найдаж байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер илэрхийлээд, харилцаагаа сэргээж, дахин эхлүүлэх нь хоёр талын аль алинд нь ашигтай гэж мэдэгдсэн байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг